Д.Дамба: Нүүрсний салбар уналттай байгаа энэ үед төр засгийн дэмжлэг хэрэгтэй
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.
-Он гарсаар нүүрсний үнэ буурсаар байна. Үүнийг дагаж тухайн салбарын компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж байгаа тухай байнга мэдээлж байна. Ер нь нүүрс гэлтгүй бусад эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ч уналтай байх шиг байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ он гарсаар ээлж дараалан унасаар ирлээ. Хамгийн сүүлд алтны үнэ ханш унаж эхэлсэн ч сүүлийн хоёр хоногийн мэдээллээс харахад эргээд сэргэх хандлага ажиглагдаж байна. Зэс 6700-7000 долларын үнэтэй байна. Баяжмал нь арай өндөр үнэтэй байгаа.
Харин цайр 100-200 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр эрдэс бүтээгдэхүүний дундаас нүүрсний үнэ хамгийн их бууралттай байна. Энэ нь дэлхийн зах зээлийн хямрал, тэр дундаа Европын эдийн засгийн хямралтай холбоотой.
Өөрөөр хэлбэл, Европ руу Хятадаас авдаг төмөрлөгийн эрэлт хэрэгцээ багасч, үүнтэй холбоотойгоор Хятадын гангийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээ нь буурсан. Улмаар манайхаас нийлүүлдэг сайн чанарын коксжих нүүрсний хэрэглээ эрс буурсан. Зах зээлийн жамаар хэрэглээ буурахаар үнэ дагаад унаж байна.
-Нүүрсний салбар цаашид сэргэх төлөв, таамаг байна уу?
-Нүүрсний зах зээлийг эргээд сэргээх найдвар бий. Хятадын Засгийн газар гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, нүүрсний дотоодын хэрэгцээгээ өсгөх тал дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Гэсэн ч эрс өсөх хандлага ажиглагдахгүй байгаа юм. Оны эцсээр бага зэрэг сэргэх болов уу гэсэн таамаг байна.
Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт хэд дахин багассан. Хятад улсын авдаг нүүрсний импорт ойролцоогоор нэг дахин багассан байна. Өмнөх жилийн эхний хагаст гаргасан нүүрсний хэмжээг энэ оныхтой харьцуулахад хамаагүй бага.
Энэ нь эргээд Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Нүүрсний экспортын орлогоос улсын төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг учраас улсын нэгдсэн төсвийн орлого тасалдах хандлага бий. Мөн нүүрс экспортолдог компаниудын үйл ажиллагаа зогсоход хүрсэн нь хамгийн аюултай.
Хятадын зах зээл дээр манай нүүрсийг авч байгаа үнэ, уурхайн амнаас олборлож гаргаж өртөгтэй адил буюу түүнээс багаар авах сонирхол бий болсон учраас компаниуд аргагүйн эрхэнд үйл ажиллагаагаа зогсоож байна.
-Дэлхийн зээл хямралтай байгаа энэ үед эдийн засагтаа хүндрэл учруулахгүйгээр яаж ажиллах хэрэгтэй юм бэ?
Төр засгийн зүгээс уул уурхайн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа компаниудаа дэмжиж ажиллах хэрэгтэй. Ялангуяа нүүрсний эдийн засгийн урамшууллын бодлогыг явуулах шаардлагатай байна. Оны эхэнд нүүрс, төмрийн хүдэр дээр экспортын татвар ногдуулах талаар ярилцаж байсан ч одоо ярих боломжгүй боллоо.
Нүүрсний эдийн засгийн урамшууллын бодлогыг явуулах шаардлагатай байна.
Учир нь, экспорт маш сул байна. Цаашид нүүрсний тээвэр болон бусад зардлыг багасгаж, өртөг зардлыг аль болох бууруулах чиглэлээр компаниуд анхаарч ажиллах хэрэгтэй. Үүнд төр засгийн зүгээс анхаарал тавих хэрэгтэй. Тухайлбал, төмөр замын тээврийн асуудлыг яаралтай шийдэж өгмөөр байна.
Хамгийн их өртөгтэй авто замаар нүүрс зөөж, Тавантолгойгоос ачсан нүүрсийг хилээс 30 км-ын наана Цагаан хад гэдэг газар буулган дахин шилжүүлж ачих зэрэг илүү зардал гаргадаг явдлыг зогсоох шаардлагатай. Засгийн газар энэ асуудлыг олж харсан юм шиг байна лээ.
Цагаан хадны нүүрс борлуулах цэгийг татан буулгах тухай асуудал яригдаж байгаа. Гаалийн бүрдүүлэлтийн цэгийг Тавантолгойг түшиглэн байгуулах тухай ярьж байсан. Нөгөөтэйгүүр, өртөг зардалд хамгийн их нөлөөлдөг нэг зүйл бол тээврийн түлш шатахууны асуудал.
Шатахууны үнийг бууруулж эсвэл цахилгаан эрчим хүч ашиглаж олборлолт явуулдаг техник технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ мэт дэд бүтцийн асуудалд төр болон хувийн хэвшлүүд анхаарч ажиллавал өртөг зардлаа бууруулж, нүүрсний салбарт тулгамдсан бэрхшээлийг даван туулахад нэмэр болно.
-Хятадын талтай үнэ тарифын хувьд заавал тохирох шаардлагатай юу?
-Хятадын талтай Засгийн газрын зүгээс тохирох ёстой нэг том асуудал бий. Хятадын нугаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх асуудал. Үүнд үнэ тариф багтана. Төмөр замын ачааллыг зохицуулж монголд тодорхой хэмжээний квот тогтоох асуудал. Манай улс бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах боломж бүрэн байна.
Нүүрсний чанараараа дэлхийд дээгүүр ордог. Тиймээс Хятадын нутгаар дамжин Тяньжин боомт дээр хүргэж Солонгос, Япон зэрэг гуравдагч зах зээл рүү борлуулах боломж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлаар Хятадын талтай төр зас- гийн зүгээс томоохон яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Одоогоор огт хийгдэхгүй байгаад л байна.
-Гуравдагч зах зээлд нүүрсээ экспортлох зам тээврийн асуудлыг шийдчихвэл дэлхийн зах зээлд гарсан үнийн савалгаанд тийм ч их цочрохгүй болох байх. Нэг ёсондоо аюулаас сэргийлэх хамгаалалт болох юм байна. Тийм үү?
-Тийм. Мөн бүтээгдэхүүн борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх нэг боломж. Ганцхан хэрэглэгч, харилцагчтай байхын аюул одоо л нүүрлээд байна.
-Энэ жилийн хувьд нүүрснээс олох орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй нь бололтой. Тэгэхээ үүнийгээ бусад эрдэс бүтээгдэхүүний экспортын орлогоос нөхөх боломжтой гэж Уул уурхайн яам мэдээлэл хийхдээ хэлж байсан. Ийм боломж ер нь хэр байна вэ?
-Боломж байгаа. Харамсалтай нь энэ боломжоо ашиглахгүй улстөржүүлээд байна. Оюутолгой компани нэгдүгээр сараас зэсийн баяжмалаа аль хэдийнэ үйлдвэрлээд эхэлсэн. Энэ хугацаанд нэлээд хэмжээний зэсийн баяжмалыг үйлдвэрлэсэн нь ойлгомжтой. Тэр бүтээгдэхүүнийг экспортод гаргах хэрэгтэй байна. Оюутолгойн зэсийн баяжмалын экспортын хугацаа хоёр ч удаа хойшиллоо.
Энэ нь нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуультай, нөгөөтэйгүүр Оюутолгой компани, Уул уурхайн яам хоорондоо ойлголцолд хүрэхгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Энэ асуудлыг аль аль талдаа анхаарч, зохицуулж бүтээгдэхүүнээ хурдан экспортод гаргах хэрэгтэй байна. Уг нь Оюутолгой бүтээгдэхүүнээ экспортод гаргахад Ерөнхийлөгчийн сонгууль огт хамаагүй байгаа юм.
Хямралын үед татварын бодлого, үнэ ханш нь хатуу, дээр нь өртгийг нь буулгах ямар ч боломж бололцоо үзүүлэхгүй байвал Монголын нүүрсийг дэлхийн зах зээл дээр борлуулах асуудалд хүндрэл учирна.
Гэвч үүнийг хамаатуулж, улстөржүүлж байгаа нь маш буруу, Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортод хэдий чинээ хурдан гаргана тэр хэрээр улсын төсвийн орлогыг нөхөхөд нэмэр болно. Ер ньӨмнөговьд үйл ажиллагаагаа явуулдаг олонх нүүрсний уурхай үйл ажиллагаагаа зогсоосон байгаа.
Үүнтэй холбоотойгоор олон зуун ажилчин ажилгүй болох хандлагатай байна. Өнгөрсөн жилээс хойш маш олон компани ажилчдын тоогоо цөөлж, шинээр хүн нэмж аваагүй. Зарим компани уурхайгаа зогсоож, ажилчдадаа сул зогсолтын мөнгө өгч байна. Цаашид компаниуд байнга сул зогсолтын мөнгө олгож чадахгүй болно.
Тэгэхээр улсын төсвийн орлого тасалдахаас гадна ард түмний амьдрал доройтох магадлал өндөр байна. Тэгэхээр нүүрсний уурхайн ажлыг улам сайжруулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх үүднээс хувийн болон төрийн байгууллагууд хамтарч зөв ажиллах хэрэгтэй.
-“МАК”, “Энержи ресурс” зэрэг нүүрсний томоохон компаниуд экспортоо бүрэн зогсоосон гэх мэдээллүүд гарч байна. Хамгийн гол нь Хятадаас тавьж буй нүүрсний үнийн санал уурхайн аман дээрх өртгөөс ч доогуур байгаа учраас үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа гэсэн. Үнийг төрийн зүгээс зохицуулах боломжтой юу?
-Төр зохицуулах боломжтой шүү дээ. Нүүрс экспортлох тодорхой журам гаргаж, түүнийгээ батлуулж мөрдөж ажиллаж болно. Тухайлбал, бүх уурхай ямар ч нөхцөлд нүүрсээ Монгол Улсын хил дээр зардаг байх журам гаргавал бүгд түүнийг дагана. Одоогоор тийм журам байхгүй учраас зарим нь уурхайн ам, өөр хэсэг нь Цагаан хад, хил, Тьянжин боомтод хүргэж зарах асуудал ярьж байна.
Ийм олон газар нүүрс борлуулах нь өөрөө замбараагүй байдлыг үүсгэдэг. Нүүрсний жишиг үнийг өндрөөр тооцож, компаниудаасаа өндөр татвар авах хандлага нэлээд байна. Ер нь нүүрсний салбар ингэж “ядарч” байгаа үед нь төрөөс татварын бодлого дээр хөнгөлөлт үзүүлж, жишиг үнийг багаар тогтоох боломж бололцоог олгох хэрэгтэй.
Энэ боломжуудыг олгоод эхэлбэл компаниуд урамшина, эдийн засгийн байдал нь ч сайжирна. Хямралын үед татварын бодлого, үнэ ханш нь хатуу, дээр нь өртгийг нь буулгах ямар ч боломж бололцоо үзүүлэхгүй байвал Монголын нүүрсийг дэлхийн зах зээл дээр борлуулах асуудалд хүндрэл учирна. Үүнийг дагаж эдийн засаг доройтно.
-Алт, зэсийн экспортоос олох орлогыг төлөвлөсөн байгаа. Энэ жилийн хувьд төлөвлөсөн орлогоо олох боломж хэр байна вэ?
-Ер нь хэцүүхэн байгаа. Оюутолгой л үүнийг нөхөх ганц боломж. Урт нэртэй хууль нэрээр хамаг алтны уурхайнхаа үйл ажиллагааг зогсоосон. Нөгөөдүүл нь ил далдаар ухсан байдалтай байна. Тэгэхээр нэгмөсөн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нөөц нь дуусч байгаа компаниудад өндөр шаардлага тавьж үргэлжлүүлэн ажиллуулж төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
-Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт буурсан талаар өнгөрсөн өвлөөс эхлэн яригдаж ирсэн. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын орчин хэр сайжирч байна вэ?
-Огт сайжраагүй, хэвээрээ байна. Хүлээлтийн байдал үргэлжилсээр байгаа юм. Энэ байдал удаан үргэлжилнэ гэдэг нь бизнест маш хортой. Бизнест хортой гэдэг нь гадаадын хөрөнгө оруулагч нар зугтаана гэсэн үг. Монгол Улсын уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэзээ тогтвортой болохыг хүлээгээд зүгээр суух бизнесмэн байхгүй.
Тиймээс хөрөнгөө оруулах боломжтой өөр газар руу явж байна. Зарим хүн гаднын хөрөнгө оруулагчид яваагүй, харин нэмэгдэж байна гэж ярьж байна. Тэд үнэхээр бодит байдлыг мэдэхгүй байгаа болохоор тэгж ярьж байгаа юм. Дэлхийн уул уурхайн салбарыг судалдаг Америкийн томоохон компанийн хийсэн судалгаагаар хөрөнгө оруулагч Мьянмар, Мозанбек руу явж байгааг нотолсон.
Тэгэхээр манай улс яаралтай Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж, эрдэс баялгийн талаарх төрөөс баримтлах бодлогоо батлах, Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтухай хуулиа өөрчлөх хэрэгцээ шаардлага байна.
Мөн стратегид оруулна гэх төрийн нийгэмчлэх ажиллагааг түр хойш нь тавьж, хувийн хэвшлийнхэнд зах зээлийн зарчмаар явах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл хөгжил арай л хурдан явна. Эдгээр зүйл дутагдаж байгаа учраас энэ салбар улам л хэцүү байдалд байна.