Д.Батцогт: Ажил, амралт аль алийг нь зохицуулж явна
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.08.01

Д.Батцогт: Ажил, амралт аль алийг нь зохицуулж явна

- Хөвсгөл, Булган аймгуудаар яваад ирлээ. Удахгүй Ховд явна. Зуны дэлгэр цагт Монголынхоо үзэсгэлэнт байгалиар гэр бүлээрээ аялах дуртай. Монголынхоо 21 аймгаар гурван удаа бүтэн тойрч үзсэн. Гэхдээ үзэж чадаагүй олон сайхан газар байна.

Ер нь хөдөө явах шиг жаргал гэж алга даа. Одоогоор Улаанбаатарт байгаа. Найман Сарын эхээр нутаг руугаа очиж ойгоо тэмдэглэх сумдаараа очих бодолтой ажлаа төлөвлөж сууна. Төгссөн сургуулийн маань 90 жилийн ой болж байгаа.

Мөн сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсоно. Гишүүн болсноосоо хойш Ховд аймгийнхаа бүх сумдаар хоёр удаа очсон. Одоо явахдаа зургаан суманд очих төлөвлөгөөтэй байна даа. Хамгийн гол нь амралт гэдэг чинь тархиа амраах нэг арга юм.

Тийм болохоор хөдөөгүүр явж тархиа амраана. Монголчууд чинь хөдөө гадаа явахаараа сайхан айраг уусан шиг амардаг. Эрүүл агаарт гарах нь л сайхан даа. Эрүүл агаар эм гэдэг биз дээ.

Өнөөдрийн (өчигдөр) хувьд Монголын махны холбооныхонтой хамт судалгааны баг гаргаад Монголын махны зах зээлийн талаар томоохон судалгаа хийж Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яаманд танилцуулга хийнэ. Тэр талаараа хүмүүстэй уулзаж байна.

Наймдугаар сарын сүүлээр гадаадад томилолттой байгаа. Мөн Солонгосын парламентын гишүүд ирж Монголын парламентын гишүүдтэй хөлбөмбөг тоглоно. Тэр үеэр цаг зав гарвал хөлбөмбөг тоглочих санаатай байна. Монголын усны салбарын тухай томоохон хэлэлцүүлэг хийх бодолтой явна даа.