Д.Ганхуяг: Ротацыг энэ жил явуулахгүй байвал яасан юм гэсэн санал гаргасан
УИХ-ын гишүүн Д. Ганхуягтай ярилцлаа.
-АН ямар шалтгаанаар ээлжит бусаар ҮЗХ-гоо хуралдуулах болсон юм бэ?
-Намын болон ҮЗХ-ны гишүүдийн дунд ротацыг энэ жил явуулахгүй байвал яасан юм бэ гэсэн санал гарч байсан. Тиймээс ярилцаж байгаад ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар энэ удаагийн ээлжит бус хуралдааныг зохион байгуулж байгаа юм. Уг нь намын дотор цус сэлбэх, шинэ хүн оруулж ирэх ардчилалтай байхад ротац ач холбогдолтой л доо. Гэхдээ буруугаар ашиглах, хоорондоо хэтэрхий маргах, нам доторх өрсөлдөөн ихсэх сөрөг үзэгдэл сүүлийн жилүүдэд гарах болсон. Тиймээс л ротацыг явуулахаа больё гэсэн юм. Ингэсэн тохиолдолд намын ҮЗХ-ноос шийдвэр гаргах ёстой. Тэр утгаараа ҮЗХ хуpaлдax гэж байгаа.
-Зөвхөн ротацыг явуулах эсэх асуудлаар л ҮЗХ хуралдаж байгаа гэж ойлгож болох уу?
-ҮЗХ-ны хуралдааны өмнө намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлаа товлодог журамтай юм. Намын дүрмийн шинэчлэлийн асуудал дээр нэлээд ажиллаж, хэд хэдэн аймагт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн АН улс орноо хөгжүүлэх, сонгуулийн мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулан "Монгол хүн 2020" хөтөлбөрийг хэлэлцээд явж байна. Үүнийг ҮЗХ-гоор дахин хэлэлцэж шийдвэр гаргах байх.
-АН-ын фракцуудын хоорондох зөрчил туйлдаа хүрсэн. Тиймээс ротацыг фракцуудын зөрчлийг багасгахын тулд болиулж байна гэх хэсэг байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсож болох уу?
-Миний бодлоор АН-ын фракцуудад айхтар зөрчил байхгүй. АН-ын дотоод үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байдаг. Намын дүрэмд зааснаар фракцууд ч байдаг, тэд хоорондоо өрсөлддөг нь ч үнэн. Энэ нь эрүүл үзэгдэл. Айхтар зөрчилдөөд байсан зүйл байхгүй.
-Генсекийн асуудлыг ярилцах болов уу?
-Генсекийн асуудлыг ярихгүй. Энэ нь ҮЗХ-ны хуралдааны өмнө болдог хоосон яриа.
-Ротацыг болиулах нь ҮЗХ-ны 228 гишүүн шинэ хүмүүсийг оруулахгүй өөрсдөө сонгуульд өрсөлдөх гэсэн арга гэж зарим хүн эсэргүүцэж байна?
-Намын дүрмээр шийдвэр гаргах байгууллага болох ҮЗХ-нд сонгогдсон хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшдэг. Харин намын шинэ дүрмийн төслөөр заавал ҮЗХ-нд сонгогдсон гэлтгүй өрсөлдөх олон боломж нээгдэнэ. Тодорхой шалгуур судалгаа, санхүүгийн хандив үзүүлсэн гэх зэрэг олон хувилбарыг гаргаж өгч байгаа. Тэгэхээр ротацыг явуулахгүй байлаа гээд хайрцагласан асуудал болохгүй.
-Намын дүрмээ заавал шинэчлэх шаардлага байв уу?
-Улс оронд нөлөө бүхий парламентад суудалтай намын шинэчлэл гэдэг улс орны шинэчлэл, хөгжилтэй холбоотой. Намын шинэчлэл гарцаагүй явагдаж байх ёстой. Тэр нь улс төрийн намын хууль дүрэмдээ нийцэж явна. Энэ жамаараа л дүрмээ шинэчилж явж байна. Дүрмийн гол өөрчлөлт нь хариуцлагатай, ил тод байх. Тухайлбал бүх шатны намын дарга сонгуульд ялагдсан бол автоматаар огцорч, тойргийнх нь хүн нэр дэвшдэг байх талаар заасан. Мөн бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, УИХ-д нэр дэвшээд сонгогдсон бол ҮЗХ-ны гишүүн байна гэсэн концессууд орж байгаа. Ер нь улс төрийн намын болон сонгуулийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Улс төр мөнгө хоёр ялгаатай байж, нам, улстөрчдийн мөнгө хаанаас орж ирж байгаа нь ил тод ойлгомжтой байх ёстой. Үүнээс гадна сонгуульд санал өгч байгаа иргэдийн бүртгэлийн асуудал чухал. Үүнийг нухацтай ярьж, 2008 оны долдугаар сарын 1 дахин давтагдахгүй байх тал дээр улс төрийн намууд хариуцлагатай хандах ёстой гэж АН үзэж байгаа.