Хакуход монгол цэргийн сэлэм гардууллаа
Гадаад харилцааны сайд Л.Болд Японд айлчиллаа
2013.07.29

Хакуход монгол цэргийн сэлэм гардууллаа

Гадаад харилцааны сайд Л.Болд 7 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Япон Улсын Айчи, Ойта мужуудад ажиллав.

Сайд Л.Болд Япон улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хамгийн том муж төдийгүй дэлхийн машины зах зээлд эхний гуравт жагсдаг Айчи мужид ажиллах үеэрээ сумо бөхийн 7 дугаар сарын башёг үзэн, 26 дахь түрүүгээ авсан  Ёкозуна Хакухо М.Даваажаргалд Гадаад харилцааны сайдын шагнал – Монгол цэргийн сэлэм гардууллаа.

Айчи муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдож байгаа Т.Андо сайд Л.Болдыг ёслолын арга хэмжээнд урьсан юм. Уг арга хэмжээнд Айчи мужийн захирагч Х.Омура, мужийн бизнес, соёл, олон нийтийн төлөөлөл болсон 30 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр сайд Л.Болд Монголын эрүү, нүүрний согогтой 300 гаруй иргэнд 17 жилийн турш мэс засал хийсэн эмч Х.Оцүка болон мэс заслыг санхүүжүүлэгч Ф.Кавагүчи нарт “Алтан гадас” одон гардуулсан юм.

Гадаад Харилцааны сайд Л.Болдын айлчилсан Айчи мужид багтдаг Чюүбү бүс нь Японы аж үйлдвэр төвлөрсөн, дэлхийн GNP-ийн 3 хувийг үйлдвэрлэдэг эдийн засгийн томоохон төв юм. Мужийн захирагч Х.Омүра, сайд Л.Болд нар Монголын оюутан, дадлагажигчдын тоог нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг хөгжүүлэх, шууд нислэгтэй болох асуудлаар хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Хакүхо

Чюүбү эрчим хүчний компаний зөвлөх Ф.Кавагүчи транзит тээврийн асуудал шийдэгдвэл Монголоос их хэмжээний нүүрс авах, Айчи мужид бүтээж, үйлдвэрлэсэн бага, дунд оврын нисэх онгоцыг Монголд худалдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Нагоя их сургуулийн салбараа Улаанбаатар хотод нээх гэж буй тухай мэдээлсэн юм.

Мөн энэ үеэр Гадаад Харилцааны сайд Л.Болд Японы Парламентын дээд танхимын сонгуулийн явцтай танилцаж, Ойта мужаас сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Ш.Абэгийн ахлах зөвлөх Ё.Исозакитэй уулзлаа. Тэрээр эрх баригч ЛАН Японы Парламентийн дээд, доод танхимд олонхи болж Ш.Абэ-гийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдснийг танилцуулаад өөрийн хариуцсан бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр Монгол улстай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сайд Л.Болд ЛАН сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргээд ЗХА дахь Монгол улсын бодлого, үйл ажиллагаа, түүний дотор ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хийх Монгол улсын санаачилгыг танилцуулсан юм.

Эдгээр өдрүүдэд Гадаад Харилцааны сайд Л.Болд Коконоэ тосгонд зочлон “Ази, Номхон далайн Их Сургууль”-д Газрын гүний эрчим хүчний цахилгаан станцын үйл ажиллагаа болон  туршлагатай танилцлаа. Түүний “Ази, Номхон далайн их сургууль”-ийн захирал Т.Корэнагатай хийсэн уулзалтаар тус сургуульд суралцаж буй монгол оюутнууд сайн суралцаж байгааг захирал Т.Корэнага тэмдэглээд цаашид оюутнуудын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм. Мөн тус их сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийн санал солилцлоо.

Мөн Сайд Л.Болд Ойта мужийн Газрын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж, Ойта мужийн Эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч, “Ойта Газ” компанийн захирал Х.Фүкүшиматай уулзаж эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

Мөн уулзалтын үеэр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Т.Шимизүгийн ээж ирж Гадаад Харилцааны сайд Л.Болдтой уулзсанд хүндэтгэл үзүүлснээр айлчлал өндөрлөсөн юм хэмээн ГХЯ-наас мэдээллээ.