Нууц товчооны эх хувьтай танилцав
УИХ-ын хаврын чуулган завсарласан энэ хугацаанд гишүүдийн олонхи нь амарсан бол УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар Тайвань улсад дөрөв хоногийн ажлын айлчлал хийгээд иржээ.
Айлчлал хийх хугацаандаа эрхэм гишүүд Тайванийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монголын нууц товчооны эх хувьтай танилцжээ.
Монголын эзэнт гүрэн, тодруулбал, 800 гаруй жилийн тэртээх Монголын төрт ёсны түүхийг энэхүү сурвалж бичигт Монгол, Хятадаар бичин үлдээжээ. Нийт 20 боть бүтээл юм байна.
Анх Бээжингийн номын санд хадгалагдаж байсан ч 1949 онд Чан Кай Ши-гийн Засгийн газар Тайваньд нүүж ирэх үед тус түүхэн эх сурвалж бичгийг бусад судар бичгийг хамт авчирсан аж. Тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд Тайванийн Үндэсний номын санд хадгалагдаж буй юм байна.
Гэвч өнгөрсөн он жилүүдэд энэхүү түүхэн эх сурвалжийг монголчуудад танилцуулж байсан удаагүй. Харин Монголын парламентын гишүүдийг энэ удаад айлчлал хийх үеэр анх удаа танилцуулсан юм байна. Гэрэл, агаар, температур бүхнийг зохицуулсан тусгай зориулалтын өрөөнд Монголын нууц товчоо хадгалагддаг аж.
Мөн УИХ-ын гишүүд айлчлалынхаа хүрээнд Тайванийн Байгаль орчны дэд сайдтай уулзаж, ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсад байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж болох төслүүдийн талаар санал солилцжээ.
Тайванийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нь дэлхийд экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогдож АНУ, Англи, БНСУ-д экспортлогдоог аж. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж болох боломжийн тухайд мөн санал солилцож, техник, технологитой танилцсанаар айлчлалаа амжилттай өндөрлүүлээд иржээ.