Н.Алгаа: Бусдын итгэлийг алдах муухай
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.07.29

Н.Алгаа: Бусдын итгэлийг алдах муухай

Монголын эдийн засаг уул уурхайн салбараасаа бүрэн хамааралтай болсоор цөөнгүй жилийг үдлээ. Эдийн засаг нь ашигт малтмалын экспортон дээр тулгуурлагддаг Монгол Улсын хувьд сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орлоо, хөрөнгөө эргүүлэн татаж эхэллээ гэх мэдээлэл цацагдах болсон. 

Тиймээс Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай уулзаж уул уурхайн салбарт өрнөж байгаа асуудлын талаар ярилцсан юм.

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын үйл ажиллагаа нэг л доголдолтой байх шиг. Ашигт малтмалынхаа экспортоор амь зуудаг монголчуудын хувьд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээлт, дүрвэлт зэрэг нь  тийм ч таатай мэдээ биш. Нэг хэсэг цүнхтэй мөнгөө бариад ирдэг байсан хөрөнгө оруулагчид яагаад нүүр буруулах болов оо?

-Монголд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилжээд удаж байгаа шүү дээ. Улс төрийн байдал, хуулийн орчин, бодлого боловсруулагчдын шийдвэр, тоглоомын дүрэм зэргээс шалтгаалаад хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орсон.

Зарим нэг нь Монголоос хөрөнгөө татаж эхэллээ. Манай улс жижигхэн эдийн засагтай. Эдийн засаг нь экспортынхоо орлогоос хамааралтайн хувьд энэ бол үнэхээр муу үзэгдэл. Дээрээс нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хөрөнгө оруулагчдад нөлөөлж байна л даа. 

Монгол Улс ашигт малтмалын эрэл хайгуул хийх лицензийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг хориглосон байгаа. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт ч буурах хандлагатай байна. Ашигт малтмалын тухай хуулийг түргэн түүхий хууль болчихвий гэсэн эмзэглэл бол уул уурхайн салбарынханд байгаа.

Нөгөө талаас хэзээ энэ хууль батлагдах вэ гэсэн маш их хүлээлт байна. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд өнгөрсөн хавар танилцуулсан шүү дээ. Иргэний нийгмийн зүгээс, уул уурхайн салбарынхны зүгээс маш их шүүүмжлэл дагуулсан юм.

Тэгээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийг эргүүлэн татаж, Монгол Улс эрдэс баялгийн бодлоготой болох ёстой юм байна, түүнийгээ дагаад хуулиа гаргах хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Эрдэс баялгийн бодлогыг боловсруулах ажлын хэсэг байгуулаад Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан юм.

Тэгэхээр ирэх намрын чуулганаар Эрдэс баялгийн бодлогоо хэлэлцэх байх. Үүний дараа хууль батална гэхээр энэ ондоо багтаан Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж батална гэдэг цаг хугацааны хувьд шахамдуухан болох байх. Ирэх жилээс л энэ хууль батлагдах болов уу.

-Эрэл хайгуулын ажил зогссоноос болоод хөрөнгө оруулагчид зугтаалаа, эдийн засагт хүндрэл учраад байна гэж уул уурхайн салбарынхан шүүмжлэх болсон?

-Эрэл хайгуулын ажил зогсонги байдалд орчихоор эдийн засагт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлнө. Тиймээс л энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагчид Лаос, Камбож, Мьямар  рүү дүрвэж байна. Монголоос мөнгөний урсгал гадагшаа чиглэчихлээ.

Статистик мэдээ

Энэ бүхэн эдийн засагт шууд бус ч дамаар нөлөөлөх нь тодорхой. Хөрөнгө оруулагчид гадагшлахаар олон хүн ажилгүй болж байна. Ажлын байраа алдсан нэг хүний ард олон өрхийн санхүү хүндэрч байна. Нөгөө талаар өрмийн маш олон компани ажлаа зогсоосон, үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч мөн адил. Хуулийн эрх зүйн орчин нь тогтворгүй, улстөрчид нь олон ааштай болохоор хөрөнгө оруулагчид залхаж байна шүү дээ.

Сав л хийвэл татвараа нэмээд, бизнес хийх орчинг нь чангалаад байхаар мэдээж хэн ч гэсэн өөр эрсдэл багатай газрыг сонгоно биз дээ.  Гэтэл дэлхийн зах зээлд зэс, нүүрс гээд ашигт малтмалын үнэ унасаар байна. Энэ үед уян хатан бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдаа тогтоох талаас нь бодохгүй бол хэдэн хуурамч эх орончдын балгаар улс орны эдийн засагт хүндэрнэ.

Улс төрийн бодлого нь залгамжтай, хууль эрх зүйн орчин нь тогтвортой, хүнд суртал бага байж л хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголдоо үлдээх эсэх нь хууль боловсруулагчид, бодлого хэрэгжүүлэгчдээс л хамаарна.

-Эрчим хүчний яамнаас  саяхан уул уурхайн компаниудын ашиглаж байгаа эрчим хүчний хэрэглээний үнийг нэмсэн. Энэ нь уул уурхайхны багагүй бухимдуулаад авах шиг боллоо?

-Уурлахаас яах юм. Адилхан бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нэгнийх нь ашиглаж байгаа цахилгааны төлбөрийг өсгөнө гэдэг алаг үзсэн хандлага биш гэж үү.

Уул уурхайгаас авдаг бүх татвараа өсгөчихлөө. Уул уурхайн усны хэрэглээ гэхэд 10 дахин нэмэгдсэн байгаа шүү дээ. Ингэхээр яаж хөрөнгө оруулагчид Монголыг зорих юм бэ. Эрдэнэт, Ухаа худаг, Бор-Өндөр өрнөж байгаа ажлын зардлын 20 хувийг ус эзлэх болсон.

-Усны үнийг нэмэхээс өөр аргагүй байсан шүү дээ. Уул уурхайн үйл ажиллагаанаас болоод гол мөрөнгө олноор ширгэж алга болсон. Байгаль экологио, эрүүл мэндээ бодсон ч ийм шийдвэр гаргасан нь зөв л юм шиг санагдаад байна?

-Уул уурхайгаас болоод ямар, ямар голууд ширгэсэн юм. Нэрийг нь хэлээд надтай маргаж болно. Үүн шиг худлаа юм байхгүй. Уул уурхайгаас болж ус ширгэлээ гэж худлаа ярихдаа ичих хэрэгтэй. Уул уурхайгаас биш дэлхийн дулаарлаас болоод ус мөрөн, гол горхи ширгэж байгаа гэсэн шинжлэх ухааны дүгнэлт байгаа шүү дээ.

Байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн нэртэй хэдэн хуурамч эх орончид 3000 гол ширгэлээ гээд байгаа. Баримжаагүй юм ярьдагаа боль. Уул уурхайн компаниудыг шантаажилж, дарамталж мөнгө олдог хуурамч эх орончид л аюултай даа. Гадаадын хөрөнгө оруулагчид дүрвээд, эдийн засаг хүндэрлээ гэхэд тэд халааснаасаа мөнгө гаргаад өгчих чадалтай хүмүүс үү. Гол мөрөн бохирдож, шараар урсч байвал уул уурхайн буруу, харин ширгэж байгаатай бол  огтохон ч холбоогүй.

-Одоогоор яг хичнээн хөрөнгө оруулагчид Монголоос дүрвээд байна?

-Томоос бол Бразилын “Вале” компани Монголоос хөрөнгөө татчихлаа. Жижгүүд бол цөөнгүй дээ. Хөрөнгө оруулагчид “би явлаа” гэж хашгираад гарахгүй шүү дээ.

Хөрөнгө оруулалтаа бууруулж байгаад л нэг өдөр гэрээгээ цуцлаад чимээгүй гараад явчихдаг юм.  Дэлхийн уул уурхайн салбарын жижиг хөрөнгө оруулагчид бол томчуудыгаа харж, ашиглаж байдаг. Том компани нэг улсад хөрөнгө оруулалт хийгээд эхэлбэл, энд ашигтай юм байна гээд шуурчихна.

Статистик мэдээ

Хөрөнгө оруулалтаа татахаар дагаад намирчихдаг. Гарч орохдоо гол нь биш байж болно. Харин хөрөнгө, мөнгө нь Монголд шингэж байна уу үгүй гэдэг нь чухал шүү дээ. Маш олон төсөл зогслоо. “Хүннү коал”, “МCS”, “МАК” гээд цөөнгүй компани шинээр эхлүүлэх гэж байсан төслөө зогсоолоо. Компаниуд төслөө зогсоогоод хүмүүстэй цалингүй амралт өгчихлөө.

Энэ чинь өөрөө эдийн засагт аюул нүүрлэж байгаа эхний дохио шүү дээ. Экспорт нь багасаад ирэхээр улсын төсөвт ачаа нэмэгдэнэ. Улсын төсвөө хэрхэн нөхөж, цойлдох вэ гээд манай хэдэн эрх баригчид л толгойгоо зовоох байх даа, хөөрхий.

-Дэлхийн зах зээлд алт, зэс нүүрсний үнэ унасаар л байна. Энэ нь жижигхэн эдийн засагтай, тэр тусмаа уул уурхайгаас хараат манай улсын хувьд багагүй бэрхшээл дагуулах болов уу?

-Ашигт малтмалын үнэ ханш уналаа гээд Монгол Улс юу ч хийж чадахгүй.  Манай дэлхийд том тоглуулагч биш шүү дээ. Хятад шиг том хэрэглэгч бол өөр. Гэтэл хэрэглэгчийн хэрэглээ буурахаар нийлүүлэлт хумигдаж тэр хэрээр үнэ буурах нь мэдээж. Харин Хятадын улсын эдийн засаг сайжрахыг л хүлээж суух хэрэгтэй байх.

Манай эрдэс баялгийн гол худалдан авагч нь Хятад болохоор тэр. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулагчдыг л татах, гадны валютын урсгалыг Монголдоо тогтоох арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм л даа. Баялгийн үнэ буурч болно.

Энэ нь дэлхийн зах зээлд ерөнхийдөө байдаг үзэгдэл. Нэг хэсэг баялгийн үнэ өснө, эргээд унана. Харин хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж болохгүй. Бусдын илтгэлийг алдах муухай. Хувь хүн ч гэлтгүй улс орон ч бусдын итгэлийг л алдах хэрэггүй юм байгаа ш тээ.

-Та гадаадын хөрөнгө оруулагчдыг багагүй дэмждэг. Зарим хүмүүс таныг гадныхнаас мөнгө авсан гэж харддаг л даа. Нөгөө та баавгайн тал уу, манай тал уу гэдэг шиг л?

-Би либериал үзэлтэй хүн. Улс орны эдийн засгийн үүднээс гадаад, дотоод гэлтгүй баялаг бүтээдэг, хөрөнгө оруулдаг хүмүүсийг дэмждэг. Эрүүл эдийн засаг, эрүүл зах зээл хөгжөөсэй гэж хүсдэг. Гадаадын хөрөнгө оруулагчдад дургүй хүн Монголоор нэг байна. Хуурамч эх орончид цаагуур чинь дүүрэн байна шүү дээ.

Нэг хэсэг эх орончид нь байгалийн баялгаа зарж олсон хэдэн төгрөгөө ард түмэндээ тарааж, оочерлуулж, хэрэлдүүлээд дуусгалаа. Монгол Улсын эдийн засаг сайжирсан юм алга. Сар бүхэн мөнгө тарааснаар монголчууд архинд орсон болохоос амьдралд гийгүүлсэн юм гараагүй байх.

Нөгөө хэсэг нь байгальдаа хайртай хүний дүр эсгээд, олон нийтээс үнэлгээ авч улстөрийн карьераа өсгөхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад харшилтай ханддаг. Ийм хоёр эх орончоос болоод Монгол Улсын бодлого залгамж халаагүй, хууль эрхзүйн орчин нь тогтворгүй болчихоод байна шүү дээ. Ингэлээ гээд хэн хариуцлага хүлээдэг байсан юм.

Төр муу шийдвэр гаргалаа гээд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тэр 68 хувийн татвар байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарснаар Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ эрс унасан. Эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Тэглээ гээд хууль санаачилсан хүн нь ч, баталсан нөхдүүд ч хариуцлага хүлээсэн юм  байна уу. Төр бол хамгийн муу менежер.

Энэ нь олон зүйл дээр харагдаж байгаа. Ухаа худагийг хар. Тавантолгойг хар. Тавантолгойн орд 14 “луйварчин”-ынхаа гарт байсан бол хар замтай, үйлдвэртэй болчихсон, ажил ид өрнөж байх байсан. Төр 14 “луйварчин” гэж дуудсаар байгаад авсан ордоо яаж ашиглаж байгааг хар л даа. Тэгээд одоо Тавантолгойн ажил урагш муутай, явуургүй байгаад хэн хариуцлага хүлээсэн юм бэ. Хоёр эх орончийн дунд монголчууд л хэлмэгдэж байна даа.