Цөмийн технологи айдас биш
Дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага болсон цөмийн технологийн хөгжил түүнийг ашиглах үйл явц манай улсад ямар түвшинд байгаа талаар тодрууллаа.
Дэлхийн өндөр хөгжилтэй бараг бүх орон сая сая иргэн цөмийн технологийн үр шимийг өдөр бүр хүртэж байгаа. Эрдэмтэд ч цөмийн технологи хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлно гэдэгт санал нийлж эхэлсэн.
Манай улсын хувьд цөмийн эрчим хүч технологийн чиглэлд маш олон төслүүд гадаад дотоодын санхүүжилтээр ирж эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин, шинжлэх ухаан аж үйлдвэрийн чиглэлд хэдийнээ хэрэгжиж эхэлсэн байна.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр:
Цөмийн технологи хэрэглэдэггүй салбар бараг байхаа больсон. Жишээлбэл хүн болгон онгоцоор нисч байна. Онгоцоор нисэхэд агаарт шил цантахгүй байх арга нь цөмийн технологид суурилсан байдаг.
Хүний өвчнийг оношлох, эмчлэх бүх технологид хэрэглэдэг. Зөвхөн хорт хавдрыг оношилдог гэж ойлгож болохгүй. Цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжөөр өвчний хамгийн эхэн шат, урьдчилсан оношилгоог тавихад өргөнөөр ашиглаж байгаа.
Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт цөмийн технологийн төсөл хөтөлбөр хамгийн сайн хэрэгжиж байгааг салбарынхан онцоллоо. 2014 он хүртэл хэрэгжих төслийн 49 хувь нь хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих юм.
Сүүлийн үед хувийн хэвшлийн байгууллагууд цацраг идэвхт үүсгэвэр, рентген тоног төхөөрөмжийг уул уурхай, зам барилгын салбарт ашиглах нь ихэссэн. Энэ бүгдээс харахад цөмийн технологи нь нийгмийн бүхий л салбарт үр өгөөжөө өгч байна.