Монгол түмэн өег тэнүүн Сайхан наадлаа
Монгол наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо
Тулгар төр үндэслэсний 2222 жилийн тэгш ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 807 жил, Ардын хувьсгал ялсны 92 жилийн тэмдэглэлт ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төр засгийн түшээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт тухлан төр, түмэн баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Төрийн гурван өндөрлөг ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ
Төрийн гурван өндөрлөг баяр наадмын эхний өдрийн морин цагт сурын талбайд зочлон, сум тавьж цэц мэргэнээ сориод ард түмэндээ хандаж баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Сурын талбайд зочиллоо
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ жилийн наадам онцгой сайхан болж байна гэж ард түмэн маань сэтгэл тэнүүн ярилцаж байна. Монголчууд бид бүтээн байгуулалтын их хувьсгалд ханцуй шамлан орсон, ирэх жилүүдэд илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэл дүүрэн байна” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд “Нар хур тэгширсэн сайхан зун болж байна.
Наадам ч үүн шиг сайхан эхэлж байна” гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Түмэн олноо тав тухтай наадуулахын төлөө Шинэчлэлийн Засгийн газар чармайж ажилласан, үүний үр дүнд зон олон маань энэ жил илүү тав тухтай наадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хүй долоон худагт үндэсний соёлоо дэлгэж байна
Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт үндэсний өв уламжлалыг харуулах олон хөтөлбөр багтсан соёлын наадам болж байна. Соёлын наадмыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүй долоон худагт жилдээ ганц удаа цуглаж морь уралдуулаад буцахаа болино.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүй долоон худагт зочиллоо
Энэ уудам хөндий ойрын 4-5 жилийн дотор монгол наадмын төв болж, олон уралдаан тэмцээн, соёлын хөтөлбөр зохиогддог болно” гэлээ.
Үүний эхлэл болгож энэ жил хоол хүнсний үйлчилгээний болон урлагийн тоглолт, шоу үзүүлбэр зохион байгуулах хоёр хэсэг талбай байгуулж, 5800 автомашины зогсоол, морь барианы зурваст 3000 үзэгчийн зөөврийн суудал шинээр байрлуулж, боловсон ариун цэврийн байгууламж суурилуулсан юм.
Баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төв талбайд "Улаанбаатарын үдэш" цэнгүүн, "Их үндэстэн эргэн сэргэлээ" мультимедиа шоу боллоо.
Ийнхүү монгол түмэн үүх түүхээрээ бахархаж, өв уламжлалаараа гайхуулан, эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд итгэл дүүрэн, өег тэнүүн сайхан наадлаа.
Баяр наадам хөтөлбөрийн дагуу үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хүй долоон худагт ажиллаж, түрүү соёолон морины галаар зочиллоо.