"Ардын хувьсгалын 92 жилийн ой"-г албан ёсны урилга сурталчилгаанаас хасжээ
Баяр наадмын албан ёсны урилга, зар сурталчилгаа, хөтөлбөрийн танилцуулга дээр түүхэн ойг тэмдэглэхдээ “Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэсэн үгийг хассан байна.
Баяр наадмыг зохион байгуулах комиссоос эдгээр түүхэн ойг баримт бичигт тусгаж өгсөн ч Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс хасалт хийж төрийн ёслолын албанд явуулснаас үүдэн маргаан дэгдээд байна.
“Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэсэн үгийг орхигдуулснаас үүдэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга бөгөөд шадар сайд Д.Тэрбишдавга, Төрийн ёслолын албаны дарга нараас тус бүрт нь мэдээлэл сонслоо.
Иргэдийн гар дээр очих урилга тасалбараас бусад бүх урилга, зар мэдээлэл, сурталчилгаа, хөтөлбөр дээр “Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэж байхгүй байгаа нь тэднийг ингэж хуралдаж сэтгүүлчдээр дамжуулан далд нуугдсан, түүх арчсан санааг ил болгоход хүрчээ.
Тиймээс Шадар сайдыг хэвлэлийн өмнө хуралдаж яагаад хууль зөрчин, түүх устгасан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд тодрууллаа.
Шадар сайд Д.Тэрбишдавга:
Шадар сайд Д.Тэрбишдагва
Миний хувьд Үндэсний их баяр наадам тулгар төр байгуулагдсаны 2222 жил, ИХ монгол улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр гэсэн хөтөлбөр баталсан.
Энэ оны 6-р сарын 27-ны өдөр баяр наадмын үйл ажиллагааг Ерөнхийлөгчид танилцуулж санал авдаг. Ерөнхийлөгчид танилцуулж байх үед Ерөнхийлөгч болон тэнд байсан хүмүүс "Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэдэг хэсгийг орхигдуулан гарын үсэг зурсан байсан. Харин миний хувьд гарын үсэг зураагүй байгаа.
Үүнийг төрийн ёслолын даргын гарын үсэгтэй шинэчилсэн хөтөлбөр гэж танилцуулсан. Миний хувьд энэ асуудлыг мэдээд баяр наадмын ажлын хэсэг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Су.Батболд:
УИХ-ын гишүүн Су.Батболд
Төрийн эрхийг барьж байгаа хүмүүс асуудалд хандахдаа өөрсдийгөө хэт дөвийлгөсөн өөрсдийн үеийн түүх л байх ёстой мэт хандаж байгаа нь Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд занал хийж байна гэж үзэж байна. Өнөөдөр бодит байдлаар илэрсэн.
Үүнийг цаанаасаа бодлоготойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүмүүсээр дамжуулж явуулж байгааг мэднэ. Аливаа улс үндэстэн түүхийг урагшлуулахыг зорьдог үүнийг дэмжиж байгаа ч энэ нэрээр тухайн үндэсний түүх, сэргэн мандалтад нөлөөлсөн түүхэн ач холбогдолтой зүйлийг аль нэгэн улс төрийн хүчинтэй холбож үгүйсгэх хандлага гаргаж болохгүй.
Ийм асуудал гаргасан албан тушаалтантай хариуцлага тооцох ёстой. Энэ бол засгийн газар огцрох хангалттай үндэслэл гэж үзэж байна хэмээн мэдэгдлээ.