Мэндчилгээ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.07.10

Мэндчилгээ

Монгол түмний минь төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Үндэсний их баяр наадам Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр тохиож байна.

Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Үндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай билээ.

Эх орны минь дархан хоймор, Ардын хувьсгалын өлгий нутгийн эзэд, бүтээлч, хөдөлмөрч Сэлэнгэчүүд та бүхэндээ болон нийт Монгол түмэндээ баярын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Үндэсний түүх, соёлын гайхамшигт өв, уламжлал болсон Монгол наадмынхаа сүр жавхаанд хийморь цог золбоо нь сэргэж, нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эрмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

Улсын Их Хурлын гишүүн           Ж.Эрдэнэбат