Мэндчилгээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.07.10

Мэндчилгээ

Уудам Монгол нутагт минь дэлгэр зун таатай налайжээ.

Эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллан амьдарч байгаа элгэн түмэн Монголчууддаа, баатарлаг түүх, бахархалт уламжлалт Ховд нутгийн зон олондоо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсан 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголчууд бид наадмаараа бэлгэ төгөлдөр сайхнаа хэлэлцэж, ёс заншлаа дээдэлж, түүх шаштираа хүндэтгэн, ололт амжилтаа бахдан баярладаг. Жилээс жилд Монгол наадмын өнгө жавхаа нэмэгдэж, үзэмж төгс дэлгэр сайхан болж байна.

Эдүгээ хур бороо элбэгтэй, хүн малын зоо тэнийж айл гэр, улс орны маань аж амьдрал дэвжин сэргэж, их бүтээн байгуулалтууд үргэлжлэн буй нь таатай сайхан. Мөн нийгэм, төрийн үйл явдал өрнөж, улс төрийн томоохон хүчнүүд дотооддоо шинэчлэл, өөрчлөлтийн салхи сэвэлзүүлж эхлээд байна.

Цаашид Монгол Улс маань олон жилийн туршид тогтвортой хэрэгждэг хөгжлийн тодорхой бодлоготой болж, улс төрийн хүчнүүд хөгжлийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд барилдан, хагаралдаж тэмцэлддэггүй, эвлэлдэн нэгддэг, хамтран ажилладаг болно гэдэгт би итгэдэг.

Заяа нь өөдрөг Монголчуудын ирээдүй хойч гэрэл гэгээтэй, улсын маань хөгжил дэвшил өөдрөг байх болтугай. Монгол түмэн минь хотлоороо баярын магнай тэнүүн наадаарай.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт