Ж.Баатар:Гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлтэй татаж авчрах ёстой
“Эрдмин” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатартай салбарын хөгжлийн асуудлаар ярилцлаа.
-Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байгаа шалтгааныг та юу гэж дүгнэх вэ?
Угаасаа бодлого байхгүй юм чинь яаж хөгжих вэ. Бодлогыг төр засаг л гаргаж өгөх ёстой. Машин үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл ямар бүтээгдэхүүнийг гаргаж, нийгэм түүнийг нь ашиглах ёстой гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.
-Яагаад ингээд бодлого байгаагүй юм бэ. Уг нь их чухал салбар шүү дээ?
Ер нь бодлогогүй явж ирсэн. Социализмын үед 1980-аад онд дөнгөж бодлого явуулж эхэлсэн бөгөөд машин засварын завод, чиргүүлийн үйлдвэр барьж эхэлсэн. Гэхдээ дандаа тээврийн салбар луу чиглэсэн байсан. Харамсалтай нь зах зээлийн шуурганд тэсээгүй.
Тэгээд бодлогогүй болсон. Одоо бол троллейбус хийж монголыг троллейбусаар хангах төлөвлөгөө гаргаад, бодлого болгох хэрэгтэй шүү дээ. Бодлогоо түвшиглээд, төмөрлөг, машин үйлдвэрийг ямар төрлөөр хөгжүүлэхийг тодорхой болгох ёстой. Тэгэж байж хөгжинө.
-Гаднаас ихэнхийг нь авч байгаа нөхцөлд, хөгжлийг хэрхэн төсөөлөх ёстой юм бэ?
Зах зээлийн үед монголчууд бүгдээрээ наймаачин болсон. Хаанаас хямдхан зүйл оруулж ирэх вэ гэдэг наймааны сэтгэлгээтэй. Юм хийж байснаас нэг газраас хямдхан авчраад зарах нь хялбар байсан байхгүй юу. Одоо бол улсууд үйлдвэрлэл гэж ярьж, явдаг болжээ. Хөгжүүлэх цаг ирсэн. Төмрөө хүдэр шиг чигээр нь экспортолсоор байна. Боловсруулья гэхээр төр засгаас түүнийг нь дэмжсэн хөнгөлөлт дэмжлэг байдаггүй байна. Тийм болохоор үйлдвэрлэгчид салбарыг хөгжүүлэх эдийн засгийн сонирхол үүсэхгүй байгаа юм.
Таван төгрөг зараад ямар нэг юм үйлдвэрлээд, зургаан төгрөгөөр зарж ашиг олохыг хүсч байгаа. Тийм учраас энэ сонирхлыг л бий болгох хэрэгтэй. Төрийн бодлогыг л тодорхой болгоё. Зах зээлийг нь бий болгоод, татварыг нь хөнгөлж, ижил төрлийхөн бүтээгдэхүүнд нь импортын татвар тогтоож, зах зээлээ хамгаалах ёстой. Манай зах зээл ямар ч хамгаалалтгүй.
-Төрийн бодлогыг тодорхой болгохоор ажиллаж байгаа. Харин үйлдвэрлэгч танд ямар нөөц боломж байна вэ?
Эхний ээлжинд үйлдвэрлэгч нараа түүхий эдээр хангах ёстой. Түүхий эдийг хүдэр чигээр нь Хятад руу гаргаад, төмрөө эргээд өндөр үнээр худалдаж авч байгаа. Зэс мөн адил. Эхлээд зэсээ түүхийгээр нь гаргачихаад, эргээд зэсэн эдлэл, лист, гуулийг өндөр үнээр авч байна.
Хэрвээ бид өөрсдөө боловсруулаад гаргавал олон ажлын байр бий болно мөн баялагаа үнэ хүргэнэ. Хамгийн хүнд хэцүү ажлыг нь өөрсдөө хийж, баялагаа ухаж хагас боловсруулж баяжмал болгож гаргачихаад, гадаадад хайлуулаад боловсруулсаныг өндөр үнээр авах нь утгагүй.
-Аж үйлдвэрийн цогцолбор барина гэсэн ч одоогийн байдлаар Засгийн газраас нэмүү өртөг шингээж нойтон баяжмал гаргаж экспортлохыг дэмжиж байгаа. Энэ нь одоо цаг үед зөв шийдэл хэмээх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
Ашигт малтмалаа хүдэр баяжлалаар нь экспортлоод байвал удахгүй дуусна. Манайхан монголдоо байгаа бүх төмрийн хүдрийг тодорхой хэмжээгээр багаас нь эхэлж, боловсруулах үйлдвэрээ барих шаардлагатай. Үүний тулд нийт экспортож байгаа төмрийн хүдрийнхээ ядаж 10 хувийг боловсруулах үйлдвэр барьж түүниийгээ өргөтгөх замаар боловсруулалтын хувийг өсгөх. Энэ хугацаанд бусдыг нь экспортлож байж болно.
Бүгдийг нь хайлуулах шаардлагагүй. Борлуулахыг нь худалдах хэмжээнд, ашиглахыг нь ашиглах хэмжээнд тогтоогоод явах нь зүйтэй.
-Нөөц ашиглах боломжийг олголоо гэхэд та бүхэн юу хийж чадах вэ?
Хамгийн нэгдүгээрт зах зээл. Үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гадаад зах зээлд гаргахад чиглэхгүй бол монголын зах зээл бага хэмжээтэй. Ингэхээр хөгжинө гэж байхгүй.
Харин хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлтэй татаж авчрах ёстой. Солонгосын сандлын үйлдвэр оруулж ирлээ гэхэд сандлынх нь зах зээлтэн цуг оруулж ирэх ёстой. Харин солонгос руу ямар ч татваргүйгээр бүтээгдэхүүнээ гаргах нөхцөл олгох нь зүйтэй.
-Танай компаний хувьд юу хийж бүтээж байгаа талаар ярья.
Манай компаний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглагддаггүй исэлдсэн хүдрийг аваад уусгах технологиор боловсруулаад, катодын зэс гаргадаг. Жилдээ 2400-2500 тонныг гаргаж, үүнээс 150 тонноор зэс утас хийж байна. Зэс утсыг дотоодынхоо зах зээлд борлуулж байна. Гадаад зах зээлд гаргая гэхээр Хятад, Оросын импортын татвар өндөр. Эцсийн бүтээгдэхүүний хувьд бүр өндөр байдаг. Түүхий эдийн хувьд импортын татваргүй оруулдаг. Тухайн улсууд бодлогоор зах зээлээ хамгаалж байх нь аргагүй.
Монголын зах зээлд гаргахад хэдэн барилгын компани жилдээ 140 тонн зэс утас авч байна.
-Тэдгээрийн жилийн нийт хэрэгцээ нь хэд байгаа вэ?
Анх үйлдвэр барих үед бидний судласнаар нийт хэрэгцээг жилийн 400 тонноор тооцсон. Гэтэл одоо тэр хэмжээнд гаргаж чадахгүй байна. Хятадаас манай үйлдвэрэлдэг цахилгааны зэс голтой утас ирдэг байсан нь орж ирэхээ болсон ч Орос, Солонгосоос импортоор орж ирсээр байна. Оросын утас манайхаас үнэтэй. Худалдаачин сэтгэлгээгээр манайхан оруулж ирж байгаа нь манай зах зээл хамгаалалтгүй байна.
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь наймаачин сэтгэлгээтэй зөрчилддөг?
Дэмжинэ гэж байгаа ч ерөөсөө харагдахгүй байна. Яг хөгжүүлье гэж бодвол төрийн компаниуд үндэснийхээ үйлдвэрлэгч нараас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болмоор байна.
-Салбарын хөгжилд мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаа гэж ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Уул уурхай, барилгын салбар шинэ тутам хөгжиж байгаа учраас эдгээр салбарын мэрэгжилээр хүүхдүүд суралцах нь их болсон. Төрөөс бодлого гаргаад металлургийн үйлдвэр барихын тулд төчнөөн ажлын байранд тийм, тийм мэрэгжилтэн хэрэгтэй гэсэн тооцоо хийгээд, эртнээс бэлдэх ёстой.
Гэтэл одоо тийм захиалга алга. Зохицуулалтгүй л яваад байна.
Миний мэдэж буйгаар зэс утасны үйлдвэрийн технолгийн чиглэлээр нэг ч мэргэжилтэн байхгүй байна. Сураад, төгссөн хүн алга.
Улсыг хөгжүүлье гэж байгаа бол төрийн компаний тодорхой хэрэглэдэг эд анги, сэлбэгийг бодлоготойгоор дотоодоосоо нийлүүлэхийг дэмжих ёстой. Мөн монголд юу хэрэгтэй вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй.
-Үйлдвэржилтийн бодлогын нэг үндэс нь олон жижиг үйлдвэрлэгч нарыг нэгтгэж, зангидан зөв зохион байгуулалтад оруулах асуудал хөндөгддөг. Монголчууд эхнээс нь тус тусдаа машин бүтээх гээд байх биш. Нэг нь эрэг боолт, нөгөө нь суудлыг гэх зэргээр нэгдэх хэрэгтэй?
Жишээ нь бид уртасгагч залгуур үйлдвэрлэж байна. Гэхэд монголд олон залгуурыг нь үйлдвэрэлдэг газар алга. Бид зэс утсаа үйлдвэрлэчихсэн сэрээт залгуурыг нь хийж байна. Гэтэл олон залгуур хийдэг газартай хамтраад уртасгагч залгуурыг бүхэлдэн монголдоо чанартай үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангаад байх боломж байна. Монголд тийм үйлдвэрлэгч байхгүйгээс олон залгуураа гаднаас авчирч угсарч байна.
Машин тээвэр мөн ялгаагүй. Троллейбус гэхэд доторх эд ангийг үндэсний компанууд үйлдвэрлүүлээд нийлүүлж угсрах боломжтой. Хэрвээ ингэвэл олон үйлдвэр зэрэг хөгжинө.
-Дотооддоо зарим зүйлийг үйлдвэрлэхээр импортоор авснаас өндөр үнэтэй байдаг хэмээн шүүмжилдэг. Хямдхан хийх боломж байдаг уу?
Боломж байгаа. Гол нь зах зээлын багтаамж нь бага үчир их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй учир цөөн тоогоор үйлдвэрлэхээр өртөг нь өндөр болчихдог. Хэрвээ тоо хэмжээ нь нэмэгдвэл тэр хэрээр хямдхан болно шүү дээ.