Д.Тулга: Механик инженер бид нарт “зориг” дутаж байна
Эрчим хүчний хөгжлийн төвийн дэд захирал Д.Тулга
2013.07.03

Д.Тулга: Механик инженер бид нарт “зориг” дутаж байна

“Хийж, бүтээж байгаа хүмүүсээ дэмжье”

Эрчим хүчний хөгжлийн төвийн дэд захирал Д.Тулгатай  төмөрлөг машин үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар ярилцлаа. Тэрээр механик инженер бөгөөд ТЭЦ-4-д, Даланзадгадын Дулааны цахилгаан станц-д ажиллаж байсан ба 1993 оноос эрчим хүчний салбартаа өнөөдрийг хүртэл ажиллаж яваа нэгэн. Механик инженер буюу машин үйлдвэрлэлийн технологи инженер хүний хувьд  үндсэн мэргэжлийнх нь чиглэлээр ярилцаж байна. 

-Төмөрлөг, машин үйлдвэрлэл гэхээр жирийн хүмүүст ойлгомжгүй байдаг. Чухам юуг хэлж байна вэ. Яагаад улс орны хөгжилд чухал нөлөөтэй гэж үзээд байгаа юм?

Төмөрлөг гэж хэлээд байгаа санаа нь бид байгальд байгаа төмрийн хүдрээс төмөр гаргаж авах, улмаар ган гаргаж гаргаж авах гаргаж авсан гангаар метал хийц бүхий үндсэн бүтээгдэхүүн хийх тухай асуудал болно. Харин машин үйлдвэрлэл нь үндсэн бэлдэц бүхий бүтээгдэхүүнийг боловсруулж эд анги хийх тухай асуудлыг хамарна. Тэгэхээр улс эх орны амьдралд төмөр ордоггүй машин техник, багаж зэвсэг гэж байхгүй. Иймээс  хөгжлийн үндсэн суурь гэж үзэж байна.

Энэ нь их сургуульд заалгасан номонд ч, амьдрал дээр ч ийм байсан. Төмөрлөг, металыг хэрхэн боловсруулж буйгаас хамаарч боловсон хүчний мэдлэгийн түвшин, улс орны эдийн засгийн бааз нь ямар байгаагаас шалтгаалж техник технологийн хөгжил нь тодорхойлогдоно. Манай орны хувьд энэ салбар залууд тооцогдоно.

Төмөрлөгийн чиглэлд Дарханы төмөрлөгийн үйлдвэр монголд үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа нь жигдрээд өөрсдийн технологи, мэргэжилтэй боловсон хүчин, бүтээгдэхүүнтэй болсон нь томоохон амжилт. Мөн эрдэнэтийн Засвар механикийн заводад цутгуурын хэсэгт ширмээр уулын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хийц эд ангиудыг хийж байна. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн ширмээр, хөнгөн цагаанаар цутгуурын эд ангиудыг хийж байна. Энэ бүхэн бол төмөрлөгийн чиглэлд үзүүлж байгаа ололт амжилт.

Метал боловсруулах чиглэлд бол манай улсын хэмжээнд материаллаг бааз, мэргэжилтэй боловсон хүчин тодорхой түвшинд бэлтгэгдсэн.

Үүний нэг хэсэг болж байгаа эрчим хүчний салбарт гэхэд хамгийн том станц ДЦС-4 станц гэхэд 1983 онд ашиглалтад орсноос хойшүйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энд ажиллаж байгаа хуучнаар ОХУ-ын тоног төхөөрөмж, техник дээр суурилж тэдгээрийн засвар угсралтын ажилд шаардлагатай зарим эд ангийг хийж өгдөг механик цех гэж байдаг. Томоохон аж ахуй нэгжийн дэргэдэх механик цех, хэсэг бүрийн цаана монголын метал боловсруулах салбарын өнөөгийн түвшин хөгжил харагдана.

-Манай улсад металл боловсруулах чиглэлээр хөгжсөн үйлдвэрүүд нь дандаа л том компаний хавсарга байдлаар явж байна. Хэрхэн чадваржуулах вэ?

50 гаруй цех, үйлдвэр бий. Тэдгээрээс хамгийн амжилттай яваа нь “Цахилгаан тээвэр” компани. Тэд дуобус анхны монгол автобусыг үйлдвэрлэсэн. Хүмүүс зүгээр л угсарсан гэж ярих гээд байдаг ч миний хувьд үндсэн эд ангиудыг ашиглаад техник болгоно гэдэг нь өөрөө том ажил.

Дуобус өдөрт ойролцоогоор 16 мянган төгрөгийн цахилгаан хэрэг­лэхээс гадна урсгал засварт хагас сая төгрөг зарцуулдаг байна. Тэг­вэл автобус өдөрт 120 гаруй мянган төгрөгийн түлш зарцуулахаас гадна урсгалд засварт нь троллейбусаас зургаагаас долоо дахин их мөнгө шаарддаг аж.

Цахилгааны утас, бүх төрлийн метал бэлдэц, шил, мотор, гээд бүх үндсэн эд ангиудыг ашиглаад техник, машин болгох нь машин үйлдвэрлэлийн том эхлэл. Энэ амжилт монгол улс гэсэн нэрийн дор явна. Цахилгаан тээвэр компаний хувьд нэг техник, цаашлаад нэг эд ангийг өөрсдөө хийдэг мэргэшсэн боловсон хүчин, технологитой болж байгаа нь монголд машин үйлдвэрлэл хөгжих үндэс болж байна.

Тэдэнд баяр хүргэх хэрэгтэй. Эхлэлийг цааш нь алдуулахгүй байх хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг нь худалдан авах хэрэгтэй. Энэ нь хөгжлийг авч ирнэ. Монгол анх удаа хийсэн машин техникээ экспортонд гаргасан би цахилгаан тээвэр компаний ажиллагсадаар бахархаж байна.

-Метал боловсруулах, машин үйлдвэрлэлийг улс орны хөгжилд чухал гэж байгаа боловч бид бэлэн зүйлийг импортоор авчраад л хэрэглэж байна. Энэ байдалд хөгжилд хэрхэн нөлөөлөх бол?

Импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, эсэх  нь бидний чадамжийн асуудал. Үүнд хоёр зүйлийг ярья. Нэгдүгээрт:  Урьд нь хийж үзээгүй зүйлийг бүтээхэд мэргэжлийн боловсон хүчний чадамж, технологи шаардагдана.  Жишвэл хүнсний үйлдвэрийг харахад гурил, ус, сахар, исгэгч гэсэн үндсэн нэгж бүтээгдэхүүнийг ашиглаад торт, талх, нарийн боов, кекс зэрэг олон сайхан бүтээгдэхүүнийг хийж байна.

Энэ бол хүнсний зохион бүтээгч нарын гавьяа. Хийсэн бүтээгдэхүүнийг нь авах эсэх нь эргэлзээтэй байхад бүтээгдэхүүн хийгээд зах зээл дээр гаргаж тавьдаг нь эрсдэл, шаталт, дахиж хийхгүй гэсэн алхам бүгд л хамт байгаа. Үүнийг давж чадсан нь хүнсний зохион бүтээгч инженер нар. Тэд хийгээгүй бол бид импортын талх, кекс, торт, боорцог идэх байлаа.

Гэтэл механик инженерүүд бид нар энэ тал дээр дутагдалтай байна.  Би гэхэд үндсэн эд ангиудыг ашиглаад адаглаад техник хийж байсан уу, гэвэл бараг үгүй. Харин нэгж эд анги жишээлбэл боолт, гайк хийж байсан уу гэвэл хийж л байсан. Үндсэн эд анги хийх нэг хэрэг.  Үйлдвэрлэх бол бүр өөр хэрэг болно. Үйлдвэрлэх нь тухайн эд ангийг бүтээгдэхүүн болгож гаргадаг онцлогтой. 

Ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж байна

Гол нь бүтээгдэхүүн гаргахгүйгээр, зөвхөн захиалгаа өгчих, захиалгаар л хийгээд өгье гэсэн хандлагаар ажиллаад байгаа нь шүүмжлүүштэй. Өөрсдөө зоригтойгоор санаачлагатай байж, импортын бүтээгдэхүүнээс айлгүй, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, олон нийтэд дэлгэж борлуулах хэрэгтэй. Хэрэглэгч нар ч үүнийг хүсч байгаа. Тухайн эд ангийг бүтээгдэхүүн болгож гаргаснаар бид өөрсдийн гэсэн технологитой болно, материаллаг баазтай болно, стандарттай болно. Олон эерэг зүйл бий болно.  

Механик инженерүүд бидэнд зориг дутаж байна. Энэ нь монголд машин үйлдвэрийн салбар хөгжихгүй байгаа шалтгаан.

-Нөгөө талаар зах зээлд зориглож хөдөллөө ч гэсэн зах зээлийн хэмжээ бага гэсэн болгоомжлол байгаа болов уу?

Механик цех манайд зөндөө бий. Тэд нар нь томоохон аж ахуй нэгжийн хавсарга цех болсон. Тэгэхээр тухайн газрынхаа нэг тоноглолд орсон эд ангийг хийхээр үйлдвэрлэлийн өртөг нь өндөр гарна. Гэтэл хажууд нь Хятадаас бөөнөөр нь үйлдвэрлэж байгаа хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байгаа.  Гэхдээ л тэмцэх хэрэгтэй. Яг л талхаа өөрсдөө хийж чаддаг болсон шиг.

Дуобус, троллейбусийг Цахилгаан тээвэр компани бүтээсэн бөгөөд  өөрсдөө хэрэглэж байна. Энэ бол хамгийн сайн үзүүлэлт. Хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжье.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж уриа лоозон төдий зүйл байгаа мэт санагддаг. Тендер дээр хүртэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж чаддаггүй гэж компаниуд гомдолдог?

Энэ үнэн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг нь бидний сэтгэлд байх ухамсар гэж бий боддог.  Тендер гэдэг арай өөр зүйл. Зурагтны тендер зарлагдлаа гэж бодоход хар зурагт, хавтгай зурагт, өнгөт телевизор, lcd зурагт, led зурагт 5-н төрлийн стандарт бүхий бүтэгдэхүүн байна. Бид тендерээ зурагт авна гэж зарлахад хар зурагт үнийн саналаар ялна. Аваад ирсэний дараа чанарын шаардлага хангахгүй байна гэсэн яриа гардаг. Өөрөөр хэлбэл тендер стандарт, шалгуургүйгээр зөвхөн  зурагт л авна гэсэн болохоор хэн дуртай нь ороод хямд үнэ хэлээд л ялж байгаа юм. Тиймээс стандарттай, тодорхой шалгууртай, шаардлага тавьж зарлах хэрэгтэй гэж боддог.

-Төр засгийн дэмжлэг гэхээсээ өмнө салбарын хүмүүс юу хийж чадах вэ?

Хаягдсан гэж ярьдаг ч үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Нэг талаас инженерүүд бид өөрсдөө талхныхаа төлөө явснаас болж, салбарын хөгжлөө орхигдуулсан тал бий. Бид хүмүүст ойлгуулж чаддаггүй явдал бас байгаа.

Эцэст нь хэлээд яриад байхад ойлгохгүй бол бас хэцүү.  Харин одоо л таниулах гэж ажил эхэлж байна. Ямартай ч төмөрлөг, машин үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдсан. Тодорхой ажлууд хийгдэж байна. Ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж байна.