Ц.Чинзориг: Улс орон хөдөлмөрийн багажаа өөрсдөө хийх ёстой
УБ-Төмөр замын Төв засварын газрын зохион бүтээгч Ц.Чинзориг
2013.06.24

Ц.Чинзориг: Улс орон хөдөлмөрийн багажаа өөрсдөө хийх ёстой

УБ-Төмөр замын  Төв засварын газрын зохион бүтээгч Ц.Чинзоригтой ярилцлаа.  

-Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарын хөгжүүлэх арга замын талаар ярилцая.

Нэгдүгээрт монгол улсын салбарыг хөгжүүлэх нь ямар хэрэгтэй юм бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Аливаа зүйл цэгцтэй байх ёстой.

Улс орныг нэг айл гэр үзвэл амьдрахын тулд ямар нэгэн юмийг заавал хийх ёстой. Үүн шиг улс орон аливаа зүйлийг бүтээхийн өмнө хөдөлмөрийн багаж хэрэгсэл, хүрз зээтүүтэй байх ёстой.

Орчин үед машин өндөр бүтээмжтэй болсон учраас машин техникээр л хувцас оёж, тариа тарьж байна. Тэр багажийг хэн хийж байна. Улс орон гол нь хөдөлмөрийнхөө багажийг эх орондоо хийдэг байх ёстой.

-Гэтэл одоо импортоос 80-аас дээш хувийг оруулж ирж байна шүү дээ?

Хөдөлмөрийн багажаа хийж чадах чадвартай болох нь улсын бие даасан бодлого. Улсын хар хайрцагны бодлого гэж ярьдаг. Жишээ нь Америк улс ард иргэддээ хямд, чанартай барааг Хятадаас авахыг зөвшөөрч байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт хятад нийлүүлэлт хийхээ болилоо гэхэд, Америк улс бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэж чадах чадвар, нөөц, боловсон хүчнээ бэлдчихсэн байх жишээтэй. Энэ бол бодлого. Гэтэл манайх өнөөдөр хэрэглэгчийн түвшинд л байна.

 Орос, Хятад хоёр бензин, эрчим хүчээ нэг сар зогсооход манай улсын бүх техник зогсоно. Төмөр зам ажиллахгүй болохоор цахилгаан станц зогсоно. Нүүрсээ зөөж чадахгүй. Бид нар хараатын хараат байдалд байна. Энэ байдлаа бодоод эрсдлээ тооцоод, барьц алдах үед төрийн бодлоготой байх ёстой. Төр ерөөсөө л үүнийг хийх ёстой. Эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь ганц үүрэг нь.  

-Ийм чухал салбараа хорин жил хаясан гэж мэргэжилтнүүд халаглаж байгаа. Одоо юу хийх вэ?

Тийм ээ. Манай үйлдвэр анх 1950 онд байгуулагдсан. Монголд авто засварын завод, засварын нэгдсэн үйлдвэр гээд цөөхөн хэдэн машин үйлдвэрлэлийн бааз байсан. Социализмын үед боловсон хүчнээ маш их цэгцтэй бэлддэг бодлоготой байсан болохоор л бидний хэдэн газар үлдэж чадсан.

Зах зээл гараад хувь хүний үзэлтэй болж, эх орноо гэх нь цөөрсөн. Хэрвээ эх орноо гэсэн сэтгэлтэй байсан бол манай улс сайхан л явах байсан. Харамсалтай амиа бодсон үзэлтэй хүмүүс төрийн толгойд улс орныг авч явсан учраас машин үйлдвэрлэлийн салбарыг унагаасан.

-Унагаасан гол шалтгааныг та юу гэж бодож байна?

Яагаад гэвэл машин үйлдвэрлэлийн салбар гэдэг импортын худалдааг хаадаг салбар. Дотооддоо үйлдвэрлээд ирэхээр гаднаас бүтээгдэхүүнүүд орж ирэх нь багасна шүү дээ. Манай байгууллага үлдсэн нь өмч хувьчлалын үед Орос улстай 50, 50 хувийн мэдэлтэй байсан учраас л үлдсэн хэрэг. Оросууд хувьчлахыг зөвшөөрөөгүй.

-Хөдөлмөрийн багажаа өөрсдөө хийснээр ямар ач холбогдолтой вэ?

Нефть, шатах тослох материалыг гаргаж авдаг зүйл нь эцсийн эцэст машин л байдаг байхгүй юу. Түүнээс биш гар аргаар хувинд зуураад шанагаар хутгаж хийгээд бүхэл бүтэн улс орны хэрэгцээг хангахгүй. Экскаваторын том шанагаар ухаж авна шүү дээ. Үүний тулд аварга машинууд хэрэгтэй.

-Танай засварын газар зөвхөн төмөр замынхаа үйлдвэрийн үйлчилгээг хийдэг үү. Өөр бусад гадагшаа зах зээл дээр гардаг уу?

Манай үйлдвэрлэлийн 90-ээд хувь нь төмөр замынхаа дотоодын үйлдвэрлэлийн эд анги, сэлбэгийг хийдэг. Үлдсэн 10 хувь нь хүмүүс, аж ахуй нэгжүүдийн хувийн машин, эд ангийг засах техникийн тооцоог хийдэг. Төмөр замын вагонтой холбоотой эд ангийн засварууд ирдэг.

Манай засварын газар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Төмөр зам өөрөө том айл. Засварын ажлыг жилээр нь төлөвлөөд, нарийн хуваарийн дагуу өргөн бүрэлдэхүүнээр ажилладаг. Энэ үед завтай, сул зогссон хүн гэж байхгүй. Харин энэ жил эдийн засаг жаахан сул байгаагаас үйлдвэрийн ажил жаахан хумигдаж байна.

-Цаашдаа металл боловсруулах, дотоодын сэлбэг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ?

Хөрөнгө оруулалт хэрэгтэй.

-Төр засгаас ямар нэгэн байдлаар сайжруулж байгаа зүйл бий юу?

Бодлого байгаа ч санаанд хүрдэггүй. Бодлого гэдэг алсын хараатай, яг юуг эхэлж барьж авах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гадны тоног төхөөрөмжийн судалгаа хийх хэрэгтэй. Төр аливаа ажил хийх гэж байвал сэтгэлтэй, тухайн мэргэжлийн хүмүүсийн багийг л бүрдүүлэх ёстой. Тэгж чадахгүй байна.

Машин үйлдвэрлэлд уялдуулах зүйл маш их. Уул уурхайгаас олборлосон төмрийн хүдрийг баяжуулж, ширэм, ган болгоно. Үүнээс гарсан бэлдэцийг хайлуулах уу, хийцэд ашиглах уу явсаар байгаад сая цогц болох ёстой. Энэ тухай ярьж байхад Японы төрийн бодлогыг яримаар байна. Япончууд шорооноосоо ган сэлэм хийдэг хүмүүсээ төрөөс нь дэмжээд байлгадаг. Хэзээ нэгэн цагт эрчим хүчгүй болоод бүхнийг хүй нэгдлээсээ эхлэх болвол гангаа гаргаж авах чадвартайгаа байна гэж тэр. Алсын хараа гэдэг ийм нарийн.