17 давхараас дээш барилгад яам зөвшөөрөл олгож, хариуцлага нэхнэ
Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрмийн дагуу 1 дүгээр ангилалын барилга буюу 17 давхараас дээш барилга барих зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгохоор болсон.
Нийслэлд нэг үеэ бодвол өндөр барилга олноороо баригдаж, хөрөнгө оруулагчид өндөр барилгад хөрөнгө оруулалтаа хийж эхлээд байна.
Үүнтэй холбоотой өндөр барилгын норм дүрэм, стандартыг салбарын яамнаас мөрдөх шаардлагатай болоод байна.
Шангри-Ла олон улсын сүлжээ зочид буудлын төсөлтэй танилцав
Дүрэм мөрдөгдөж эхлэхээс өмнө зөвшөөрлөө авч суурийн ажлаа эхлүүлсэн Эм Си Эс ХХК-ийн Улаанбаатар Шангри-Ла олон улсын сүлжээ зочид буудлын төсөлтэй Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд эхлээд танилцлаа.
Улаанбаатар Шангри-Ла төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Эм Си Эс Проперти ХХК, Samsung C&T LLC хамтран ажиллаж байна.
Төслийн 1-р үе шатанд 24 давхар товер, 2 давхар үйлчилгээний төв, 2-р үе шатанд 1-5 давхартаа үйлчилгээний хэсэг, кино театр, усан бассейн, чийрэгжүүлэх төвтэй, 6-24 давхартаа оффис, 6-34 давхартаа зочид буудал бүхий товерийг барьж байгуулна гэж байв.
Мөн орон сууцны барилгын каркасын ажил нь дууссан Индустр ХХК-ийн Улсын драмын эрдмийн театрын өргөтгөл орон сууцны 22 давхар барилгын ажилтай Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд танилцлаа.
Анх 22 давхар барилга барих зураг төсөлтэй ч нэмж 4 давхарыг тус компани барьсан байна.
Өндөр барилгын норм, дүрэм, машины зогсоол, ногоон байгууламж зэргийг тооцоололгүйгээр барилгын ажлаа гүйцэтгэж эхэлжээ.
Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах шинэ дүрэм мөрдөгдөж, энэ дагуу өндөр барилгын норм, дүрэм шаардана гэдгийг салбарын сайд тэдэнд анхаарууллаа.
Хэдийгээр хөрөнгө оруулалт, эрсдэлээ өөрсдөө тооцож барьж байгаа ч иргэдийн аюулгүй байдал бусад асуудлыг тооцох учиртай.
Улаанбаатар хотод баригдаж эхэлсэн, цаашид баригдах 17 давхараас дээшхи барилгуудад яам барилга барих зөвшөөрөл олгохын зэрэгцээ холбогдох шаардлагуудыг хатуу тавих болно гэдгийг хэлэв.