Ж.Эрдэнэбат: Улс төрийн том хүчнийг тарна гэж мөрөөдөж байгаа хүмүүс битгий сэрүүн зүүдэл
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.07.03

Ж.Эрдэнэбат: Улс төрийн том хүчнийг тарна гэж мөрөөдөж байгаа хүмүүс битгий сэрүүн зүүдэл

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг “VIP” ярилцлагадаа урьж, МАН-ын шинэчлэлийн асуудлаар яриа өрнүүллээ.

-МАН-ын дэргэдэх байгууллагын залуучууд нэгдэж, “Шинэчилье” хөдөлгөөн байгууллаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Зөвхөн залуучууд биш маш олон хүн МАН шинэчлэгдэж, өөрчлөгдөөсэй гэж хүсэн хүлээж байгаа. Яагаад гэвэл, МАН өөрөө туурга тусгаар Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө бидний өвөг дээдэс халуун амь, бүлээн цусаа зориулан явж ирсэн. Ийм агуу түүхтэй нам.

Магадгүй МАН гэдэг нэрэн дор нэгдэж, тусгаар улсынхаа төлөө тэмцээгүй байсан бол Монгол Улс байх байсан уу гэдэг нь тодорхой. Тийм учраас ийм агуу түүхтэй намын хувьд сүүлийн хэд хэдэн улс төрийн сонгуульд ард түмнийхээ итгэлийг хүлээж чадсангүй. Ялалт байгуулсангүй. Гэхдээ биднийг дэмждэг тодорхой масс байна гэдэг харагддаг. Гэвч амжилт гаргаж чадаагүй.

-Яагаад амжилт гаргаж чадаагүй юм бол?

-Амжилт гаргаж чадаагүйн үндэслэл нь намын шинэчлэгдэх үйл явц нь маш удаан явагдаж байгаатай холбоотой. Шинэчлэгдээд байна гэж ярьдаг ч энэ нь нийгэмд, ард түмэнд таалагдахгүй байгаа. Тиймээс дорвитой шинэчлэлт, өөрчлөлтийг хийх ёстой.

-Тэр шинэчлэлийг залуус хийж чадах болов уу. Таны хувьд “Шинэчилье” хөдөлгөөнд нэгдсэн үү?

-Миний хувьд санаачилга гаргаад явж байгаа залуучуудын нэг. МАН ардчилал, зах зээл эхэлснээс хойшхи хугацааны 60 орчим хувьд нь төрийн эрх барьсан. Төрийн эрх барьсан энэ хугацаанд эрх мэдэл байсан ч хөгжил байдаггүй юм байна. Нам өөрчлөгддөггүй юм байна.

МАН гэдэг нэрэн дор нэгдэж, тусгаар улсынхаа төлөө тэмцээгүй байсан бол Монгол Улс байх байсан уу гэдэг нь тодорхой.

Яагаад гэвэл, “Бид болж байна. Бүтээж, болгож байна” гэдэг сэтгэлгээ байгаад байдаг. Үүнээс болж энэ намд өөрчлөлт, шинэчлэл гэдэг зүйл маш их удаашралтай явагдаж. Өнөөдөр бол улс төрийн сонгуульд удаа дараа ялагдаад ирэхээр зайлшгүй өөрчлөх шаардлагатай юм байна гэдгийг хүн болгон хүсэн хүлээж байгаа. Мөн хүсэж байна.

Тийм учраас өөрчлөгдөх, шинэчлэгдэх ёстой. Гэхдээ заавал хэн нэгнийг өөр хүнээр сольсноор өөрчилж, шинэчлэх биш. Хүнтэй гол нь ярихаас илүүтэйгээр энэ намын бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах ёстой юм.

Үйл ажиллагаагаа өөрчилж, ард түмэнд таалагдах зүйлийг хийснээр бид бага хэмжээгээр унаад байгаа намынхаа нэр хүндээ сэргээх бололцоо бүрдэнэ гэсэн зорилгын үүднээс энэ хөдөлгөөнийг зохион байгуулсан. “Шинэчилье” хөдөлгөөнд манай намын шинэчлэлийн талаар ярьдаг олон залуу нэгдэж орсон.

-Залуучууд “МАН-ын Бага хурлыг ойрын хугацаанд хуралдуул” гэдэг шаардлагыг тавьсан. Саяхан Удирдах зөвлөл хуралдлаа. Энэ асуудлыг хэрхэн авч үзсэн юм бол?

-Бидний тавьсан уриалга, шаардлагыг Удирдах зөвлөл хүлээж авсан. Энэ асуудлаар хуралдаад долдугаар сардаа багтаад Бага хурлыг, есдүгээр сарын сүүлийн долоо хоногт Их хурлыг хуралдуулна гэсэн шийдвэр гаргасан.

Манай залуучууд наадам өнгөрөхөөр амралтын үе эхэлнэ гэдгээс шалтгаалж өмнө нь хуралдуулах шаардлагыг тавьж байгаа. Намын Удирдах зөвлөлийнхний тайлбарлаж байгаагаар бол “Аймаг, орон нутгаас санал авсан.

Наадмын наана Бага хуралд ирж оролцох ямар ч боломж байхгүй, тиймээс ирц бүрдэхгүй байна” гэсэн чиглэлийн тайлбар хэлж байлаа. Бид энэ талаар намын удирдлагатай дахин ярилцах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа.

-Одоогийн намын удирдлагууд муу ажилласан гэж дүгнэж байгаа. Та хувьд санал нэг байгаа гэсэн үг үү?

-Бид ялагдал хүлээх, таагүй уур амьсгал болохоор хүн рүү дайрахаа болих хэрэгтэй. Би хувьдаа тэгж бодож байгаа. Манай залуучууд ч гэсэн ийм бодолтой. Гэхдээ нэгэнт “Болгоно, бүтээнэ” гэж хэлээд гараад ирсэн тохиолдолд хариуцлага хүлээх ёстой юу гэвэл ёстой. Харин ганцхан намын дарга юм уу, ерөнхий нарийн бичгийн дарга муу ажилласнаас нам ялагдлаа гэж хэлж болохгүй.

Хүнтэй ярихаас илүү энэ намын бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах ёстой.

200 гаруй мянган гишүүнтэй энэ намын хувьд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга муу ажилласнаас ялагдлаа гэхэд хэцүү. Харин удирдан зохион байгуулах чадвар нь сайн байгаагүй гэж хэлж болно. Нөгөө талдаа МАН-д маш олон лидер бий. Гэтэл одоо болохоор энэ нам лидергүй болсон гэж хүмүүс ярьдаг. Би үүнд гайхдаг. Хэрвээ МАН АН-ын оронд олонхи байсан бол лидер байхгүй гэж хэлэхгүй.

Өнөөдөр олонхи болсон намд лидер байдаг, харин цөөнхөд нь лидер байхгүй болсон гэдэг ойлголт байж болохгүй. Нийгэмд байгаа, ялангуяа залуучуудын ойлголт нь үнэхээр хоцрогдсон байна уу гэж боддог юм. Жишээлбэл, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр гэдэг хүн шинэчлэлт, өөрчлөлт яриад эхлэхээр “Тэр хоёр юу чадах билээ”.

Магадгүй Я.Содбаатар, Ж.Энхбаяр ч байдаг юм уу ярихаар зарим нэг нь “Тэр хоёр юу чадах вэ” гэж юманд ханддаг хандлагаасаа болиосой гэж бодож байгаа. Бид ямар ч байсан яриад эхлүүлсэн. Эхлүүлэхдээ эрх барьж байгаа улс төрийн хүчний залуучууд биш учраас ямар нэгэн ажил, албан тушаалын хойноос хөөцөлдсөнгүй.

Зөвхөн энэ намын гишүүдийг сэргээх, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг нам байсан тэр хэмжээнд нь аваачих. Мөн  тэрхүү шаардлагад нийцүүлэхийн тулд орчин үед нийгэм, ард иргэд юу хүсээд байна гэдгийг бодож, өөрчлөлт, шинэчлэлийг хийе гэж зорьж байгаа.

-МАН таван сонгуульд ялагдсан. Харин автоматаар тарна гэдэг яриа гараад байна?

-АН-ынхан өмнө нь тав байтугай сонгуульд ялагдаж байсан тохиолдол бий. Одоо болтол тараагүй л байна. Түүнчлэн нэг ч удаа олонхи болж үзээгүй Ногоон нам байгаа. Тэгэхээр эдгээр намыг яриагүй мөртлөө энэ том улс төрийн ууган, Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө цусаа урсгаж явсан түүхтэй хүчнийг тараах талаар ярьж болохгүй асуудал. Яагаад МАН өнөөдөр том улс төрийн хүчин байж тарах ёстой гэж.

Ийм юм хэзээ ч байхгүй. Үүнийг мөрөөдөж байгаа хүмүүст битгий сэрүүн зүүдэл гэж хэлмээр байна. Ер нь тэгээд МАН-ыг тараая, устгая гэсэн бодлого, зорилготой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ийм бодлого, зорилго ч ажиглагдаад байгаа. Үүгээрээ юуг ч өөрчлөхгүй. Харин Монгол Улс буцаад коммунизм, социализм руу орох гэж байгаа юм уу.

Улс төрийн хоёр том хүчин хоорондоо мэтгэлцэж, ярилцаж, зөвшилцөж байж Монгол Улс зөв замаар хөгжинө. Ингэж байж ардчилсан Монгол Улс гэдэг нэртэй байна биз. Тэгэхгүйгээр улс төрийн том хүчнийг үгүйсгэж, үгүй болгож байгаад ганцхан АН гэдэг нам үлдээд БНМАУ болох гэж байгаа юм уу. Тэгээд коммунизм, социализм руугаа шилжих юм уу. Үүнийг ойлгохгүй байна.

-МАХН хоёр хуваагдсан нь одоогийн нөхцөл байдалд хүргэсэн үү. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Үүнтэй холбоотой биш. Тухайн үед намын удирдах бүрэлдэхүүн, хувь хүмүүсийн хоорондын маргаанаас үүсэж бий болсон нөхцөл байдал. Уг нь МАХН гэдэг нэр Улс төрийн намын тухай хуулиар олгогдох ёсгүй. Үүнийг хуульч нар хэлдэг. Тэгээд ч хуульдаа байхгүй зүйл байсан. Гэтэл ямар үндэслэлээр олгогдсон нь тодорхойгүй байгаа.