Хөшөөтийн үйл ажиллагааг Засгийн газарт мэдэгдэлгүй зогсоожээ
УИХ-ын хоёр отгон гишүүн тангараг өргөхийн өмнө Д.Батцогтоос Уул уурхайн сайдад тавьсан “Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг эзэмшиж буй “Мо Эн Ко” компанийн үйл ажиллагааны талаарх асуулга”-ын хариуг чуулганаар сонссон юм. Үйл ажиллагаа нь зогсоод буй уг уурхайтай холбоотой тодорхой мэдээлэл авахыг тэрбээр хүссэн байна.
Д.Ганхуяг сайд “Хөшөөтийн нүүрсний ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар эхний жилд 1,4 сая тн, хоёр дахь жилээс 3,0 сая тн, гурав дахь жилээс 5,0 сая тн, дөрөв дэх жилээс 8,0 сая тн нүүрс олборлож, төслийн хүчин чадалдаа хүрэхээр төлөвлөсөн.
Хөшөөтийн уурхайг Засгийн газар болон яамны зүгээс зогсоогоогүй. Энэ талаар “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргаагүй байхад үйл ажиллагаагаа зогсоох нь хууль зөрчсөн буруу үйлдэл, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ажиллах ёстой гэдгийг хатуу сануулсан.
Үүний дараа “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд иргэдтэй цаашид хамтран ажиллана гэдгээ манай яаманд мэдэгдсэн.
“Хөшөөт нүүрс” төслийн хүрээнд нийт 336,9 км урт хатуу хучилттай авто зам, нисэх онгоцны буудал, Зэрэг, Дарви сумыг холбосон 35 кВт- ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 36 мВ-тын чадалтай дулааны цахилгаан станц, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Цаашид нарийвчилсан хайгуулын үр дүнд нүүрсний нөөц өсөх боломжтой тул Хөшөөтийн ордыг түшиглэн цахилгаан станц барих нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой.
Нүүрсний ордыг ашиглах явцад уурхай орчмын байгаль экологид тодорхой хэмжээний сөрөг нөлөөлөл үүсч, экосистемд өөрчлөлт орж болзошгүй тул “Хөшөөт нүүрс” төслийн хүрээнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг жил бүрийн уулын ажлын төлөвлөгөөнд тусгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна” гэлээ.