Эрдэс баялгийн салбарын бодлогыг шинэчлэлийг өргөн мэдүүллээ
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.06.05

Эрдэс баялгийн салбарын бодлогыг шинэчлэлийг өргөн мэдүүллээ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ- ын даргад өргөн барилаа.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт болон уг хуулийг 2006 онд баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2006 оны 74 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1-д Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан нь энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах эрх зүйн үндэслэл болсон.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Иргэний танхимд 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцүүлэх явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээс өмнө “Төрөөс эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн бодлогын баримт бичгийг боловсруулах чиглэлийг Уул уурхайн яаманд өгсөн.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот захирамжаар салбарын эрдэмтэд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага болон холбогдох яам, агентлагын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгийг Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгээс Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсрууллаа.

Бодлогын баримт бичиг батлагдан гарснаар эрдэс баялгийн салбар нь тодорхой бодлого, чиглэлтэй болж, тогтвортой, ил тод, хариуцлагатай, хуулийг дээдлэсэн, харилцан ашигтай байх зарчмыг баримталж,  эрчимтэйгээр хөгжих үндсэн чиглэл тодорхойлогдоно гэж үзэж байна.

Төрөөс баримтлах бодлогыг УИХ-ын тогтоолын төсөлд заасан хөтөлбөр, төслүүдийг холбогдох хууль журмын дагуу төлөвлөгөө боловсруулан батлуулж, биелэлтийг хангах замаар хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрүүдийг бусад салбаруудын бодлого, үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөж, удирдамжаар хангах, мониторинг хяналт хийх, үнэлж дүгнэж хэрэгжилтийг зохицуулна.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ.

  • Бодлогын чиглэлийн хүрээнд,
  • Геологийн салбарын хүрээнд,
  • Олборлох салбарын хүрээнд,
  • Боловсруулах салбарын хүрээнд,
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн хүрээнд,
  • Эрдэс баялгын салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн хүрээнд

Уул уурхайн яам “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тогтмол хугацаанд хяналт, шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлтийг дараа жилийн эхний улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байх юм.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

 Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөгөөр тэргүүлэгч үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль орчин, эдийн засаг нийгмийн хөгжлийн тэнцвэрийг хангасан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжсэнээр ил тод, хариуцлагатай, хуулийг дээдэлсэн, харилцан ашигтай уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулах  өгөөж нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн амьжиргааны түвшин, чанарыг тасралтгүй дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.

Уул уурхайн салбар нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл, хандлагын хүрээнд газрын хэвлийн баялгийн давуу байдалд тулгуурлан хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтэрсэн олборлох болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болон хөгжих болно.