Г.Батхүү: МАН цөөнх байж үзээгүй учир төвөгтэй зүйл байгаа байх л даа
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.06.09

Г.Батхүү: МАН цөөнх байж үзээгүй учир төвөгтэй зүйл байгаа байх л даа

Өнгөрөгч баасан гаригт нээгдсэн УИХ-ын чуулганы хуралдаа­ны үеэр өрнөсөн үйл явцын дараа УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

-Чуулганы нээлт нэ­лээд ширүүхэн боллоо. МАН-ынхны хийсэн энэ­хүү үйлдлийн та­лаар та ямар бодолтой байна вэ?

-Чуулган хуулийнхаа дагуу нээлтээ хийсэн. Ерөнхийлөгч үг хэллээ. Гэтэл МАН-ынхан хурал хаяж гарсан шалтаг, шалт­гаанаа хэлсэнгүй. Уг нь тайлбар хийгээд "Ийм учраас бид гарлаа" гэдэг тогтсон заншил бий. Шууд­хан хэлбэл, МАН-ынхан цөөнх шиг цөөнх байж чадахгүй байна. Цөөнх байж үзээгүй учир төвөгтэй зүйл байгаа байх л даа. Хүний үг сонсож сураагүй, дандаа олонхи байж, олонхио­роо асуудлыг шийдээд сурчихсан учир түүндээ дасахгүй байгаа юм болов уу даа л гэж бодож байна.

Ер нь нам болон хувь хүмүүсийн хувьд санал бодол 100 хувь нийлж байх шаардлагагүй. Тийм бололцоо ч байхгүй. Эсрэг, сөрөг зүйл олон байж таарна. Гэхдээ би ганцхан зүйл дээр санал нэгддэг байгаасай гэж боддог юм. Энэ нь улс орны язгуур эрх ашиг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн үзүүлэл­түүд сайн биш байна.  Ерөнхийлөгч ч сая хэлсэн. Бидэнд үүнээс илүү сайн байх бололцоо бий. Бид дотроо учраа ололцох­гүй, үл ойлголцож, хөл гар нийлэхгүй байгаагаас бо­лоод гадны хөрөнгө оруу­лагч­дыг үргээж байна. Өөрсдийн сайн сайхан амьдралын бололцоог алдаж, Засгийн газрын хийх ажлыг чөдөрлөж байна. Угтаа энэ бүхэн нь аль нэг нам, хэн нэгэн хүний эрх ашгаас дээгүүр том асуудал гэдэгт дан­даа нэгдэж байх ёстой. Өнөөдрийн чуулганы үеэр болсон үйл ажилла­гаа ч гэсэн гадаад ертөн­цөд таатай санагдахгүй байх гэж бодож байна даа.

-Ерөнхийлөгч хэл­сэн үгэндээ "...хорхойт­сон баавгай" гэсэн нь МАН-ынханд хүндээр тусах шиг болсон?

-Ерөнхийлөгчийн хэл­сэн үг зөвхөн нийгмийг эсвэл сөрөг хүчнийг шүүмжлээгүй. Тэр бай­тугай олонхийг хүртэл хангалттай сайн шүүмжилсэн шүү дээ. Алдаа дутагдлаа олж харсан бол түүнийгээ засч залруул, хугацаатай ажлаа хурдан хий, гадаад до­тоод хөрөнгө оруулагчдыг татах, тэдний ажиллах таатай, баталгаатай орч­ныг бүрдүүлэх, гадаадын зах зээл дээр бараа бүтээг­дэхүүнийг чөлөөтэй худалдах асуудал дээр цаг хугацаа алдаж байна гэх мэтчилэн олон шүүмж­лэлийг хэлсэн.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн үзүүлэл­түүд сайн биш байна. Ерөнхийлөгч ч сая хэлсэн. Бидэнд үүнээс илүү сайн байх бололцоо бий.

Нэгэнт бид пар­ламен­тын засаглалтай хойно, парламент бүхэлдээ энэ хариуцлагаа үүрэх ёстой. Түүнээс бус олонхи нь бүх хариуцлагыг үүрдэг байж боломгүй. Ард түмэн бид­нийг төрийн бодлогыг аваад яв гэж сонгосон л бол олонхи, цөөнх гэлгүй алдааг хамт л үүрнэ. Үнэ­хээр цөөнх шиг цөөнх байсан бол алдааг нь хэлж өгөөд хамт сууж байх ёстой. Харин бидэнд ха­маа­гүй гэж үзэж байгаа бол энэ парламентад суу­гаад байх шаард­ла­га­гүй.

-Уг нь МАН-ынхан чуулганы хуралдаанд үг хэлье гэж УИХ-ын даргаас хүссэн гэсэн. Гэтэл тэднээр үг хэлүү­лээгүй нь үнэхээр цөөн­хийн үгийг сонсохгүй байгаагийн илэрхийлэл бус уу?

-Дэгтэй шүү дээ. Нээл­тийн чуулганыг ямар про­це­дураар явуулах вэ гэдэг нь өөрөө дэгтэй. Түү­нээс бус З.Энхболдоос юм уу, хэн нэгэн хүнээс хамаарахгүй.

Цөөнхөд үүнээс илүү боломжууд зөндөө л бай­на шүү дээ. Тав дахь өдрийн үдээс хойш бол­гон Засгийн газрын цаг байна. Шаардлагатай бол асуулга тавьж, чуул­га­ны хэлэлцэх асуудалд санал оруулж болно, байнгын хороод дээр ч саналаа илэрхийлж бол­но. Бүр шаардлагатай гэвэл бүлгийн хуралдаан­даа сайд, дарга нарыг дуудаад мэдээлэл авч болно.

Түүнээс бус хаврын салхитай өдөр хөгш­чүү­лээ дааруулж, ядраа­маар­гүй байгаа юм. Дот­роо ажлаа хийцгээе л дээ. Үнэхээр парламен­тад суудалгүй, Төрийн ордны гадна байгаа бол ойлголгүй яахав. Гэтэл энд хангалттай суудал байгаа шүү дээ.

-Та цөөнх цөөнх шиг байж чадахгүй байна гэлээ. Цөөнх ямар байх ёстой юм бэ?

-Цөөнх үгээ дүрэм жур­­мынхаа дагуу хэлдэг, эсэргүүцэх зүйлээ жур­мынхаа дагуу л эсэр­гүүцдэг байх хэрэгтэй. Эдний өнөөдөр хийж бай­гаа үйлдэл бол Л.Гүн­далай ганцаараа байх­даа хэрэглэж байсан арга. Одоо бол МАН тийм ч цөөхүүлээ биш. Бүх байн­гын хороодод бай­гаа, бүлэгтэй болчихсон. Тиймээс олгой хагаравч тогоон дотроо гэдгийн адилаар асуудлыг дугуй танхимдаа л ярих ёстой юм. Энэ мэт нийгэм, га­даад улс орон руу гаргаад байх юм бол эдгээрийг харж байгаа гадны хө­рөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлөх вэ.

Засаг нь дотроо ойлголцохгүй бай­вал бизнест ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг тэд мэднэ шүү дээ.
-МАН-ынхны үйлд­лийн агуулга нь Засгийн газар, тэр дундаа Ерөн­хий сайдыг огцруула­хад л чиглэгдэж бай­сан?

-Засгийн газар огцрох ёстой гэвэл гарын үсгээ зураад, хуулийнхаа дагуу асуудлаа тавиад хэлэл­цүүлэх хэрэгтэй. Ерөөс Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх эрхтэй байгууллага бий.

-Үнэхээр тэдний хэлж буйгаар энэ удаа­гийн Засгийн газар батаа­рын араас хөөцөл­дөх, Төрийн ордонд ир­гэдийг нэвтрүүлэхээс өөр зүйл хийгээгүй гэ­дэг­тэй та санал нэгдэж байгаа хэрэг үү?

-Юу ч хийдэггүй Зас­гийн газар гэж огт бай­даг­гүй. Аливаа Засгийн газар бүр хийж, бүтээхийн тө­лөө ажиллаж байгаа. Ха­рин хийсэн ажлын үр дүн нь ямар байна вэ гэдэг талаас нь л асуудлыг ярих байх.

Өнөөдрийн Засгийн газар байгуулагдаад до­лоон сар болж байна. Энэ хугацаанд юу хийсэн бэ гэдгийг бид ярьж болно. Гэхдээ ийм хугацаанд хийгээд үр дүн нь гар­чих­даг ажил тийм ч олон биш. Эхлэл, алхам, суурь нь хийгдэж байгаа маш олон ажил бий. Би хувь­даа шинэчлэлийн Зас­гийн газар УИХ-аас баталж өгсөн ажлуудаа хийж байна л гэж ойлгож байгаа.  

-Гэхдээ огцруулах 25 хүний гарын үсэг бүрдчихсэн гэсэн шүү дээ?

-Тэр талаар ёстой мэдэхгүй байна.

-МАН-ынхан гадаа жагсаж байна. Жагсагч­дын тавьж байгаа нэг асуудал нь шүүхээр далайлгаж УИХ-д суу­дал авч байна гэсэн. Энэ нь таныг хэлж бай­гаа бололтой?

Өнөөдрийн Засгийн газар байгуулагдаад до­лоон сар болж байна. Энэ хугацаанд юу хийсэн бэ гэдгийг бид ярьж болно. Гэхдээ ийм хугацаанд хийгээд үр дүн нь гар­чих­даг ажил тийм ч олон биш.

-Би өнөөдөр хуультай болж, баталсан хууль хэрэгжсэний үр дүнд гарч ирсэн гишүүн. Өмнө нь мөнгө тараасан хүн УИХ-ын гишүүн болоод л явдаг байсан. Харин ийм зөрчлийг зогсоох хуулийг түрүүчийн парламент батал­сан. Хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүн бо­лох­гүй. Өөрөөр хэлбэл, би сайндаа биш, хууль хэрэгжсэн юм. Буруутан нь хуулийн дагуу шүүхийн өмнө хариуцлагаа хүлээ­сэн. Тиймээс би хэн нэгэн хүний саналыг булааж, урдуур нь орж ирсэн зүйл байхгүй. Нөгөө талаас би өөрийгөө УИХ-д сүүлд орж ирснээрээ хэн нэгний өмнө буруутай ч гэдэг юм уу, хуулийн өмнө буруу­тай гэж огт бодохгүй байна.

-Та гишүүн болсны­хоо дараа Д.Зоригт бид хоёр нэг завин дээр бай­гаа гэж байсан. Тэгэ­хээр удахгүй Д.Зоригт гишүүн орж ирэх үү?

-Би авсан саналын­хаа тоогоор гуравт бай­гаа юм. Харин луйвар­дуул­сан саналын тоог хасчихлаар би нэгд ор­сон. Д.Зоригт бид хоёр хамт тангараг өргөх бо­ломж байсан. Гэхдээ Д.Зоригт "Үнэхээр энэ хүмүүс өөрсдийгөө орох ёстой гээд байгаа бол хасагдсан улсуудын эхэнд байгаа С.Чинзориг ороод ир. Би тангаргаа өргөхгүй хүлээж байя. Тэгээд ч орж ирж чадах­гүй бол миний хувьд тэр­тээ тэргүй хууль эрхзүйн орчин бүрдчихсэн байгаа учир тангаргаа өргөе. Хэрэв С.Чинзориг үнэ­хээр орж ирж чадна гэвэл асуудлаа шийдээд ороод ир" гэсэн хүлээлтийн бай­дал­тай л байгаа. Д.Зориг­тын хувьд өнөөдөр ч орж ирээд тангараг өргөхөд болохгүй зүйл байхгүй.

-Увсын хоёр гишүү­ний шүүх хурал боллоо. Ер нь цаашид асуудал МАН-ынхны талд ший­дэг­дэнэ гэсэн таамаг нийгэмд бий. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайг АН, Увсыг МАН гэсэн тохироо хийгдсэн гээд байгаа?

-Тийм зүйл байхгүй. Би лав тийм тохирол­цоонд ороогүй.

-МАН-ынхны шүүм­жилж байгаа өөр нэг зүйл бол өнгөрсөн хуга­цаанд Засгийн газрын хийсэн хамгийн том ажил гэгдэх "Чингис бонд". Тэд хойч үедээ маш их өр үлдээж бай­на хэмээж байгаа. Тэр ч бүү хэл АН тэтгэвэрт гарахад бондын өр хүмүүсийн нуруун дээр ирнэ гэсэн?

-АН тэтгэвэрт гарах­гүй. Бидний араас олон залуус гарч ирнэ. Хоёрдугаарт, "Чингис бонд" бага мөнгө биш. Харин үүнийг хэрхэн үр ашигтай зарцуулснаар л өр эсвэл  баялаг болох эсэх нь ший­дэгдэнэ. Үнэхээр буруу зарцуулаад үрэн таран хийчихвэл өр болно, зөв зарцуулаад баялаг бүтээ­дэг болчихвол өрөө тө­лөөд цаана нь асар их баялаг улс оронд үлдэх бололцоо бий. Тиймээс АН "Чингис бонд"-ыг зөв зарцуулж, өрөө дараад, баялгаа ч бүтээе гэсэн бодлогоор л ажлаа хийж байгаа.

-Гэхдээ үнэхээр бон­дын хүүнд жилд асар их хэмжээний ам.доллар төлөх ёстой болчихоод байгаа шүү дээ?

-Бондоор ямар баялаг бүтээж болохыг ярихгүй байгаа байхгүй юу. Зөвхөн хүүний л тухай яриад байна. Энэ бол амархан, тооны машин дээр бо­доод л гаргачихна. Гэтэл өдөрт ямар хэмжээний нэмүү өртөг бүтээж, баялаг бий болгох вэ гэдгийг нарийн бодолцох ёстой юм.