Эмэгтэйчүүдийн эрх- Өнөөгийн Монголд
Дархан-Уул аймгийн ЭМШУИС-ын оюутнуудад лекци уншлаа. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 2013.03.07
Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч доктор порофессор эрдэмтэн багш нар аа, Сурч мэдэхийн их тэмүүлэл болсон оюутан залуус аа, та бүхэнд энэ өдрийн амар амгаланг эрж мэндчилж байна.
Эмэгтэйчүүдийн эрх- Өнөөгийн Монголд
Хүний эрхийн тухай ойлголтыг янз бүрээр тайлбарладаг. Хүний эрх нь түгээмэл бөгөөд салшгүй, харилцан хамааралтай, хуваагдашгүй, тэгш байх, үл ялгаварлан гадуурхахгүй байх олон улсын хэм хэмжээгээр баталгаажсан зэрэг шинжүүдийг агуулсан байдаг. Эдлэх эрхүүд хоорондоо харилцан хамааралтай, адил түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Хүний аль нэг эрхийг нөгөөгөөс илүүтэйгээр тайлбарлаж болохгүй. Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд аливаа үндэслэлээр бусдыг ялгаварлаж, эрхээ эдлэхэд нь хязгаарлалт тогтоох эсвэл давуу эрх олгохыг хориглосон төдийгүй хууль тогтоомж, институци, хүмүүс хоорондын бүхий л харилцаанд буй ялгаварлан гадуурхалтыг устгахад чиглэдэг.
Төр нь хүний эрхийн чигэлээр хүлээх үүргийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх гэсэн 3 төрлөөр авч үздэг. Иймээс хүний эрхийн чиглэлээр хүлээсэн үүргээ төр хэрэгжүүлж байгаа эсэхэд иргэний нийгэм хяналтаа тавих ёстой. Гэтэл манай улсад төр нь хүний эрхийн дээрх суурь зарчмуудыг хир хамгаалж, хангаж байгаа, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж чадаж байгаа билээ. Тэр дундаа Эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар:
Сүүлийн 22 жилд манай улсад Ардчилал хөгжсөн гэж бид ярих дуртай. Гэтэл Ардчиллын нэрээр тогтолцооны томоохон гажуудал үүссэн төдийгүй өнөөдрийн бий болоод байгаа улс төр, нийгмийн тогтолцоо бол бид бүгдийн хүсэн хүлээсэн, хэдэн жилийн өмнө байгуулах гэж зорьсон, хүмүүнлэг, ардчилсан нийгэм биш ээ.
Зарим маань Ардчилал гэхээр АНУ гэж ойлгодог, зарим нь АН гэж андуурдаг эсвэл өмч хувьчлал, чөлөөт зах зээл гэж эндүүрдэг. Ардчиллын зарчмыг Үндсэн Хуулиндаа тусгасан хирнээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэнгүй. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмээ бүтээж чадсангүй ээ. Үүний хохирогч нь ард иргэд, эмэгтэйчүүд, хүүхэд болсон байна.
Манай Улс хүний эрхтэй холбоотой 40 гаруй гэрээ, конвенцид нэгдэж, олон хуулиудад хүний эрхийн асуудлыг тусгасан. Гэвч эдгээр хууль тогтоомжууд гэрээ конвенциуд бүрэн ёсоор хэрэгжихгүй байна. Хүний эрх зөрчигдөж байна. Хариуцлага суларч байна. Хүний эрхийн асуудал нь улс төрчдийн коко авах, ард түмний өмнө өөрсдийгөө рекламддаг хоосон лоозон болсон байна.
Хүний эрх эрх чөлөөг дээдлэхгүйгээр аливаа улс орон хөгжлийн ирээдүйгээ тодорхойлох боломжгүй юм. Тиймээс хүний эрхэд суурилж улс орныхоо хөгжлийн асуудлыг ярих цаг болжээ.
Өнгөрсөн 21 жилийн хугацаанд Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалж үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөний асуудлаар дуу хоолойгоо өргөж, дэлхийн ардчилсан улс гүрнүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа хэдий ч, өнөөдөр монгол хүн иргэнийхээ эрхийг эдлэх асуудал улс төрийн болоод эрх зүйн хувьд хангалтгүй байна.
Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ихээхэн сул байсаар байгаа юм. Төрөөс баримтлах хүн амын бодлогод эмэгтэйчүүдийн эрх, хамгааллын асуудлыг -тусгай бүлэг болгон авч үзсэн, МУЗГ аас “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлсэн, “Жендерийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр” ийг одоо батлан хэрэгжүүлж буй зэрэг нь Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд анхаарч байгаа мэт боловч үнэн хэрэгтээ эдгээр хөтөлбөр хууль тогтоомж нь цаасан дээрх тунхаг төдий байсаар байна.
Улс төр, эрх зүй,эдийн засаг, нийгэм соёлын ба гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал орхигдсоор байна.
- Монгол Улс “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Конвенц”-д 1981 онд нэгдэн орсон. Энэ хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор баталж байжээ.
Манай улсад 2005 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт гараагүй байна.Учир нь гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж олон арван хүүхэд багачууд,эмэгтэйчүүд хохирогч эсвэл хэрэгтэн болсоор байгаа тоон судалгаа байдаг.
Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл ямар аймшигтай түвшинд хүрснийг, гэр бүлийн тухай хууль, тогтоомж ямар их хоцрогдсоныг олон гэмт хэргүүд нотолсоор байна. Санаатайгаар хүн алсан гэмт хэргийн судалгаанаас үзэхэд нийт гэмт хэргийн 86% нь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалт, хувийн маргаан зэргээс үүдэлтэй байгаа нь тогтоогджээ. Эмэгтэйчүүдийн хориход нөхөр болон хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдэж байгаа эмэгтэйчүүдийн 70% нь хохирогчийн буруугаас буюу эр нөхрийн хүчирхийлэл дарамт, зодуурын дор сэтгэл санааны стресст байсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг байна.
Хууль хэрэгжүүлэх цагдаа шүүхийн байгууллагуудаас ч гэр бүлийн дотоод асуудалд оролцохгүй гэсэн байр сууринаас ханддаг нь гэр бүлийн хүчирхийлэл улмаар дээрх төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй.
Мөн олон охид, эмэгтэйчүүд сэтгэл санааны дарамтанд ороод зогсохгүй бие эрхтэний гэмтэл авч, үүрд тахир дутуу болсон байна.
- Монгол Улс “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын Конвенц”-д 2008 онд нэгдэн орсон бөгөөд “Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.
1990-ээд оны эхээр манай улсад хүн худалдаалах тэр дундаа охид эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэг шинээр гарах болсон. Ердөө хэдхэн жилийн өмнөөс хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн зорилгоор ашиглагдах, хил дамжуулан худалдагдах асуудлыг хурцаар тавьж ажиллаж эхэлсэн ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа өнөөдөр дэндүү сул болсон байна. Монгол охид, хуурамч зарлалд хууртагдан гадаадад очиж, бичиг баримтын зөрчил, ажилгүй орлогогүй болон хэл мэдэхгүйн улмаас бэлгийн хүчирхийлэл, доромжлолд өртөж, эрх нь зөрчигдөх явдал байсаар л байна. Олон сайхан бүсгүйчүүд гадаад оронд хямд ажиллах хүч болж боолын хөдөлмөр эрхэлж явна.
Өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэрчийг хамгаалах эрх зүйн орчин дутмаг байна. Хохирогчийг хамгаалахаас гадна туслалцаа үзүүлэх нөхөн төлбөр олгох, нэр хүндийг нь сэргээхэд зориулж төрийн зүгээс дорвитой ажил хийгээгүй байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогч нь хэргийг мөрдөн байцаалтын үеэр гэмт хэрэгтний айлган сүрдүүлэлтэд орсноос болж мэдүүлгээсээ буцаж, хуурамч мэдүүлэг өгсөн хэргээр буруутгагдаж, өөрсдөө гэмт хэрэгтэн болсон гашуун жишээ ч байсаар байна.
Он гарсаар 23 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсны 97 хувь нь охид, эмэгтэйчүүд, 42 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон байна.
Саяхан Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэлд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад ажлын байрны бэлгийн дарамт удаа дараа гарсан тоон мэдээллийг дурдаж байсан. Энэ юу гэсэн үг вэ?
Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагад, тэр дундаа шүүх, цагдаа хүчний байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байх уу?
Үүнээс харахад манай улс эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг улс орнуудын тоонд багтах нь лавтай.
Дэлхий дээр эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрх эдэлдэггүй, хавчлага, гадуурхал, доромжлолыг амссаар байгаа цөөнгүй оронд, Сомали, Ирак, Судан, Энэтхэг, Пакистан, Балба, Ардчилсан Бүгд Найрамдах Конго улс, Афганистан улс ордог байна. Жишээ нь:
Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсад байнга дайн байлдаан дэгдэж байдаг тул эмэгтэйчүүд нь фронтын шугамд байхад хүрдэг. Хүчирхийлэл байнга гарах бөгөөд харгис хэрцгий байдгийг НҮБ-ын судлаачид урьд өмнө байгаагүй үзэгдэл гэж нэрлэжээ.Хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь амиа алдаж, ДОХ-ын халдвар авч, үлдсэн нь эцэггүй хүүхэдтэй хоцордог бөгөөд мөнгө, тээврийн хэрэгсэлгүй, холбоо харицаагүй тэдэнд үхлээс ангижрах аргагүй аж.
Афганистан- эмэгтэйчүүд нь дунджаар 45 насалдаг, гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүдийн 87 хувь нь өртдөг, амиа хорлосон эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн тоо нь олон байдаг цорын ганц орон байна.
Манай улсад эмэгтэйчүүдийн хорих анги нэг байдаг. ШШГЕГ-ын харьяа хорих 407-р ангид нийт 405 эмэгтэй ял эдэлж байна. Үүнээс жирийн дэглэмтэй 320, чанга дэглэмтэй 71, баривчлах ял шийтгэлтэй 6, насанд хүрээгүй нэг эмэгтэй хоригдож байна. Мөн тус хорих ангид 0-1 насны 10 хүүхэд ээжтэйгээ хамт хоригдож, хоригдол эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь эмгэг өвчтэй, умайн хортой болон хоргүй хавдартайн дээр 70 хувийн групптэй эмэгтэй ч байгаа нь өнөөгийн Монгол улсын эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар баримталж буй бодлогын зөвхөн нэг жишээ.
Өөрөөр юу гэж дүгнэх билээ. Нярай хүүхдээ ээжтэй нь цуг хоричихсон, хорихын төмөр торон дээр хүүхдийн өлгий даавууг хатаалгаж, Монгол улсын хойч ирээдүй шоронгийн хашаанд хэлд бас хөлд орж байна. Төрийн ухааруулж, нийгэмшүүлэх арга ердөө л энэ. Дэндүү хатуу, дэндүү эмгэнэлтэй.
Монгол Улсын үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасан.
Аливаа улс орны хөгжлийн түвшинг эмэгтэйчүүдийнх нь зүс царайнаас харж тогтоодог гэдэг.
Гэвч эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан “ялгаварлан гадуурхаж, хүний эрх зөрчих тухай” бичигдээгүй хууль хэрэгжиж байна гэж хэлж болно. Тухайлбал, хүмүүсийг нас, хүйс, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрснийг бид бүгд харж байна. Нас, зүс царай, тарган туранхай, бие бялдар зааж, хөрөнгө чинээ харж ажилд авна. Тиймээс эмэгтэйчүүдийн ихэнхэд нь ажил олдохгүй, ажилгүй бол орлогогүй. Нэг эмэгтэйн цаана үр хүүхэд, хань нөхөр нь, эцэг эх, ах дүү нь, нэг үгээр хэлбэл тухайн гэр бүл давхар хохирч байдаг. Энэ мэт шалгуурыг даван ажилд ордог ч эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйтэй холбоотойгоор хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт явагддаг, ажлын байр хомс, ажиллах хүчийг эрчүүдийнхээс багаар үнэлдэг зэрэг хүчин зүйлүүд байсаар байна.
Хүйсийн харьцаа бараг тэнцүү гэгддэг ч эрчүүдийн нэлээд хэсэг нь ял эдэлж, архи тамхинд донтон, гадаад хөдөлмөрийн зах зээлд экспортлогдож, ажилгүй залуус ихэссэнээр эмэгтэйчүүд л амьдралын авч явж ачааны хүндийг үүрч байна. Ажил хийнэ, ар гэрээ тэжээнэ, эр нөхрөө халамжилна, үр хүүхдээ өсгөнө, дээр нь гэр орноо цэвэрлэнэ, хоол ундаа хийнэ гээд борви бохисхийх завгүй зүтгэж яваа эмэгтэйчүүд манай нийгмийн бодит төрх болжээ. Эмэгтэйчүүд эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн бүхий л салбарт ажиллаж байна. Хөдөө хөхөрч, гадаа гандаж байна. Ганзаганд явж, гахай үүрч байна. Зах дээр зогсож наймаа хийж байна. Гэрийн ажил, үр хүүхдээ асрах, хүмүүжүүлэх нь зөвхөн эмэгтэйчүүдийн эхчүүдийн нуруун дээрх хөлсгүй хөдөлмөрийн ачаа буюу үүрэг гэсэн хэвшмэл ойлголт давамгайлсан хэвээр байна.
Эмэгтэйчүүдийн үс нь урт ухаан нь богино гэсэн бурангуй заншил буруу сэтгэлгээний үлдэгдэл ийнхүү байсаар байгаа юм. Тиймээс аж төрөх ёсонд ч тэр эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал зөрчигдөж байгаа юм. Хуулийн хэрэгжилт болон хүмүүсийн эрхээ хамгаалах чадвар сул байгаагаас эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, аюулгүй орчинд тайван амьдрах эрх зөрчигдсөөр амьпралын хүндийг, ачааны хүндийг үүрч яваа эмэгтэйчүүд, ээжүүдээ алдаж эндэх үед нь эрэгтэйчүүдтэй адил хариуцлага тооцдог нь харамсалтай.
Хамгийн ноцтой нь төр энэхүү эмэгтэйчүүдийг дорд үзсэн, ялгаварлан гадуурхсан үйлдэл хандлагыг анзаараагүй мэт дуугүй өнгөрөөх, зарим тохиолдолд уламжлал зан үйл зүй ёсны мэт харагдуулах явдал юм.
Иймд нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөн, аж төрөх ёсонд ч энэ байдал үргэлжилсэн хэвээр, хууль тогтоох байгууллагаас тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй байгааг өөрчлөх цаг болсныг бид санал нэгтэй дүгнэх хэрэгтэй.
Дүгнэлт:
-Монгол улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх ёстой бөгөөд нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудад заасан эмэгтэйчүүдийн тэгш эрхийг баталгаажуулах, ялгаварлан гадуурхсан бүх хэлбэрийг устгах тухай, зан заншил аливаа хандлагыг халах үүргээ хэрэгжүүлэх, жендерийн зохистой харьцааг бий болгох
-Эмэгтэйчүүдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, төрийн дэмжлэг хангалтгүй, эрх зүйн зохицуулалт дутмаг, баталгаа сул, зөвхөн тунхаг төдий заалтаар хязгаарлагдсан, ялгаварлагдсан, эрх ашиг нь хохирсон бүлэгт- эмэгтэйчүүдэд анхаарал хандуулах
-Охид эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах, хүчирхийлэл, доромжлол, зүй бус халдлага, хөдөлмөрийн мөлжлөгт өртөмтгий болоход нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах
-Хүний эрхийн үндсэн зарчмуудыг хангах, эмэгтэйчүүд ялангуяа жирэмсэн амаржсан эхчүүдэд болон насанд хүрээгүй хүүхдэд оногдуулах ялын бодлого нь нэг талыг барьсан, эцэг эх, гэр бүлийг салангид авч үзсэн хэт өрөөсгөл төдийгүй хүний эрхийг давхар зөрчсөн зэргээс төрөөс Хүний эрх, Хүүхдийн эрх, Эмэгтэйчүүдийн эрхийн талаар нэгдмэл цогц бодлого боловсруулах, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, ялангуяа ээжүүд, эмэгтэйчүүд, оюутан залуус та бидний хамтын оролцоо шаардлагатай байна.
Эмэгтэйчүүд, эхчүүд, оюутанууд та бид Монгол Улсдаа шудрага ёсыг тогтоохдоо гэм буруутайг нь шүүмлэн шийтгэж, гэмгүй нэгнийг хайрлан Шударга бус аливаа үйлдлийн эсрэг, Хэлмэгдүүлэлт дарагуйлал, хүчирхийлэлийн эсрэг, Алагцлал, ялгаварлан, гадуурхалтын эсрэг, хамтдаа тэмцэцгээе, нэгдэцгээе оюутан залуусаа. Монгол орны маань ирээдүй Та бүхний гарт байна.
Та бүхний эрдэм номын ариун үйлс өлзийтэй сайн байх болтугай.