С.Дондов: ОУ-ын практикт бичил уурхайчдын асуудлыг тусдаа хуулиар зохицуулдаггүй
Иргэдэд Туслах Хүний Эрхийн Төвийн тэргүүн, хуульч С.Дондов
2013.02.28

С.Дондов: ОУ-ын практикт бичил уурхайчдын асуудлыг тусдаа хуулиар зохицуулдаггүй

Иргэдэд Туслах Хүний Эрхийн Төвийн тэргүүн, хуульч С.Дондовтой бичил уурхай асуудлыг Ашигт малтмалын хуулинд хэрхэн тусгах ёстой талаар ярилцлаа.

-Бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг Ашигт малтмалын хуулинд заавал оруулах шаардлагатай юу. Хэрвээ оруулахгүй бол ямар нөхцөл үүсэх вэ?

Энэ хууль нухацтай хэлэлцэгдэж, олон хүмүүсийн санаа оноо туссаны үндсэр дээр батлагдах байх. Хуулийн төсөлтэй танилцахад ерөнхий концепцийн хувьд нийт ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь шинэчилсэн гэдэг нь харагдсан.

Гэхдээ үүнд бичил уурхайчдын асуудлыг орхигдуулсан. Өмнө нь хуулинд бичил уурхай гэсэн бүхэл бүтэн тодорхойлолт байсан. Тэр хуулийн 4.1.23-ийн заалттай уялдаад Засгийн газраас 2010 онд тогтоол гаргаж байсан.

Тогтоол гарсны бичил уурхайчид тодорхой зохион байгуулалтад ороод үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл одоо шинэ хуулиар том, бага гэж ялгаж, тусад нь зохицуулахаар ярьж байна. Ашигт малтмалын хууль чинь л том, жижиг гэлтгүй уул уурхайн асуудлыг зохицуулсан гол хууль байлтай. Энэ утгаараа бичил уурхайчдын асуудлыг тусгах ёстой.

-Том, бага гэж ялгах ёсгүй гэлээ. Олон улсын практикт энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг вэ?

Олон улсын хэмжээнд асуудлыг тэгэж ялгаварладаггүй. Энэ жижиг асуудал, том асуудал гэдэггүй. Жижиг асуудлыг ямар нэгэн зохицуулалтгүйгээр орхигдуулна гэсэн ойлголт байхгүй. Аливаа хүний асуудлыг ялгаварлан гадуурхах нь олон улсын гэрээ конвенциудаар хориглочихсон зүйл.

Тэгэхээр монгол улсын засгийн газар өөрийнхөө хүлээсэн үүргийнхээ дагуу олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой.

Энэ ч утгаараа бичил уурхайгаас тодорхой хүмүүс ажлын байраар хангагдаж, амьжиргаагаа дээшлүүлж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Тодорхой ашигт малтмалын үлдэгдэл хаягдал, үүсмэл орд гэх мэтийн энэ хаягдсан нөөц баялгийг ард иргэд нь ашиглах эрхтэй. Энэ тухай олон улсын пактад дурдахдаа: “Улс орон өөрт оногдсон баялгаа өөрийнхөө эх оронд оршин суугаа иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн зарцуулна гэсэн тодорхой заалттай байдаг. Тиймээс энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газар, Монгол улсын бодлого тодорхойлогчдоос үүнийг хуулиндаа зохицуулах шаардлагатай гэсэн үг. Ингэснээр иргэддээ тэгш хүртээмжтэй оновчтой байдлаар байгалийн баялгаа оногдуулах юм.

-Бичил уурхайчдын зүгээс хуулийн ажлын хэсгийнхэнд тодорхой саналаа хүргүүлж, хуульчидтай хамтарч ажиллаж байгаа гэсэн. Та бүхэнтэй холбогдсон уу?

2000 оноос хойшхи түүхийн хүрээнд бид бичил уурхайн талаар тодорхой хэмжээгээр асуудлыг мэдэрчихлээ.

Эндээс үзэхэд бүхэлдээ тодорхой хуулийн зохицуулалттай, тэр нь хэрэгжих баталгаатай байх нь бичил уурхай эрхлэгчдийн, хувиараа ашигт малтмал олборлогчдын зүгээс улс орны эдийн засаг, хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад түлхэц үзүүлэх юм.

Хэрвээ хууль зүйн зохицуулалтгүй үлдээвэл нилээн төвөгтэй байдалд орно. Тийм учраас ашигт малтмалын хуулинд бичил уурхайн асуудлыг зохицуулсан тодорхой зүйл байх нь илүү зохимжтой. Энэ утгаараа бичил уурхайчдын төрийн бус байгууллагууд, хүний эрхийн байгууллагад хүсэл тавьсны дагуу Хил хязгааргүй ТББ, Хүний эрх, хөгжил төвийн хуульчид хамтран ажлын хэсэг байгуулсан.

-Хэзээнээс байгуулагдсан бэ. Та бүхэн хуулийн төсөлд албан ёсоор саналаа өгсөн гэсэн үг үү?

Хоёр сар өмнө байгуулагдсан Угаасаа Ашигт малтмалын хуулийн төсөл шинэчилсэн байдлаар тэр үеэс л тодорхой болж, нийтэд ил болсон.

Бид хуулинд тодорхой хэмжээний анализ, дүн шинжилгээ хийсэн. Хуучин болоод шинэ хуулиудын дэвшилттэй тал нь юу байна гэдэг дээр тодорхой, саналууд гаргасан.

Бид нар УИХ-ын зарим гишүүд болон байнгын хороодын дарга нартай уулзаж, асуудлаа танилцуулсан. Мөн ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөд өгсөн. Бичил уурхайчид ч өөрсдөө ирж хүмүүстэй уулзалт зохион байгуулж байгаа. Тэгэхээр хуультай холбоотойгоор ажлууд хийгдэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.