“Миний сонгох мэргэжил-Миний ирээдүй” илтгэлийн уралдаан боллоо
Тэмцээний эхний шатанд 74 илтгэл ирснээс 22 илтгэлийг хоёрдугаар шатанд шалгаруулан хэлэлцлээ.
2013.04.30

“Миний сонгох мэргэжил-Миний ирээдүй” илтгэлийн уралдаан боллоо

Хөдөлмөрийн яамны шинэчлэлийн зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ес, 11 дүгээр ангийн сурагчдын дунд илтгэлийн уралдаан зохион байгууллаа.

Уг тэмцээн нь төгсөх ангийн сурагчдын өмнө тулгардаг мэргэжил сонгохтой холбоотой бэрхшээлийг арилгах, өөрт шаардлагатай мэргэжлийг сонгох өөрийн авьяас чадвараа нээхэд нэлээд ач тусаа өгсөн байна.

Тэмцээний эхний үе шатанд 55 сургуулийн 74 илтгэл ирснээс шилдэг 22 илтгэлийг хоёрдугаар шатанд шалгаруулан хэлэлцлээ. Ингээд илтгэлийн уралдааны тэргүүн байрт Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сурагч Б.Түмэнзаяа шалгарсан бол удаах байрт Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн сурагч Э.Золбоо шалгарчээ.

Мөн III байрыг Сонгинохайрхан дүүргийн «Ирээдүй»  цогцолбор 32 дугаар сургуулийн сурагч Б.Ганзориг эзэлж, тусгай байрын шагналыг Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн сурагч Б.Тэмүүлэн хүртсэн юм.

Шүүгчээр Монгол-Солонгосын политехник коллежийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Д.Буяндэлгэр, МУБИС-ын Дизайн, зохион бүтээлийн тэнхимийн доктор Р.Гоцбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын нийгмийн ухааны мэргэжилтэн Ч.Гажиддулам нар ажиллалаа.

Шалгаруулалтын үеэр МСПК-ийн суралцагчдын бүтээлээр үзэсгэлэн дэлгэх, илтгэгчид, зочид төлөөлөгчдийг дадлагын газруудаар аялуулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулсан.

Энэ нь ахлах ангийн суралцагчдын хувьд мэргэжлийн боловсрол олгох сургуулийн үйл ажиллагаатай Улаанбаатар бүсийн ерөнхий боловсролын сургуулиудыг танилцуулсан анхны томоохон үйл ажиллагаа болжээ.