
2025.05.01
Болзлоо бүрэн хангасан нэг айлын хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой боллоо
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн боловсруулсан Боловсролын зээл буцалтгүй тусламж тэтгэлэг олгох журмын шинэчлэлийг Монгол Улсын Засгийн Газар дэмжсэнийг өчигдөр /2025.04.30/ БСШУС-ын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.
Ажлын хэсэг журманд тусгах чухал саналуудыг Байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж, тогтоолоор Засгийн газарт чиглэл хүргүүлсэн байдаг.
Ажлын хэсэг дараах онцлог заалтуудыг тусгажээ.
- Нэг айлын 1 хүүхэд тэтгэлэг авахаар байсан бол одоо эрх тэгш бүгд тэтгэлэг авч болно.
- Сонгон шалгаруулалт хийхэд хүнээс үл хамаарна.
- 10-аас доошгүй жил мал маллаж буй малчин айлын 1 хүүхэд бэлчээрийн болон хөдөө аж ахуйн чиглэлээр сурвал төлбөрийг төр хариуцна.
- Дотоодын их дээд сургуулиудад 2 жил сураад үргэлжлүүлэн гадаад сурах боломжийг олгоно.
- Зээл авсан бол зээлийн мэдээлэл Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдэж, төлөхгүй хаядаг асуудалд хариуцлага хүлээнэ. Зээл төлөгдөж эх үүсвэр нэмэгдэх үед илүү олон хүүхдэд сурах боломж нэмэгдэнэ.
- Гадаадад суралцагсдын зээлийн төлөх хугацаа 20 хүртэл жил байж болно
Журмыг бүрэн эхээр албажсаны дараа нийтэд хүргэж, бүрэн үнэлэлт дүгнэлт өгөх аж.