УИХ-ын Гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр
2013.04.17

Төрийн сангийн зээлээр сурчихаад алга болсон 436 хүнийг хайна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр Сургалтын төрийн сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, гадаадад суралцагчдын зээл, түүний эргэн төлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн мэдээллийг сонслоо.

Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр:

 2012 оны жилийн эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцах гэрээ байгуулж, зээл авсан нийт 1513 хүнээс 664 хүн сургуулиа төгсөн эх орондоо ирээд бүртгүүлсэн байна.

Харин 436 хүн эх орондоо эргэж ирээгүй буюу төгсөж ирээд бүртгүүлээгүй, 15 хүн сургуулиа төгсөж чадаагүй, 413 хүн одоо гадаадад суралцаж байгаа юм байна.

436 хүн эх орондоо эргэж ирээгүй буюу төгсөж ирээд бүртгүүлээгүй, 15 хүн сургуулиа төгсөж чадаагүй, 413 хүн одоо гадаадад суралцаж байна.

Түүнчлэн төгсөх хугацаа нь болсон боловч эргэж ирж Сургалтын төрийн санд бүртгүүлээгүй 436 хүний 244 хүн нь 2003 оноос явсан өмнө буюу зээлийн барьцаагүй, 192 хүн нь 2003 оноос хойш буюу зээлийн барьцаатай иргэд байгаа ажээ.

Эх орондоо эргэж ирээд Сургалтын төрийн санд бүртгүүлсэн, гэхдээ зээлийн гэрээ нь дуусгавар болоогүй 479 төгсөгчийн 332 нь төрийн байгууллагад, 112 нь хувийн хэвшилд ажиллаж жил бүр тайлангаа өгч тус сантай байнгын холбоотой байдаг бол 35 хүн одоогоор ажилгүй гэсэн бүртгэлтэй байгаа.

Гадаадын их, дээд сургуульд 2008-2012 онд 525 хүн Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилттэйгээр элсэн суралцсан бөгөөд Сургалтын төрийн сангаас тэдний сургалтын төлбөр, амжиргааны зардалд зориулж 2008, 2009 онд тус бүр 2,9 тэрбум төгрөг, 2010 онд 3,9 тэрбум төгрөг, 2011 онд 2,7 тэрбум төгрөг, 2012 онд 5,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.

2012 оны эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн авлага нийт 50,9 тэрбум төгрөг байгаа ба үүний 60 орчим хувь буюу 30,3 тэрбум төгрөг нь өндөр хөгжилтэй оронд суралцагчдад олгосон зээл, 10,4 тэрбум төгрөг нь зээлийн хүүгийн авлага байна. 

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөгдсөний дагуу ойрын хугацаанд дээд боловсролын шинэчлэлийн бодлого, зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох харилцааг зохицуулах журмын төслийг дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа хэмээн мэдэгдлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан:

“Төрийн сангийн зээлээр гадаадад сурч байгаа хүмүүс сураггүй алга болдог. Энэ асуудалд яам ямар арга хэмжээ авч байна вэ. Мөн гадаадад суралцагчдын дийлэнх нь эдийн засаг, нийгмийн чиглэлээр сурч байна. Цаашид ямар чиглэл, ямар шалгуураар гадаадад сургах бодлого барьж байна вэ” хэмээн асуув. 

Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр:

“Одоо гадаадад сурч буй оюутнуудын 50 хувь нь нийгмийн чиглэлээр сурч байна. Төрийн сангийн зээлээр сурчихаад сураггүй алга болсон хүмүүсийн араас төрийн сан явна.

“Одоо гадаадад сурч буй оюутнуудын 50 хувь нь нийгмийн чиглэлээр сурч байна.

Гадаадад суралцагчдаас эх орондоо эргэж ирсэн ч төрийн сантай холбоо барьдаггүй. Иймд зээлийн мэдээллийн сантай болсноор сураггүй хүмүүсийн нэрс ил болно гэсэн ойлголттой байгаа. Цаашид нано технологи, багш инженер, экологи, бусад нарийн мэргэжлээр оюутан бэлтгэхийг дэмжиж байна.

Ер нь нарийн мэргэжлийн багш, судлаач, хүүхдийн эмч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Гадаадад суралцах хүсэлтэй хүмүүст сургуулийг нь олж өгөх бус харин сургуулиа олоод нөхцөл шаардлагыг нь хангасан хүнд төрийн сангийн зээл олгоход анхаарна. Төрийн сангийн зээлийг хувь хүний гар дээр өгдөггүй, тухайн суралцах сургууль руу нь шилжүүлдэг” гэлээ.

Гишүүдийн зүгээс төрийн сангийн зээлд жирийн ардын хүүхэд явж чадахгүй байгаа. Иймд энэхүү зээлд нийт хүмүүс тэгш эрхтэйгээр хамрагдах боломжийг бий болгоход анхаарч хаана, ямар сургуульд ямар мэргэжлээр суралцах боломжтой талаархи мэдээллийг нээлттэй ил тод сурталчлах нь чухал гэдгийг  хэлж байлаа.

Түүнчлэн ёс суртахуунтай хүмүүсийг гадаадад сургана гэдэг бол том асуудал. Улсын зардлаар гадаадад сурчихаад монголд хэзээ өөрчлөлт болох гэж байна тэр цагт нь очиж ажиллана гээд хүлээгээд суух биш харин сурсан мэдсэнээ эх орондоо зориулж өөсрдөө өөрчлөлт шинэчлэлийг хийе гээд ирдэг байх ёстойг хэлж байв.

Ингээд мэдээлэлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналд үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан тогтоол гаргах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.