Хүүхэд харах үйлчилгээний хуулийг өргөн барилаа
Хүүхэд харах үйлчилгээнд 1-6 насныхан хамрагдаж болох юм.
2013.01.18

Хүүхэд харах үйлчилгээний хуулийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийг төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар нарын нэр бүхий долоон гишүүн хамтран боловсруулсан байна.

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага.

Хууль зүйн шаардлага:

“Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-нд Бага насны хүүхдийн үйлчилгээний бодлого, эрх зүй, менежментийг боловсронгуй болгох, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүгээс бага насны хүүхдийн үйлчилгээ эрхлэх сонирхол хэрэгцээг дэмжсэн бодлого эрх зүй, зохицуулалтын таатай орчин бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх зорилго тавьсан.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2005 оны 116/83/45 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-д “Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний найдвартай, чанартай байдлыг хангах” зорилтыг хангахын тулдБага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүүхдээ эрүүл, эсэн мэнд, эрсдэлгүй өсгөх, хөгжүүлэх, эцэг эхчүүд тэдний гэр бүлийн гишүүдийн ажил бизнесээ эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, мэргэжил, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээ, эрэлтийг зохистойгоор хослуулан хангах боломжийг өргөжүүлэхийн тулд гэрээр хүүхэд асрах, өдрөөр хүүхэд асрах төв гэх мэт хүүхэд асрах үйлчилгээний олон хэлбэрийн үйлчилгээ эрхлэхийг дэмжих зорилтыг дэвшүүлсэн.

Дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бага насны хүүхдэд үзүүлэх үйлчилгээний төрөл, хэлбэрийг олшруулах, үйлчилгээний шинэ хэлбэрийг бий болгон хөгжүүлэх, энэ талаар төрөөс дэмжлэг үзүүлэх талаар эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хууль зүйн шаардлага байна.

Нөгөө талаас сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн эрх зүйн орчныг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар зохицуулсан ч бага насны хүүхдийн хүмүүжил, хөгжлийг дэмжих чиглэлээр үзүүлэх бусад олон төрлийн үйлчилгээнүүдийн эрх зүйн орчин үгүйлэгдэж байна.

Иймээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа.

Практик шаардлага:

Улсын хэмжээнд 2-5 насны 228000 хүүхэд байгаагаас 56,0 мянган хүүхэд буюу 10 хүүхэд тутмын 3 нь, нийслэлд  29500 буюу 10 хүүхдийн 4 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

Үүний зэрэгцээ Улсын хэмжээнд ажиллаж буй цэцэрлэгийн хүчин чадал өнгөрсөн жилийн байдлаар 100,3 мянга байгаагаас ашиглалт 133,2 хувь, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 31,4 мянга байгаагаас ашиглалт 136,3 хувьтай байна.

Улсын хэмжээнд 2-5 насны 228000 хүүхэд байгаагаас 56,0 мянган хүүхэд буюу 10 хүүхэд тутмын 3 нь, нийслэлд 29500 буюу 10 хүүхдийн 4 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, хүүхдээ бага насны хүүхдэд даатгаж орхих зэргээр тэднийг хамгаалалтгүй орхисноор гэртээ үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гэртэйгээ шатах зэрэг тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.Үндэсний Статитистикийн Хорооноос хийсэн “Хүүхэд хөгжил 2010” судалгааны үр дүнгээс үзэхэд 5 хүртэлх насны хүүхдийг 1–ээс дээш цагаар гэрт нь ганцааранг нь, эсвэл 10 хүртэлх насны өөр хүүхдээр харуулж үлдээсэн хүүхдийн тоо нийт хүүхдийн 8 хувийг эзэлж байна. 

Иймээс бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчлөлөөс сэргийлэх зорилгоор харах хүнгүй гэртээ үлдэж байгаа бага насны хүүхдийг харах цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээтэй байна. Нөгөө талаас бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг бүрдүүлснээр өрхийн хөгжлийг дэмжихэд ч чухал нөлөө үзүүлэх юм.

Гадаад орнуудад хүүхдийг асран хамгаалах, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, гэр бүлийн хэрэгцээг баримжаалсан, гэр бүлийн хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог хангахад чиглэгдсэн хүүхэд харах үйлчилгээ (Child care center)-ний эрх зүйн орчныг бий болгосон туршлага байна. 

Манай орны хувьд “Хүүхэд харах үйлчилгээ”-г бага насны хүүхдэд үзүүлэх үйлчилгээний шинэ хэлбэр болгох, хөгжүүлэх боломжтой гэж үзэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулав

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт орж батлагдсанаар өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа, амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орж болзошгүй бага насны 60,0 орчим мянган хүүхдийг асрах, хамгаалах, зохих түвшинд хүмүүжүүлэх үйлчилгээний шинэ төрөл бий болно. 

Мөн бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эх, асран хамгаалагч нар тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай, орлоготой болно.

Түүнчлэн энэхүү үйлчилгээний шинэ төрлийг эрхлэх сонирхол бүхий иргэдэд шинэ байнгын тогтвортой ажлын байр бий болж, хэдийгээр ашгийн төлөө бус ч гэсэн амьжиргааны баталгаа бий болно.

 Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн, чанартай хоол хүнсний үйлчилгээ үзүүлж, нийгэмшихүйн хөгжлийг нь дэмжих зорилго бүхий “Хүүхэд харах үйлчилгээ”–ний хууль, эрх зүйн таатай орчин бий болно.

Уг үйлчилгээнд төрөөс норматив болон хоолны зардалд нэг хүүхдэд нэг өдөрт 3891 төгрөг, жилд нийтдээ 758000 мянган төгрөг зарцуулна. Энэхүү үйлчилгээг аймаг, нийслэлийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн 60 хувь буюу 36000 хүүхдийг хамруулна гэж тооцоход жилд энэ үйлчилгээнд 27,3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх тооцоо гарч байна.

Хуулийг дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

  • Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

ЭНД дарж ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ямар зарчмаар явагдах вэ?

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.