Сумдад салбар зөвлөл байгуулах хэрэгтэй гэв
Монголын баг, сумдын үндэсний холбооны аймаг, орон нутаг дахь салбар зөвлөлийн зохицуулагчид өнгөрөгч амралтын өдөр чуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү хэлсэн үгэндээ, Монголчууд бид нутаг усандаа эзэн болж, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран бүгдээрээ сайхан амьдрах ёстой. Үүний төлөө бүгдээрээ бас хичээх ёстой.
Ардчилал, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам сум, баг, айл өрх бүр биеэ даан хөгжих, харилцан түншилж, бэрхшээлийг хамтдаа даван туулах хэрэгцээ шаардлага улам өссөөр байна. Ийм нөхцөлд хот, хөдөө гэлтгүй нөөц боломжоо нэгтгэн хамтын хүчний давуу тал, өөрчлөлтийг өөрсдийнхөө хүчээр бий болгох учиртай гэсэн хамтын мэдрэмжийг хүмүүст хүргэх санаачлагатай, чин сэтгэлтэй манлайлагчдаар дутагдаж байна.
Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү хэлсэн үгэндээ, Монголчууд бид нутаг усандаа эзэн болж, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран бүгдээрээ сайхан амьдрах ёстой.
Ард, иргэд өөрсдийн ахуй амьдралын наад захын асуудлаа хамтран шийдвэрлэж, өөрсдийгөө засаглах эрхтэй гэдгээ мэдэхгүй, тийм дадал хэвшилд суралцаагүй байна. Төв орон нутгийн удирдах албан тушаалтнууд ч гэсэн гүйцэтгэх байгууллагын хүчийг шүтэж ажилладаг хуучин сэтгэхгүйгээсээ салаагүй, нутгийн өөрийн удирдлагын байгууллага болох баг, хороо, сум, дүүргийн Хурлыг үгүйсгэх буюу ач холбогдлыг дутуу үнэлж байгаагаас иргэдийн бүтээлч, хамтач, санаачлагатай байх тэмүүллийг дэмжиж, хөгжүүлж чадахгүй байгаа.
Нийгэмд тулгамдсан дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор миний бие хэсэг нөхдийн хамт Монголын баг, сумдын үндэсний холбоог байгуулсан. Өдгөө энэ ажлынхаа эрч хүчийг улам өргөжүүлж, хөдөөгийн баг, сумын төв төдийгүй, хээр, тал, хангайн уулс, говийн бүрд бараадан нутаглаж байгаа олон мянган малчны хот, тэдгээрийн уламжлалт түүхийн ёсоор бүрэлдсэн саахалт айлсын хүрээнд ч ажилсаг хөдөлмөрч байх, өөрөө хийж бүтээх, хамтран нэгдэхийг өөрийн бие, сэтгэлээр үлгэрлэх манлайлагчдыг тодруулан алдаршуулж, тэднийг хөгжлийн төлөөх хөдөлгөх хүч болгон өрнүүлэх үүрэг Та бүхэнд ноогдож байна. Тиймээс энэ үйлсийг бид өөрөөсөө эхлүүлэн баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улмаар улс даяар давалгаалуулан өрнүүлэх учиртай.
Сайхан эх орондоо эзний ёсоор хандаж, эв эеэ хичээн, өөртөө эзэн, нутагтаа эзэн, эх орондоо эзэн болцгооё” гэлээ.
Энэ үеэр мөн салбар зөвлөлийн удирдагч нарт Монголын баг, сумдын үндэсний холбооны гэрчилгээ, тамга гардуулах ёслол, холбооны хийсэн ажлын танилцуулга, сумдад салбар зөвлөл байгуулах, манлайлагчдыг тодруулах тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монголын баг, сумдын үндэсний холбоо байгуулагдсанаасаа хойш жил гаруй хугацаанд 21 аймаг, дөрвөн суманд салбар зөвлөлөө байгуулжээ. Цаашид бүх аймаг, сумдад салбар зөвлөл байгуулах хэрэгтэй гэсэн санааг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хөндөж байлаа. Мөн орон нутагт сургагч багш бэлтгэх, олон нийтэд холбоогоо сурталчлах, хөдөөгийн иргэд хамтдаа асуудлаа шийдвэрлэж нутаг орноо хөгжүүлэх боломж байгааг ойлгуулах, төрийн үйлчилгээг иж бүрэн, чанартай хүргэдэг багийн төвүүдийг бий болгох гэхчилэн олон асуудлыг хэлэлцүүлгийн үеэр ярилцсан юм.
Монголын баг, сумдын үндэсний холбоо “Багийн шинэ төв” төсөл санаачлан боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа танилцуулсан нь сонирхол татсан. Ойролцоогоор 250 сая төгрөгөөр босох энэхүү багийн шинэ төв нь эрчим хүч, дулаан, усан хангамжийг орчин үеийн технологиор шийдвэрлэсэн, төрийн үйлчилгээ үзүүлэх байр, хурлын танхим, амралтын талбай, агуулах, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэхчилэн цогцолбор байх аж. Түүнчлэн нүүдлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах багийн төвийн талаар ч хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулж, санал хуваалцсан юм.