Ойлголцохгүй бол улстөржилт үүснэ
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг сонгох асуудлаас завсарлага авсан билээ. Энэ талаар тус бүлгийн дэд дарга С.Бямбацогтоос тодруулав.
Танай бүлэг УИХ-ын 26 дугаар тойрогт ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг тангараг өргөсний дараа дэд даргыг сонгоно гэсэн. Барьцаалж байна уу?
УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаар хуулийн дагуу завсарлага авсан. Хэн нэгнээр барьцаалж төрийн ажлыг зогсоосон юм биш. Хууль тогтоох дээд байгууллага бүтэн байх ёстой.
Гэтэл парламент элэг бүтэн болж чадаагүй байна. Парламент бүрэн бүрэлдэхүүнтэй болох нь нэг дэд дарга, албан тушаалаас чухал гэж бодож байна.
Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний тангараг хэзээ өргөх вэ. Ардчилсан намын бүлгийнхэн дахин санал хураалт хууль зөрчсөн гэж үзэж байгаа?
-Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны дүнг холбогдох газруудад өргөн барьчихсан. Хуулийн дагуу асуудал шийдэгдчихсэн байхад тангараг өргүүлэхгүй хойшлуулж байна.
Тангараг өргөтөл дэд даргыг сонгохгүй гэсэн үг үү?
Парламент бүтэн болох нь нэг дэд дарга, албан тушаалаас чухал.
-Аль болох ойлголцох, зөвшилцөх санал тавьсан. Асуудлыг зөвшилцөж шийдэх боломжтой. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол улстөржилт үүснэ.
Ер нь сонгуулийн дүнгээр олонхийн санал авсан хүмүүсийг оруулж ирэхгүй удаж байна. Д.Сумъяабазар, С.Чинзориг нарын тангаргийг өргүүлэх ёстой.