Гадаадад 120 гаруй мянган Монголчууд хөдөлмөр эрхэлж байна
TВ-5 телевизийн Зочны цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.
Саяхан БНСУ-д Хөдөлмөрийн сайдтай ажиллаад ирлээ. Энэ аяллынхаа талаар?
Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн яамнаас санаачлан “Монголдоо баялгийг бүтээе” гэсэн зорилготой арга хэмжээг зохион байгуулахад оролцсон.
Энэ арга хэмжээгээр гадаадад амьдарч байгаа нийт монголчуудаа эх орондоо ажиллаж амьдрах боломж бололцоог бий болгох, тэнд ажиллаж байгаа залуучуудынхаа санаа бодлыг сонсох, монголд ажиллах боломж бололцооны талаар мэдээлэл өгөх, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож мэдэх зорилготой нилээн үр дүнтэй зохион байгуулсан.
Тус арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, соёл урлаг, хэвлэл мэдээлэлийнхэн гээд олон хүмүүс оролцсон.
Гадаадад ажиллаж байгаа залуус хэд орчим байна. Тэр дундаа нарийн мэргэжлээр ажиллаж байгаа залуучууд хэр их байна? Монгол залуусаа эх оронд нь авчирхад төрөөс, танай холбооноос дэмжлэг үзүүлэх гол зүйл нь юу байх бол?
Өнөөдөр 120 гаруй мянган Монголчууд бусад улс оронд ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь манай улсын нийт ажиллах хүчний 15 орчим хувь. Эдгээр хүмүүс гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа гол шалтгаан бол цалин хөлсний асуудал. Улсын хэмжээний дундаж цалингийн хэмжээ 598 мянган төгрөг байна.
Хамгийн хүнд хүчир эрсдэлтэй ажлуудыг манай хүмүүс хийж байгаа.
Гадаадад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дунд нарийн мэргэжлийн хүмүүс зонхилох хувийг эзэлж байгаа. Солонгосын брэнд компаниудад нарийн мэргэжлийн инженер, техникийн ажил хийж буй Монгол залуучууд цөөнгүй байна.
Ер нь Монгол хүнийхээ үнэ цэнийг тэр дундаа Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг Монгол Улсын Засгийн газар төрийн бодлого болгож гаргах цаг нь болжээ.
Гадаадад ажиллаж буй иргэдийн ажлын байрны аюулгүй байдал сайн хангагдадгүй. Түүнээс болоод гэмтэж бэртэх, амь насаа алдах ч тохиолдол гардаг. Та энэ талаар хэр судлав?
Солонгосын аж ахуй нэгж байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөл манайхтай харьцуулбал харьцангуй дээгүүр. Гэхдээ техник технологийн дэвшилээ дагаад үйлдвэрлэлийн ослын тоо бас буурахгүй байгаа. Энэ нь дэлхий нийтэд байдаг л зүй тогтол.
Манай гэрээгээр болон гэрээний бус нөхцлөөр ажиллаж буй хүмүүсийн ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл тухайн орны иргэдийн ажиллаж байгаа хөдөлмөрийн нөхцлөөс харьцангуй доогуур байгаа. Хамгийн хүнд хүчир эрсдэлтэй ажлуудыг манай хүмүүс хийж байгаа.