О.Баасанхүү Москва дахь ЭСЯ-ны барилгыг шалгана
Москва дахь Монгол Улсын ЭСЯ-ны барилга зарагджээ гэх шуугиан луу жилийн сүүлчээр тарсан юм. Бас түрээсэлсэн гэх маягийн залруулга ч араас нь дагасан. Манай хамгийн өргөн гадаад харилцаатай хойд хөршид суудаг Элчин сайдын мэдэлд нэлээд хэдэн обьект байдаг нь үнэн ажээ. Түүний нэг буюу Худалдааны төлөөлөгчийн газар гэж хуучнаар нэрлэж байсан Москвагийн Спасопесковский переулок 7/1 гэсэн хаягтай барилгыг 2007-2008 онд ГХЯ болон ТӨХ-ны зөвшөөрлийн дагуу тухайн үед Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай “Центр регион Эстэйт” хэмээх ОХУ-ын хувийн аж ахуйн нэгжид 10 жилийн хугацаагаар түрээслүүлсэн гэх. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд Сү.Батболдын үед гэсэн үг.
Энэ нь манай улсын эрх ашигт хэр нийцэж байгаа, эсвэл хувийн ашиг сонирхол давамгайлж байна уу гэх асуудал анхаарал татаж байгаа юм. Иймээс УИХ-аас эрхэм гишүүн О.Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг томилж, энэ сарын 17-ны өдөр Москваг зорих юм байна. Үнэхээр ч Монгол Улсын төрийн өмчийн уг обьект гадаадын хувийн компанийн гарт орчихсон юм биш байгаа.
Бүр солонгос хоолны газар ажиллуулж байсан гэсэн. Л.Хангай түрээсийн мөнгийг хааш нь шингээж байсан нь ч бүрхэг аж. Хэрвээ Монголын тал эргүүлж авбал Соёлын төв байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Эдгээр асуудлын учир начрыг олохоор УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн багийнхан ирэх долоо хоногт Москвад ажиллана. Ер нь хэл ус сайтай болоод ч тэр үү түүний гадаад томилолт энэ мэтээр тасардаггүй.