УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.10

С.Ганбаатар: Манай орон зээлэнд дуртай болоод байна

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Манай орон зээлэнд дуртай болоод байна. Зээлийн зарцуулалтыг харахад нэгдүгээрт Улаанбаатарын эмнэлгийг хөгжүүлэх бодлого, стратегийн төлөвлөгөө боловсруулах, хоёрдугаарт эмнэлгийн салбарт дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгох, гуравдугаарт Улаанбаатар хотын СХД-ийн эмнэлгийг загвар болохуйц олон төрлийн тусламж үйлчилгээний нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөх, дөрөвдүгээрт эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх гэсэн байна.

Гуравдугаарх дээр төвлөрөөд бусдыг нь өөрсдөө хийх бололцоо байхгүй юу.

СХД-ийн эмнэлэгт л зээл хэрэгтэй болохоос биш төлөвлөгөө боловсруулах, төлөвлөх тогтолцоог бий болгох, зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх асуудалд яагаад 27 сая долларын зээлийн тухай ярьж байгаа вэ? Үүнийг бид буцааж төлнө. Ганцхан гуравдугаарх дээр төвлөрөөд бусдыг нь өөрсдөө хийх бололцоо байхгүй байсан юм уу? гэсэн асуултыг тавилаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 4-ийн нэмэлт төслийн хүрээнд Улаанбаатар хотын эмнэлгийг хөгжүүлэх бодлого стратегийн төлөвлөгөө боловсруулах гэдэг нь бараг гарсан байгаа.

Үүний үндсэн дээр СХД-ийн эмнэлгийг загвар болохуйц долоон төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчилж, багаж, тоног төхөөрөмжөөр хангах гэсэн зүйл л байгаа гэсэн хариултыг өглөө.