Энэ жил 30 мянган айлыг орон сууцанд оруулна
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт тангарагаа өргөсөн гишүүн Д.Зоригтыг АН-ын бүлэгт албан ёсоор элсүүлжээ.
Ингэснээр АН-ын бүлэг саяхныг болтол 33 гишүүнтэй байсан бол Д.Зоригт гишүүнээр бүл нэмснээр 34 гишүүнтэй болж байгаа гэсэн үг юм.
Мөн бүлэг өнөөдөр Сум хөгжүүлэх сангийн 2013 оны гүйцэтгэлтэй танилцсан байна. Сангийн санхүүжилт нь 330 суманд хийгддэг бөгөөд сумын ИТХ-аар зээлийн дээд хэмжээг тогтоож, гурав хүртэлх хувийн хүүтэй, гурван жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байна.
Одоогоор зээлийн хэмжээ дунджаар нэг суманд 50-265 сая төгрөг байгаа юм. Яагаад ийм ялгаатай байдлаар зээл олгож байна гэхээр сум болгон харилцан адилгүй хүн амтай байдагтай холбоотой аж.
Гишүүд асуудал дээр “Энэхүү зээл нь төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй тул дэмжих нь зүйтэй” гэжээ.
Гишүүд асуудал дээр “Энэхүү зээл нь төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй тул дэмжих нь зүйтэй” гэжээ. Харин учир дутагдалтай тал нь зээлийн эргэн төлөлт, үр ашиг бага зэрэг тодорхойгүй байгаа аж.
Дээрх сангаас гадна Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт орон даяар хангалтгүй байгааг гишүүд шүүмжилсэн байна. Энэ тал дээр орон нутгийн шинэ удирдлагууд сайжруулах шинэ боломж, гарцууд байгаа тухай тайлбар өгч байгаа аж.
Мөн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоноогт хийсэн ажлуудынхаа талаар товч мэдээллийг бүлгийн гишүүдэд өгчээ. Мэдээлэл дунд нэлээд нааштай зүйл олон байсныг бүлгийн дэд дарга онцоллоо.
Тухайлбал, орон сууцны хөнгөлөлттэй зээл 300 сая төгрөгийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Мөн МИАТ компанийн шинэ онгоц энэ долоо хоногт ирэхээс гадна Монгол-93 шатахууны нээлт хийх аж.
Бүлгийн мэдээлж буйгаар орон сууцны үйлдвэрлэлийг дэмжиж энэ жил нийт 30 мянган айлыг орон сууцанд оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ хүрээнд моргейжийн зах зээлд 800 тэрбум төгрөг гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.
Түүнчлэн Чингис бондоос улс орны бүтээн байгуулалтад оруулж анхны хөрөнгө оруулалт болох 85 сая ам.доллар зохих төсөл хөтөлбөртөө санхүүжилт болон хүрч буй гэнэ. Энэ талаар ирэх пүрэв гарагт чуулганы үеэр дэлгэрэнгүй танилцуулах аж.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг аймгууд яагаад зарцуулж чадахгүй байгааг тодруулж өгөхгүй юү?
Шалтгааныг нь тал талдаа өөрөөр тайлбарлаж байгаа. Гол нь хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь шаардлага хангахгүй, бэлэн биш байснаас ийм байдал үүссэн байгаа юм.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл
Гэтэл Сүхбаатар аймаг яагаад төсөвлөсөн хөрөнгөө бүгдийг нь зарцуулж чадсан бэ гэхээр төсөл хөтөлбөрүүд нь бүгд тодорхой, бэлэн байсан хэрэг. Зарим аймгийн хувьд мөнгө нь нэг дор очихгүй салж очсоноос болж төсөл нь зохистой санхүүжилтээ авч чадалгүй зогссон тал байгаа юм билээ.
-Төлөвлөсөн хэмжээ нь хэд байсан бэ, одоо аймгуудад хэчнээн хэмжээний мөнгө шилжээд байгаа вэ?
Нийт 247 тэрбум төгрөг жилээр төлөвлөгдсөн байгаа. Энэ мөнгөнөөс одоогоор дөнгөж 7.7 төгрөг зарцуулагдсан байгаа. Энэ сангийн хувьд төсвийн зарлагаас хуваарилагддаг. Ингэхдээ дотоодын НӨАТ-ын 25 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 5 хувь, хандив тусламж, суурь төсвийн ашиг шилжүүлэг гэсэн хэсгүүдээс бүрддэг.
-Чингис бондын эхний ээлжинд хийж буй хөрөнгө оруулалтаас онцлох зарлага нь юу байна вэ?
Энэ талаар УИХ-ын пүрэв гарагийн чуулганд нэгдсэн мэдээлэл өгнө.
-Монгол-93 шатахуун орж ирснээр өмнө хэлж байсанчлан шатахууны үнэ энэ сардаа 50 төгрөгөөр буух уу?
Тэгэхээр Монгол Улс газрын тосоо экспортолж БНХАУ-ын үйлдвэрт дахин боловсруулснаар Монгол-93 гэдэг брэндийн шинэ шатахуун орж ирнэ. Үнэ Ерөнхий сайдын амласнаар 50 төгрөгөөр буурна гэж бодож байна. Ер нь бусад импортын шатахуунаас хямд байх боломжтой.