Д.Ганхуяг “250 сая ам.долларыг бид төлнө
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 6-нд эхэлсэн. Хурлаар ямар шийдвэр гарах нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Дээрх хурлын явцын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.
-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 6-наас эхэлсэн. Манай талаас зургаан асуудлыг тавьсан. Хөрөнгө оруулагчдын зүгээс дээрх асуудлуудад ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ сарын 6-ны өдөр манай талын санаачлагаар Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн VI хуралдааныг хийсэн. Хуралдаанаар Монголын талын төлөөлөгчдийн зүгээс хувь нийлүүлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд өнөөг хүртэл хуримтлагдсаар ирсэн, улмаар Хувь нийлүүлэгчдийн энэхүү VI хурлаар зайлшгүй шийдвэрлэх, нягтлах шаардлагатай зургаан томоохон асуудлыг хөрөнгө оруулагч талд тавьсан. Харин хөрөнгө оруулагч талын зүгээс Оюутолгой төслийн санхүүжилтыг эхний ээлжид батлуулах санал тавиад байна. Ерөнхийдөө хоёр тал Монгол Улсын хууль, гэрээнийхээ хүрээнд асуудлыг шийдье гэсэн байр суурьтай байгаа.
-Хөрөнгө оруулагч талтай 50/50 хувиар тохиролцсон гэсэн. Яг юун дээр тохиролцсон юм бэ. Хөрөнгө оруулагч талаас манайд хоёр асуудал тавьж байгаа шүү дээ?
Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд урьдчилгаа болгон манай Засгийн газарт өгсөн 250 сая ам.долларыг 2014-2015 онд төлье гэсэн асуудалд нэгдсэн.
Тухайн үед дээрх мөнгийг зүгээр өгч байгаа юм шиг яриад байсан боловч өнөөдөр эргэн төлөх асуудал үүссэн. Бусад зүйлийг судалж, хэлэлцэж байна.
-Хурал түр завсарласан мэдээлэл бий. Хэзээ үргэлжлэх вэ?
-Талууд Хувь нийлүүлэгчдийн VI хурлаар хоёр талаас хөндөгдсөн асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, нэг бүрчлэн нарийвчлан тодруулахаар нягталж байна. Хурал завсарлаагүй, тасралтгүй үргэлжилж байна.
-Сүүлийн үед Оюутолгойн гадна талд байдаг Антре Гоулдын хайгуулын талбай дээр Оюутолгойн талбайн 30 хувь байна гэсэн асуудал яригдах боллоо. Дээрх талбай дээр байгаа нөөцийн хэчнээн хувийг Оюутолгой эзэмшдэг юм бэ?
-Дээрх талбай нь бүлэг орд. Тиймээс тасалж хуваадаг. Нийт нөөцийн зэсийн 18, алтны 32,6 молебдин 86.9 хувийг Оюутолгой эзэмшинэ гэсэн мэдээлэл ирсэн.
-Антре Гоулдын лицензыг цуцалсан. Өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн хэрэг болохгүй юу?
-Манай хөрөнгө оруулалтын гэрээ нь татварыг тогтворжуулах зорилготой. Бусад асуудал, тухайлбал ашигт малтмалын тухай асуудал хамаарахгүй. Хууль бус зүйл хийсэн бол цуцалж, хуулиа барих болно.