2013.02.22

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх нь зөв

“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 27-нд болохоор товлогдсон байна. Харин ТУЗ-ийн хурал 28-нд болно.

Тус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх тухай асуудал яригдаж байгаа бөгөөд энэ асуудал засгийн газрын төвшинд аль эртнээс яригдаж байгаа гэдгийг та бүхэн мэдэх биз ээ.

Ялангуяа Ардын намын нөлөө бүхий гишүүн ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлөхийг АН-ын гишүүд хүсч байгаа гэдгээ илэрхийлсэн.

"Эрдэнэс МГЛ" компани

Энэ талаар “Эрдэнэс МГЛ” ерөнхий захирал О.Сайнбуянгийн байр суурийг сонирхлоо.

“Өнөөдөр чөлөөлнө, маргааш чөлөөлнө гэж хариу хэлэх боломжгүй. Гэхдээ цаг хугацааны хувьд ч тэр, гэрээнд оролцогч талуудын шаардлагыг үндэслэн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх асуудал зүй ёсных гэж бодож байгаа. Тиймээс анх гэрээ байгуулахад байсан бүх гишүүдийн ТУЗ-аас чөлөөлөөд дахин шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байна” хэмээв.

Тэгэхээр ТУЗ-ийн гишүүдийн хувь заяа хаашаа эргэх нь ирэх долоо хоногт тодорхой болох нь. Гэхдээ гишүүдийг шинэчилж чадаж байгаа шиг Оюутолгойн гэрээгээ сайнаар өөрчилж чадах эсэх нь юу юунаас илүү сонирхол татаж байна.