Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг Ц.Элбэгдоржийн эрх ашигт нийцүүлсэн
УИХ-ын гишүүн Н.Энхболд
2013.02.14

Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг Ц.Элбэгдоржийн эрх ашигт нийцүүлсэн

УИХ дахь МАН-ын булгийн ахлагч Н.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын хийсэн ажилд МАН-ын бүлэг ямар дүн тавьж байна?

-Шинэ УИХ эхнийхээ ээлжит чуулганы хугацаандаа парламентын үнэт зүйлээс ухарсан, ардчилал нь хумигдсан гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улс бүхэлдээ ардчиллын зарчмуудаас нэг алхам ухарлаа гэж дүгнэж байна. МАН-ын бүлгийг яагаад байгуулахгүй байсан бэ гэдэг асуултын хариу хамгийн ойлгомжтой байв. Цөөнхийн, бидний ард байгаа нийт ард түмний 40 гаруй хувийн дуу хоолойг сонсолгүйгээр, УИХ-ын шийдвэрүүдэд тусгалгүйгээр маш олон асуудлыг баталж байсан. Гэхдээ бид энэ хооронд өөрсдийн байр сууриа байнга илэрхийлж байсан. Ялангуяа бүлгийг албажуулснаас хойш Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс мэдээлэл авч, засч залруулах асуудалд тодорхой ахиц гарсан. Биднийг бүлэггүй байлгаж байх хугацаанд их олон асуудлыг, улс төрийн зоридготой шийдэж байсан. Энэ байдал одоог хүртэл тасрахгүй байна. Цаашдаа энэ байдал даамжирвал УИХ-аар ямар ч хууль, тогтоомж баталсан тэр нь бүхэлдээ ард түмний нийтлэг эрх ашгаас тодорхой хэмжээгээр зөрчсөн байх болно.

Жишээ нь байнгын хороодыг бүрдүүлэхдээ бүрэлдэхүүнийг нь УИХ-ын гишүүдийн олонхи, цөөнхийн харьцаа ямар байна, түүнд нийцүүлэх ёстой. Гэвч бидний санаачилсан энэ хуулийг одоо хүртэл хэлэлцэхгүй, хойш нь тавьж буй. Биднийг хууль санаачлахаар, зөрүүлж хууль санаачлан барьцаалж, хэлэлцэхийн аргагүй болгож байгаа нь хамгийн том жишээ юм. Өнөөдөр гэхэд МАН-ын бүлгийн гишүүн тус бүртээ ганцхан байнгын хороонд харьяалагддаг.

-Та бүхний санаачилсан хуулийн төсөлд гишүүд байнгын хороонд харьяалагдах асуудлыг хэрхэн зохицуулсан юм бэ?

-УИХ дахь суудлынхаа харьцаагаар бид доод тал нь зургаа, дээд тал нь найман баингын хороонд орж, байр сууриа илэрхийлэх бололцоотой. Яагаад энэ тоог онцлоод байна вэ гэхээр сүүлийн үед хэлэлцсэн зарим асуудлын дүнгээс харагдах байх. Жишээ нь олонхи ч гэсэн дотроо зарим асуудалд эсрэг байр суурьтай байдаг. "Шударга ёс" эвсэл хэдийгээр олонхийг бүрдүүлж байгаа ч зарим асуудалд Ардчилсан намын бүлгээс өөр байр суурьтай байдаг. Хэрэв манай бүлгээс байнгын хороодод хуулийн дагуу гишүүд маань орсон бол асуудлыг газар авахуулахаас өмнө тэнд нь шийдэх боломж бүрдэнэ. Тухайлбал өнөөдөр Нууцын тухай хууль яаж байгаа билээ. Олонхи улаарч зүтгээд, унасан хуулийг дахин өргөн барьж оруулж ирээд чуулганы хуралдаанд хоёр ч удаа дэмжигдсэнгүй. Хэрэв бид байнгын хороонд зөв харьцаатай орсон бол асуудлыг ингэж газар авахуулахгүйгээр эрт шийдэж болох байсан.

-Тэгэхээр танай намын бүлэг УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаанд "муу" дүн тавьж байна гэсэн үг үү?

-Бид өнөөдөр гомдоллоод байгаа юм биш, шийдвэрийг зөв гаргахад УИХ-ын дотоод зохион байгуулалтын асуудал чухал юм байна гэдгийг олон нийт ойлгосон байх. Тиймээс энэ асуудлуудаа хаврын чуулганы эхэнд ярьж, үргэлжлүүлэхээр бэлтгэж байгаа. Ерөнхийдөө тоон үзүүлэлт талаас нь аваад үзэх юм бол, УИХ-ын чуулган асуудлуудаа хэлэлцээд дуусч байна. Гэхдээ хойш нь тавьсан асуудлууд багагүй бий. Ялангуяа УИХ-ын өөрийнх нь зохион байгуулалт, үйл ажиллагааных нь зарчим, зөв хэвшүүлэхтэй холбогдсон дөрвөн хууль хойш тавигдсан нь энэ чуулганы үйл ажиллагаанд тавих сөрөг дүнгүүдийн нэг гэж бодож байна.

Хууль мөрдөгдөхгүй байна, зөвшилцөхийн оронд шууд захиргаадаж хуулиудыг хийдэг, бүр болохгүй бол өмнөх хуулийг өөрчилж байгаад өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хуулиудыг гаргаж буй. Түүний нэг жишээ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль. Цөөнхийн байр суурийг тусгаагүй, олонхийн тэр тусмаа өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эрх ашигт нийцүүлсэн хууль гэж үзэж байгаа. Энэ бол МАН-ыг бүлэггүй байлгаж байгаад хийж авсан улс төрийн томоохон шийдвэрүүдийн нэг нь. Бүлэг байгуулагдаж, үйл ажиллагаагаа хуулийн эрх хэмжээндээ хэрэгжүүлж эхэлснээс хойш гарсан шийдвэрүүдэд бид өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж ирсэн. Тухайлбал Хэвлэлийн эрх чөлөөний болон Нууцын тухай хуулиуд байна. Мөн газрын тухай хуультай хамт орж ирсэн Газар албадан чөлөөлөх тухай хуулийг буцааж татсан асуудал. Үүнийг цөөнх болсон МАН-ын бүлгийн зүгээс явуулж байгаа үйл ажиллагааны үр дүн гэж харалгүй, харин ч өөрсдөө гэнэт ухаараад татаж авсан юм шиг сөрөг сурталчилгаа явуулж байгаа. Үнэхээр анхнаасаа буруу гэж үзэж байсан бол тийм хуулийн төслүүд оруулж ирэхгүй байх байсан юм. Хүний өмч хөрөнгөд, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан, ардчиллын зарчмаас ухарсан тодорхой жишээнүүд бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гэхэд хэвлэлийн байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарлаж байх заалт орж ирсэн.

Урьд өмнө нь хэзээ ч ийм байгаагүй. МАН үнэмлэхүй олонхи байхдаа ч хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, хаасан заалт оруулж ирж байгаагүй юм. Энэ бүхнийг дүгнээд үзэхээр намрын чуулган парламентын зарчмаас ухарсан байдлаар ажшшаж ирлээ гэж дүгнэж байна. Ирэх дөрвөн сард Ардчилсан орнуудын нийгэмлэгийн хурал Монголд болно. Энэ нийгэмлэгийг Монгол Улс даргалж буй. Тус хурлын үеэр бид 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш Монгол Улсад ардчилал ямар байгаа талаар байр сууриа тусгайлан илэрхийлж, хэлэлцүүлнэ гэж бодож байна. Монгол Улсын сайн сайхны төлөө ардчиллыг зөв төлөвшүүлэхийн оронд бид ингэж дотоод, гадааддаа ойлгогдохгүй байдлаар явж таарахгүй. Ийм байдал цаашид үргэлжлээд байвал бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болж ирсэн Монгол Улсын нэр хүнд унана. Энэ нь зөвхөн улс төр биш, Монголын эдийн засгийг хойш нь татна.

-МАН-ын бүлгийг үйл ажиллагаагаа сөрөг хүчний байр сууринаас явуулж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг өгдөг?

-Саяхан манай намын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хамтарч хуралдаад энэ хаврын чуулганаар хэлэлцэх бодлогын асуудлуудаар жагсаалт гаргасан. Энэ асуудлуудаар чуулганы завсарлагааны хугацаанд ярилцах болно. УИХ-ын үйл ажиллагааг МАН хойш нь татаж гацааж байна гэдэг ойлголтыг олон нийтэд өгөх гэж их оролдсон. Үнэн хэрэгтээ тийм байгаагүй гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж буй бүхий л том бодлогын баримт бичгүүдийг бид баталж өгсөн. Тэр дунд болох болохгүй зүйлийг нь шүүмжилж, өөрчилж байсан. Гэхдээ бонд гаргах болон төсвийг нь баталж өгсөн. Мөн Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой томоохон бодлого байна. Гэхдээ бүлгийн үйл ажиллагааны үр дүнд Газар албадан чөлөөлөх тухай, бас л хүний хувийн өмч рүү халдсан хуулийн төслүүдийг татуулж чадлаа. Мөн бид бүлгийн хуралдаандаа Ерөнхий сайд болон сайд нарыг урьж мэдээлэл авдаг. Гэхдээ энэ нь хэдэн тоо сонсоод өнгөрч байгаа асуудал биш. Тэр дунд болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг нь хэлж сануулах, худал зүйл ярьж байвал олон нийтэд илчлэх нь ажлыг сайн явуулах зөв арга хэлбэр гэж бодож байна. Ерөнхий сайдыг нэг удаа дуудсан, ирээгүй. Мөн Х.Баттулга сайдыг урьсан, ирээгүй. Оронд нь дэд сайд нь ирээд баахан худлаа зүйл ярьж байгаад явсныг олон нийт мэдэж байгаа байх.

Махны үнэ л гэхэд сүүлийн долоо хоногийн дотор 13-19 хувь өсчихсөн байсан. Статистикаас авсан тоогоор шүү. Яагаад энэ бүхнийг ярьж байна вэ  гэвэл,  бид Засгийн газарт үйл ажиллагаагаа явуулах бүхий л боломжийг нь хангалцаж өгч байгаа.

Олон зуун тэрбум төгрөгөөр хүнсний хэрэгцээний бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн. Өмнө нь энэ мөнгө иргэдийн гар дээр шууд очино, тэр хэмжээгээрээ иргэд өөрсдийнхөө амьдрал ахуйд хэрэглэдэг байсан. Харин энэ удаа олонхийн шийдвэрээр уг мөнгийг байгууллагуудад өгч, тэр нь үнийг тогтвортой байлгах арга хэлбэрт шилжсэн. Гэтэл энэ нь үр дүнгээ өгөхгүй байгаа. Одоо бараа бүтээгдэхүуний үнэ ямар байгааг бид судалж үзсэн. Долоо хоногийн дотор махны үнэ, адууныхаас бусад төрөлд нэмэгдсэн байх жишээтэй. Энэ бүх зүйлийг засч залруулахад цаашдаа ажиллах болно.

-Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа тухай МАН бүлгийнхээ хуралдаанд мэдээлэл авъя гэдэг санал гарснаас үүдэн Ерөнхий сайд чуулганы хуралдаанд уг асуудлаар танилцуулга хийсэн гэж үнэн үү?

-Монгол Улсын Засгийн газрын 19 гишүүний 17 нь УИХ-ын гишүүн байгаа. Энэ харьцаа УИХ-ын зүгээс Засгийн газарт хяналт тавих функцийг хэрэгжүүлэхэд томоохон саад болж буй. Үнэндээ Засгийн газар өөрийнхөө бодлогыг УИХ-аар батлуулаад түүнийгээ хэрэгжүүлж, өөрөө хянах хэмжээнд дөхөж очиж байна. Олонхийн бүх гишүүн гурван байнгын хороонд ажиллаж байна гэдэг хяналт алдагдаж байгаагийн бас нэг шалтгаан. Бас нэгэн шалтгаан нь манай бүлгийн гишүүд ганцхан байнгын хороонд ажиллаж байгаад оршино. УИХ хяналтаа тавьж чадахгүй байгаагийг нэг жишээ нь орон нутгийн сонгуулийн үр дүн. УИХ-ын сонгууль өнгөрөөд хагас жил болж байхад зарим тойргийн маргаан өнөөдрийг хүртэл эцэслээгүй. МАН-ын бүлгийн зүгээс Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг хийх хэлэлцээр ямар байна гэдэг мэдээллийг авъя гэсэн. Ерөнхий сайд урьдчилж, чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэн.

Түүнд нь Ерөнхийлөгч оролцсон байгаа. Нөхцөл байдал ямар байгааг олон нийтэд дэлгэрэнгүйгээр мэдээлүүлж чадсан гэж үзэж байна.Энэ бол манай бүлгээс зохион байгуулсан ажлын үр дүн. Одоо бол хэлэлцээрийн явцыг анхааралтай ажиглана. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд үргэлжлээд явах ёстой. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоомж УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн хүрээнд. Бидэнд байгаа албаны мэдээллээр хэлэлцээр эхэлсэн, амаргүй байгаа юм билээ. Гэхдээ хэлэлцээрийн хүрээнд энэ том төсөл яаж өөрчлөгдөх нь вэ гэдэг нь чухал. Засгийн газар үнэхээр ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байна уу үгүй юу гэдгийн том шалгуур энэ болно.

-Та өнгөрсөн намрын чуулганы үйл ажиллагааг ингэж дүгнэж байгаа юм байна. Харин танай намын бүлэг өөрөө сөрөг хүчнийхээ үүргийг хэр сайн гүйцэтгэж чадсан бэ?

-Бид бүлэгт тавигддаг шаардлагын хэмжээнд, хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд ажилласан гэж бодож байна. Мэдээж эцсийн үр дүнг олон нийт, намын хамт олон тавих байх. Бололцоотой бүхий л арга хэлбэрээ ашигласан. Ялангуяа бүлгийг албажуулахгүй явж ирсэн нь бидний ажлын үр дүнд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсэн. Бүлэг албажсанаас хойш УИХ-аас гарч байгаа шийдвэрүүдэд бидний байр суурь тусгагдаж ирсэн гэдгийг дээр хэлсэн. Энэ бүх зүйлүүд цөөнхтэйгээ зөвшилцөж номоороо явбал үр дүнд заавал хүрдгийг харуулж буй. Бид цаашдаа УИХ зохион байгуулалтай холбоотой үйл ажиллагааг эрчимтэй явуулна гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнөөдөр УИХ-ын гишүүдийн 40 орчим хувийг МАН-ын гишүүд эзэлж байгаа атал урьд өмнө нь уламжлалаараа цөөнхөөр удирдуулж ирсэн дэд хороодын удирдлага эрх баригчдад шилжсэн. Мөн байнгын хорооны бүрэлдэхүүн болон сайдууд олон байнгын хороонд харьяалагдаж байгаа нь УИХ-аас Засгийн газарт тавих хяналтыг сулруулж байгаа. Энэ мэтчилэн УИХ-тай холбоотой зохицуулалтыг сайжруулснаар бүлгийн үйл ажиллагааны үр дүн өндөр байна гэсэн байр суурьтай байна.

-МАН-ын бүлэг УИХ дахь бүлэгтэйгээ хамтарч хийсэн өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн талаар ярилцсан гэсэн мэдээлэл байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүн нэр дэвших бололцоотой байна гэдгээр тодруулга явуулъя гэж байгаа юм. Энэ бол ямар нэгэн сурталчилгаа биш. Хууль зөрчсөн зүйл энэ дотор байх ёсгүй. Олон нийтийн дунд манай намаас ямар хүн нэр дэвшвэл сонгогдох боломжтой вэ гэсэн байр суурийг тодруулах бодолтой байна. Гэхдээ үүний дагуу журам гарах ёстой. Тэр журам нь Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудтай мөргөлдөхгүйгээр гарах ёстой. Хэн нэгэн хүнийг шууд санал болгоод "Энэ хүн нэр дэвшвэл яах вэ" гэвэл сурталчилгаа болчихож магадгүй. Харин жирийн иргэд, манай намын дэмжигчдээс МАН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл болох вэ гэдгийг лавлана гэдэг сурталчилгаа биш, судалгаа юм. Энэ ажил хуулийн хүрээнд хийгдэх ёстой.

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН хоёр хамтарч оролцох ёстой гэж яригдсан гэж байсан. Энэ үнэн үү?

-Удирдах зөвлөлийн хүрээнд аль нэгэн нам эвсэлтэй хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай албан ёсоор яригдаагүй. Тодорхой гишүүдийн зүгээс аль намтай хамтарч сонгуульд оролцвол амжилт гаргах вэ гэдэгт санал гарч байсан. Гэхдээ энэ бол Удирдах зөвлөл дангаараа шийддэг асуудал биш. Хэнтэй, яаж эвсэх талаар тусгайлан ярилцаагүй. Түүнийг дүрмийн хүрээнд намын Бага хурал. цаашлаад их хурлаар ярих ёстой зүйл.

-Та түрүүн хэлэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль одоо уг албан тушаалд байгаа хүний эрх ашигт нийнуүлсэн хууль гэж дүгнэсэн. Ер нь МАН аль нэгэн намтай эвсэхгүйгээр орвол сонгуульд ялах магадлал хэр байна?

-Энэ бол ард түмний сонголт. Монголын нийт сонгогчид юу гэж бодож байгааг хэлж мэдэхгүй юм. Ер нь улс төрийн хүчний харьцаа талаас харж үзэж байгаад хэнтэй эвсэх вэ гэдгээ тусгайлан шийднэ. Бүлэг, Удирдах зөвлөлийн хамтарсан хурал дээр зарим гишүүд "бид угаасаа нэг угшилтай, хамтраад сонгуульд оролцвол ялах боломж бий, сая орон нутгийн сонгуульд манай намын санал дахиад л хуваагдсан" гэх мэт саналууд гарч байсан. Хэрэв улс төрийн аргаар, хууль бусаар нэрийг нь булааж өөр улс төрийн хүчинд өгөөгүй байсан бол МАН, МАХН хоёр нийлбэр дүнгээрээ ялах боломж байсан хүчин зүйлүүдийг тооцож үзэх ёстой гэсэн саналууд ч гарч байна. Гэхдээ бид энэ асуудлыг эцэслэж шийдээгүй.

-Сүүлийн үед шинэчлэлийн жигүүр байгуулснаа МАН-ын гишүүд зарлах болсон. Жигүүр хэлбэрээр нэгдсэн эдгээр хүмүүсийн тавьж буй шаардлагыг намын Удирдах зөвлөл хэрхэн хүлээж авч байна?

-Намын дүрмийн хүрээнд албан ёсоор байгуулагдсан фракц, жигүүр гэж одоохондоо байхгүй. Гишүүд дотроос гарч буй санаачилгууд бий.Тэр бол байх ёстой, байдаг л зүйл. Долоон гишүүн нийлээд намын шинэчлэлийн хүрээнд хийх ажлынхаа саналын төслийг бидэнд өгсөн. Түүнтэй нь танилцана. Шинэчлэл гэдэг нэг удаа хийчихээд л зогсчихдог асуудал биш шүү дээ. Байнга л явж байдаг үйл явцын нэг хэсэг гэж бодож байгаа. Бидэнд өгсөн материалтай нь танилцсан, бидний хийж буй зүйлүүдийн талаар тусгажээ гэж харж байна. Энэ бол манай намын гишүүдийн зүгээс гарч байгаа санал учраас ярилцах ёстой. Тэр саналууд дунд ямар нэгэн сенсааци болчихоор, эсвэл МАН-ыг тэгчихээсэй гэж бодож байгаа хүмүүст идэш болчихоор зүйл байхгүй.