Тусламжийн мөнгө завшсан эсэхийг шалгана
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.02.14

Тусламжийн мөнгө завшсан эсэхийг шалгана

Москва дахь Монгол Улсын ЭСЯ-ны барилга зарагдсан талаар шуугиж эхэлсэн. Энэ тухай холбогдох албаны хүмүүс янз бүрийн тайлбар өгч, уг барилгыг зараагүй түрээсэлсэн гэж мэдэгдэж байсан юм. Барилгыг үнэхээр түрээсэлсэн үү эсвэл хууль бус үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг  шалгахаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-ны өдөр ОХУ-ыг зорих гэж  байна.

Монгол улсаас ОХУ-д суудаг Элчин сайдын мэдэлд нэлээд хэдэн обьект байдаг бөгөөд түүний нэг буюу хуучнаар Худалдааны төлөөлөгчийн газар гэж нэрлэж байсан Москвагийн Спасопесковский переулок 7/1 гэсэн хаягтай барилгыг 2007-2008 онд ГХЯ болон ТӨХ-ны зөвшөөрлийн дагуу тухайн үед Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай ОХУ-ын “Центр регион Эстэйт” хэмээх хувийн аж ахуйн нэгжид 10 жилийн хугацаагаар түрээслүүлсэн гэнэ. Ямартай ч эл барилгыг бусдад түрээслүүлсэн гэх Л.Хангайг уг хэрэгт хол­боотой эсэхийг нарийн шалгах аж. Дээрх хэргийн талаар УИХ-ын гишүүн О.Баасан­хүүтэй  холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

-Москва дахь Элчин сайдын яамны байрны түрээсийн мөнгө хаашаа орж хэрхэн зарцуулагдаж байгаатай холбогдуулан шалгалт хийх гэж байгаа гэсэн?

-Тийм ээ, Ажлын хэсэг энэ сарын 17-нд явах гэж байгаа. Түрээсэлж эхэлснээс хойших хугацаанд түрээсийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байсан гэдэг нь сонин байна. Үүнийг мэдэхийн тулд газар дээр нь очиж,   нөхцөл байдалд нь  шалгалт хийх гэж байна даа. Гэхдээ зөвхөн Москва дахь Элчин сайдын яам ч биш Герман, Тайвань улсад байгаа Монголын Элчин сайдын яаманд  очно.

Ер нь,  манай улсаас гадаадад суугаа яамдуудын хувьд төсөв мөнгөний асуудал их нууцлагдмал байдаг. Тиймээс бид шалгалт хийх гэж  байна.
-Герман, Тайвань  улсад байгаа Элчин сайдын яамдууд ч  бас асуудалтай гэсэн үг үү?

-Герман улсад байгаа Элчин сайдын яамны төсөвт нь шалгалт хийнэ. Харин Тайвань улсаас манай улсад их хэмжээний мөнгөн хандив өгсөн нь эзэддээ очоогүй гэсэн.

Тодруулбал, манай улсын нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэг нь замаас нь өөрийн  халаасандаа хийсэн  байж болох мэдээлэл байгаа юм. Гэхдээ энэ нь батлагдаагүй байгаагүй учраас  тэр хүний нэрийг нь хэлмээргүй байна. Шалгалт хийсний дараа бүх зүйл тодорхой болно. Тэгээд та бүхэнд үнэн зөв мэдээлэл өгнө.