С.Эрдэнэ: Хүүхэд, залуусын хөгжлийн төвийн асуудлыг цэгцэлнэ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.02.07

С.Эрдэнэ: Хүүхэд, залуусын хөгжлийн төвийн асуудлыг цэгцэлнэ

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд залуучуудад хандсан олон зорилт тусгасан. Түүний нэг нь хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжийг зориулалтын дагуу ашиглаж хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэн өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх улмаар хүүхэд залуусын хүсэл сонирхолд нийцэхүйц менежмент байх ёстой гэж үзэж буй. 

Тэгвэл уг зорилтыг хэрэгжүүлэхээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны аравдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламж бий болгосон хөрөнгийн ашиглалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг тус яамны дэд сайд ахлан ажилласан юм. Ийнхүү үзлэг шалгалтын дүн гарч ерөнхий сайдад тус ажлын хэсэг тайлангаа тавьсан байна. 

Ингээд ажлын хэсгийнхэн болон тус яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Хүүхэд залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжийн өнөөгийн ашиглалт ямар байгаа талаар танайхаас ажлын хэсэг гарч дүн шинжилгээ хийсэн. Шалгалтын үр дүн ямар байсан талаар тодруулахгүй юу?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсанаасаа хойш олон чухал ажил хийж байгаа. Түүний нэг болох хүүхэд залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилгын ашиглалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор үзлэг шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж явуулсан. Уг шалгалтын багийг манай яамны дэд сайд ахалж бусад холбогдох олон байгууллага оролцож ажилласан. Энэхүү ажлынхаа тайланг өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайдад тавилаа. Уг шалгалтаар хэд хэдэн томоохон зөрчил илэрсэн.

Тэдгээр гарсан зөрчлүүдийг арилгахын тулд цааш нь илүү сайн ажиллах үүднээс ерөнхий сайдын захирамж гарч тусгай ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан байгаа. Учир нь дээрх ажлыг хийх явцад өмч хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхгүй хаагдмал байх тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл том том барилга байгууламж нь газартай холбоотойгоор хувьчлагдчихсан зэрэг учир битүүлэг ямар ч мэдээллийн сангүй нэлээд хэдэн зөрчил илэрсэн. Тэгэхээр энэхүү хууль бус ажлыг ганц яамнаас гарсан ажлын хэсэг хийх боломжгүй болж байгаа юм. Тиймээс Засгийн газрын хүрээнд авч хэлэлцээд уг хууль бус ажлыг таслан зогсоохоор тэмцэх хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь "Хаан" банкны байрлаж байгаа байр хүүхэд залуучуудын театр байх юм. Энэ нь 2003 онд хувьчлагдсан гэх боловч гэрээн дээрээ зориулалтын дагуу ашиглана гэсэн заалт байна. Гэтэл одоо түүний ашиглалт ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Мөн Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөнд "Улаанбаатар" чуулга ороод байрлачихсан. Эргээд хүүхэд залуучуудад хамааралтай ямар нэг арга хэмжээ зохион байгуулах гэхээр "Улаанбаатар" чуулга"-ынхан нэлээд өндөр түрээс нэхдэг юм байна. Эндээс цаанаа томоохон улс төрийн нэг намд үйлчилж гap хөл нь болж зуучилдаг байгууллага байдаг байж таарч байгаа юм л даа. 

2008-2010 онд Нийслэл хотын захиргаанд энэ асуудал нэлээд хурцаар тавигдсан. Тухайлбал 700 сая төгрөгөөр засвар хийж, техник технологийн хувьд шинэчлэл хийгдсэн байх юм. Тэгсэн хэрнээ жил бүр 300-400 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гэж гаргуулдаг гэнэ. Тэгээд олон нийтэд зориулсан яг ямар үйл ажиллагаанд энэ их мөнгийг зориулсан нь тодорхой бус байна. 

Манай яамнаас энэ асуудлыг цэгцэлж цаашдаа ч хүүхэд залуучуудад зориулагдаж баригдсан барилга байгууламжийг хэрхэн зүй зохистой зориулалтаар нь ашиглах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллахаар зорьж байна. Гэвч зарим нэг мэдээлэл хаалттай байгаа учраас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахлагчтай ажлын хэсгийг ажиллуулах санал тавьсан байгаа.

-Зориулалтын бусаар ашиглаж буй цаад газруудад нь ямар арга хэмжээ авах вэ. Өмчийн харилцааны газарт хандах уу?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн гол зорилго нь хүүхэд залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга, хөрөнгө, газар эзэмших асуудлыг шалгах зорилготой юм. Энэ ажлын хэсэг хийсэн үзлэг шалгалтынхаа явцыг бас л ерөнхий сайдад танилцуулна. Энэ ажлын хэсэг яаж ажиллах вэ гэхээр нэгдүгээрт хүүхэд залуучуудын зориулалттай баригдсан барилга, байшингийн өнөөгийн хувьчлал хууль эрхзүйн үндэслэлтэй эсэхийг шалгана. Хоёрдугаарт тэдгээрийг зориулалтынх нь дагуу ашиглаж байгааг хянана, гуравт зориулалт бусаар, хууль бус хувьчлалаар авсан бол түүнийг нь зогсоох арга хэмжээ авна. Түүнчлэн нэгэнт хувьчлагдаад зориулалтын байшин барилга нь устаж үгүйрээд зарж борлуулсан байх юм бол тухайн аж ахуйн нэгж байгууллагаар уг хөрөнгийг нь гаргаж шинээр хүүхэд залуучуудын зориулалтын барилга байшин барих асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэндээ 1990 оноос хойш хүүхэд залуучуудын зориулалтаар баригдсан маш олон барилга байдаг.

-Тодруулбал улсын хэмжээнд энэ зориулалтын хичнээн барилга баригдсан байдаг юм бол?

-Улсын хэмжээнд 54 зуслан үйл ажиллагаа явуулж байсан. Эндээс одоогийн байдлаар 16 зуслан зориулалтын байдлаар үйл ажиллагаа тогтмол хэвийн явуулж байна. Бусад нь зориулалт бусаар ашиглаж өмч хөрөнгө нь устаж үгүй болж, үйл ажиллагаа нь зогссон байдалтай байгаа юм. Ер нь хүүхдүүд зуныхаа амралтын хугацаанд хүүхэд өөрийн сонирхсон чиглэлээр хөгжих боломжийг үндсэндээ хаасан байгаа.

Нийслэлийн хэмжээнд гэхэд хот тойрсон 16 зуслан бий. Эндээс зургаа нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Дээрх 16 газраас дийлэнх нь тухайн үе үеийн хотын дарга нар эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувьчилж авсан асуудал байж байна. Энэ хууль бус асуудлыг бид цэгцлэх зорилгоор холбогдох албан тушаалтнуудад нь хариуцлага тооцож, эдгээр хүүхдийн зуслан өмч хөрөнгийг буцаагаад хүүхдийн байгууллагын мэдэлд аваачих тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Алдарт эхийн одонгийн мөнгө цагаан сараас өмнө олгох асуудал юу болсон бэ?

-Cap шинийн өмнө Алдарт эхийн одонгийн мөнгийг эхчүүдэд олгохоор өчигдөр бүх аймаг дүүргүүдийн төсөв санхүүд мөнгийг шилжүүлсэн. 2013 оны төсөвт алдарт эхийн I одонтой 66 мянга 400 ээж, 11 одонтой 159 мянга 600 ээж нийт 226 мянган ээжид 33.3 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан байгаа. Үүнээс эхний ээлжинд 205 эхийн 29.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аймаг дүүргийн төрийн сангийн дансанд байрлуулсан байна. Үлдсэн 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бид ойрын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Ямартай ч цагаан сарын өмнө алдарт эхийн мөнгийг бүх эхчүүдэд өгч дуусна гэж үзэж байгаа.