934 хүүхэд асрамжийн газарт амьдарч байна
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвийн хүүхдүүд
2013.01.14

934 хүүхэд асрамжийн газарт амьдарч байна

Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын даргын 2013 оны а-04 тоот тушаал ёсоор халамж, асрамжийн төвд амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдийг бүртгэх, тоолох ажиллагаа явагдаж эхэллээ.

 Нийслэлийн нутаг дэвсгэрт халамж, асрамжийн үйлчилгээ эрхэлдэг 36 төв байдаг бөгөөд үүний хүрээнд нийт 0-18 хүртэлх насны 934 хүүхэд тоолуулж, мэдээллийн санд бүртгэгдээд байна. Тэдний 52,7 хувь нь эрэгтэй хүүхэд байгаа ажээ.

Энэхүү үйл ажиллагаа цаашид аймаг, орон нутагт үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Хүүхдүүдийг тоолж бүртгэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг зэрэг бичиг баримттай нь тулгаж,   фото зургаар нь баримтжуулж, эцэг эх гэр бүлийн харъяалал хаягийг тогтоон хүүхдийн хувийн мэдээллийн санг нууцын зэрэглэлтэйгээр бүрдүүлжээ.

Тооллого, бүртгэлийн явцад бүртгэлтэй боловч хүүхэд нь байхгүй болон хүүхдийн бичиг баримт нь дутуу байгаа зэрэг зөрчлүүд гарчээ.

Хүүхдийн хувийн мэдээллийн сан бий болсноор, нотолгоонд тулгуурлан, хүүхдийн хүссэн халуун дулаан гэр бүл ба гэр бүлтэй дүйцэх шинэ үйлчилгээний хүрээ, хэрэгцээг тодорхойлно.

Үүний зэрэгцээ  өнөөгийн нөхцөлд мөрдөж байгаа хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих стандартын хэрэгжилтийн үр дүнг үнэлж, шинэчлэн өөрчлөх саналыг дэвшүүлэх юм.