2013.01.30

Э.Бат-Үүл: Бизнес хийсэн, хийгээгүй хүний өмч хөрөнгө ямар үнэ цэнтэй болохыг би мэднэ

"Шонхор суваг " телевизээр Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Үүл дарга аа, нэг хэлц үг гарчээ. "Уур биеийг зовооно, уул морийг зовооно, Үүл машиныг зовооно" гэсэн байна. Та энэ хэлц үгийг сонссон уу?

-Сонссон. Надад шударга биш хандаж байна гэж санагдсан (инээв). Шийдвэрлэх ёстой олон асуудлын нэг нь яах аргагүй замын түгжрэл. Замын түгжрэл хүний сэтгэл санаа, бүтээмжийг алгуурхнаар бууруулж байдаг. Зарим хүн харих замдаа бухимдсаар байгаад гэртээ ууртай харьдаг.

Засаг дарга болохоос өмнө замын түгжрэлийн асуудал их хүндрэлтэй байсан. Тиймээс сонгуулиар замын түгжрэлгүй болгоно гэсэн хөтөлбөр хүртэл дэвшүүлэхэд хүрсэн шүү дээ.

-Таныг өмнө есдүгээр сард "Цензургүй яриа"-нд урьж байхад дугаарын зохицуулалт дөнгөж эхэлчихсэн, хүмүүс их ам сайтай байлаа. Гэтэл одоо олонхи нь бухимдаад эхэлчихэж. Энэ нь амралтын өдрүүдэд машиныг зохицуулалттай болсонтой холбоотой байх. Гаргасан захирамжаа түргэчихээд бүр баталчих вий гэдгээс бас хүмүүс айж байна?

-Энэ дашрамд нэг зүйлийг хэлмээр байна. Юу гэхээр чадвал

Нийслэл хотын авто замын хөдөлгөөнд өдөрт шинээр 68 автомашин нэмэгддэг

арваннэгдүгээр сард чадахгүй бол ирэх оны хавраас дугаарын хязгаарлалт хийж машины хөдөлгөөнийг зохицуулдгийг болиулна гэж төлөвлөж байгаа. Би өөрөө ч дугаарын хязгаарлалтад   их дургүй.

Хязгаарлалт тухайн үед л асуудлыг шийдвэрлэх боловч, урт хугацаандаа сөрөг үр дагавартай. Тухайлбал дугаар олгодог газар авлига авдаг болж гэх юм. Мөн Улаанбаатарт нэг номертой таван машин явж байна гэсэн. Нэг номертой хоёр машин зэрэгцээд гарцан дээр зогсож байхыг нь зурагтаар гаргалаа. Үүнийг шалгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Энэ талаар мэдээлэл өгсөн хүмүүсийн нэрийг нууцлан шагнана. Гэхдээ ингээд хэр удаан үргэлжлэх юм бэ. Тийм биз дээ.

-Амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт үнэхээр цаашид үргэлжлэхгүй юу?

-Үргэлжлэхгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна.

Цагаан сар дөхөхөөр нийслэл рүү маш олон машин ирдэг. Цагаан сарынхаа бэлтгэлийг хийхийн тулд хот руу ирэхээс өөр аргагүй болдог. Тэр бүх хүн нийслэлийн зам дээр түгжирнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орсон хүмүүс хэлж байна. Тэд ингэж хязгаарлах хэцүү ч бас нөгөө талдаа нэлээд олон зах дэлгүүрээр орж ажлаа амжуулж чадлаа гэцгээж байгаа. Тэгэхээр бухимдах хэсэг байхад талархах хэсэг бас байна шүү дээ.

-Гэхдээ либералистууд "бидэнд түгжрэх эрх чөлөө өгөөч" гэж байгаа?

-Либералистууд анхаарсан уу яасан, би амралтын өдрөөр дугаарын зохицуулалт хийдэггүй байсан. Энэ өдөр иргэдийн сонголтын өдөр. Өөрөөр хэлбэл түгжрэх үү, амрах уу гэдэг сонголт үлдээж байгаа юм.

-Хүмүүсийн дургүйг хамгийн ихээр хүргэсэн нь буруу талдаа рультэй машиныг явуулахгүй байх журам хийхээр завдсан явдал. Ингэхэд та өөрөө ямар рультэй машин унадаг вэ?

-Би албаны машин унадаг.

-Тэр машин чинь аль талдаа рультэй юм бэ?

-Зөв талдаа рультэй (инээв). Ер нь бол авто замын ослын 50 гаруй хувь нь буруу талдаа рультэй машинаас болж байгаа гэдэг. Энэ утгаар нь зөв талдаа рультэй машиныг хэрэглэе л гэсэн юм л даа. Бид чинь баруун гарын дүрэмтэй улс шүү дээ. Уг санаа маань зөв боловч илэрхийлэх арга нь буруу байсан байж магадгүй юм. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг сүрхий зэмлэж, загнасан. Иргэдээс санал асуулга асуугаад 74,5 хувь нь зөвшөөрөөгүй юм. Тэгээд дахин санал асуулга явуулах гээд загнав даа.

-Ер нь яагаад та урд нь нэг санал асуучихаад дахин санал асуулга явуулах гээд байсан юм бэ?

-Яах вэ дээ, шийдвэрийнхээ үндэслэлийг муу тайлбарласан гэж бодоод дахиад нэг санал асуулга явуулъя гэж бодсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын хурал дээр загнахаасаа ч өмнө утсаар над руу яриад "Чи юу яриад байна вэ... Юун дахин санал асуулга вэ" гэсэн. Би бас нэг телевизийн ярилцлагад орохдоо "даагаа нэхнэ энэ тэр" гээд хэлчихсэн юм шиг байна билээ. Тэгээд Ерөнхийлөгч олны өмнө биш, утсаар намайг загнасан. "Юу яриад байна вэ, иргэд олноороо шийдвэрээ гаргачихлаа. Тэгтэл даагаа нэхнэ гээд байдаг. Иргэд шийдвэрээ гаргачихаад байхад болоо юм биш үү" гэсэн. Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдааны үеэр ороод ирчихсэн машиныг бус хил гаальд анхаарлаа хандуул гэж хэлсэн. Мөн Ерөнхийлөгч зэмлэж байхдаа хэлсэн гоё үг нь "Дарга нар төрөхөөс өмнө хүний эрх байсан юм шүү" гэж (инээв). Энэ их үнэн үг шүү.

-Үүнийг та сайн мэддэг баймаар. Учир нь та бол либералист хүн шүү дээ?

-Би мэднэ л дээ. Буруу гар талдаа рультэй машины асуудлыг тавьсан хоёр шалтгаанаа хэлье. Юу түрүүнд аваар осол. Мөн буруу гар талдаа рультэй машины цаана зохион байгуулалттай бизнес байдаг. Яагаад гэвэл буруу гар талдаа рультэй машин хямдхан борлуулалт сайтай байдаг юм гэх зэргээр ярих юм их бий л дээ. Судалгаа ч бий.

-Тэгээд та Ерөнхийлөгчид загнуулаад иргэдээс дахин санал хураахаа больсон уу?

-Больсон. Дийлэхгүй юм байна билээ... Дээр, дооргүй загнах юм билээ. Хил гааль дээр нь зохицуулалт хийхээр болсон. Би Ерөнхий сайдад ч хэлээд байгаа юм. Энэ асуудлыг хүмүүсийн эрх ашигт нийцүүлсэн зөв зохицуулалт хийе гэж. Монголын төр өнөөдөр маш том худалдан авагч болчихсон. Бид татварын мөнгө, эдийн засгийн боломжоор гаднаас олон машин худалдан авч байна. Харин Япон, Солонгос улс хөгжиж байхдаа дотоодынхоо үйлдвэрлэгчийг дэмждэг. Үүн шиг манайх япон машин авчраад угсар л даа. Хятадад ч мөн ялгаагүй машин угсарч байгаа шүү дээ. Машин угсрах нь яагаад хямд өртөгтэй байдаг вэ гэвэл нэг контейнерт хоёр машин орно. Харин нэг контейнерт 200 мотор орно. Тэгэхээр хамаагүй том нийлүүлэлтийг хямдаар хийж болохоор байгаа биз. Тэгээд иргэдэд дотоодод угсарсан япон машин худалдана. Хэрэв худалдаж авбал моргейж өгье гэдэг хэлбэр рүү явъя гэж байгаа юм. Энэ бол бидэнд хэрэгтэй.

-Ерөнхийлөгч таныг загнаж, өөртөө том оноо авсан. Нэг талдаа улстөрч хүний пи ар ч байж мэдэх юм. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч Улаанбаатар хотын даргыг загнах эрхтэй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон ард түмнийг төлөөлдөг учир хэнд чүгээ хэлэх эрхтэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан байдаг. Хэрэв Ерөнхийлөгч зарлиг гаргавал бид биелүүлэх   үүрэгтэй.   Хэлэх   үгээ хэлэх ёстой.

-Та айсан уу?

-Айх ч юу юм бэ. Дотроо жаахан сонин болоод доошоо хараад л суугаад байлаа... (инээв). Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлдэг зөв л дөө. Би Ерөнхийлөгчийн оронд байсан бол ингэж л хэлэх байлаа.

-Цагаан сар аливаа баяр ёслолын үеэр зах руу явах машины урсгал нэмэгдэж, түгжирдэг. Ер нь "Нарантуул" захыг хотоос нүүлгэж болдоггүй юм уу?

-Болно. Гэхдээ нэлээд зүрх, зориг гаргаж байж хийх асуудал. Яагаад гэхээр "Нарантуул" зах дээр манай улсын хүн амын нэлээд хэсэг нь тус захаас амьжиргааныхаа орлогыг олж үр хүүхдээ тэжээдэг. Тиймээс захыг нүүлгэнэ гэвэл зад эсэргүүцэлтэй тулгарна. Хэн нэг дарга тэр хүмүүст учирч буй хохирлыг тооцохгүйгээр шийдвэр гаргаж болохгүй юм л даа. Ийм эсэргүүцэлтэй учрахгүйн тулд бид юу хийх вэ, тэнд ажиллаж байгаа хүмүүс орлогоо алдахгүй байх, яаж илүү сайн нөхцөлтэй болох вэ гэдгийг тооцож байж нүүлгэх ёстой юм.

-Өмнө нь 100 айлын барилгын материалын захыг "Хүчит шонхор" зах руу нүүлгэх гээд чадаагүй жишээ бий шүү дээ?

-Чадаагүй. Ер нь үүнийг хэнбугай нь ч чадахгүй. Тэр хүмүүст учирч байгаа хохирол нь дэндүү их. Бизнес нь хэдэн сараар бүү хэл өдрөөр алдагдахад л тэр хүн хохирох юм. Ер нь бол "Нарантуул" захыг нүүлгэх нь зөв.  Гэхдээ хэзээ яаж иргэдээ алдагдалгүйгээр нүүлгэн шилжүүлэх вэ гэдгийг сайтар судалж байж хийх зүйл л дээ.

-"Нарантуул" захын зөвшөөрлийг өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөх өдрүүдэд 25 жилээр сунгачихсан байсан гэсэн. Энэ шийдвэрийг эргэж харсан уу, хууль ёсных байсан уу?

-Энэ шийдвэрийг эргэж харсан, шалгасан. Өмнө нь уг зөвшөөрлийг таван жилээр өгдөг байсан юм билээ. Гэтэл 25 жилээр өгчихсөн. Тиймээс үүнийг эргэж харж, шийдвэрийг цуцалж болно. Гэсэн хэдий ч энэ нь тус захыг эзэмшиж байгаа эзний асуудал биш, тэнд ажиллаж байгаа олон мянган хүний эрх ашиг хөндөгдөх гээд байна. Тэгэхээр хэн хэнд нь ашигтай, бас алдагдалгүй байдлаар шийдэх ёстой.

-"Дүнжингарав" зах нээлтээ хийсэн. Харин та маргааш нь "Дүнжингарав"-ын зөвшөөрлийг цуцална гэсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү "Бүх зүйл хууль журмын дагуу явагдаж, олон тэрбумын хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл нэг ч удаа бизнес хийж үзээгүй хүн гарчирээд инээд алдаж байгаад устгана гэдэг юу гэсэн үг вэ" гэж хэлж байсан?

-Би тэр хүмүүсийг бизнес хийдэг, Дүнжингарав шиг өмч хөрөнгөтэй байлгахын төлөө нэлээд хэдэн жил үсээ цайтал тулалдлаа. Тиймээс би бизнес хийсэн, хийгээгүй хүний өмч хөрөнгө ямар үнэ цэнтэй болохыг

Дүнжингарав худалдааны төв

мэднэ. Өмч хөрөнгөө хамгаалж байгаа учир шалтгааныг нь ч мэднэ. Нэгдүгээрт, өөрийн чинь хэлдэг Дүнжингарав нээгдэнгүүт тийм үйл ажиллагаа болоогүй. Шийдвэр гарсны дараа Б.Наранхүү нээж, пи ар хийсэн юм. Хоёрдугаарт,  Дүнжингаравын тодорхой газрыг нь өөрөө хуулийн хувьд эргэлзээтэй ч гэсэн худалдаж авсан, хөрөнгө оруулалт хийгээд босгочихсон үл хөдлөх хөрөнгө бий. Тэр нь огт хөндөгдөөгүй шүү дээ. Иргэний хуулиар үл хөдлөх хөрөнгийг газраас нь салгаж болохгүй гэж заасан байдаг. Харин тэнд 153 га газар байгаагаас 113 нь огт ашиглагдаагүй байгаа юм. Авахдаа хууль зөрчөөд авчихсан тэр газрынх нь зөвшөөрлийг цуцалсан юм.

-Тэр газар дээр нь барилга баригдсан юм уу. Цэвэр усны нөөцийн сан дээр байгаа гэх юм үнэн үү?

-Огт барилга баригдаагүй хоосон талбай бий. Цэвэр усны асуудлыг ярихаас өмнө би нэг зүйл, хэлээд байгаа юм. Энэ нь хууль бусаар авсан газрын тухай л яриад байна. Хэрэв Англи, Япон, Германд ингэж зөвшөөрөлгүй барилга барихын бол газрын хөрснөөс арчина. Хууль ёсыг баримталдаг газар хууль зөрчсөн асуудлыг огт тэвчдэггүй.

-Манайд барилгаа барьчихаад зөвшөөрлөө авдаг гэдэг юм билээ. Зөвшөөрөл авахын тулд олон хунд авлига өгдөг ч гэдэг?

-Тэгдэг гэсэн. Нэг талдаа барилгын зөвшөөрлийг цэгцэлж байна, нөгөө галдаа Улаанбаатарт барилгын зөвшөөрөл авахыг өргөс авах төдийхөн хялбар үйл ажиллагаа болгож байгаа юм. Одоо бол барилгын зөвшөөрөл авахад маш хялбар. Өмнө нь 26 хүний гарын үсэг хэрэгтэй байсан бол одоо есөн хүний гарын үсэг зурдаг болсон. Мөн 30-45 хоногийн дотор зөвшөөрлийг олгодог боллоо.

-Та гэр хорооллынхонд хандаж "Газраа битгий худалдаарай, хэдэн тэрбумд хүрнэ шүү" гэж хэлээд итгэл үнэмшил төрүүлчихсэн. Гэтэл одоо гэр хорооллыг барилгажуулна гэх юм. Анх дэвшүүлж байсан санал чинь одоогийн хийх гэж буй үйлдэлтэй зөрчилдөх вий?

Э.Бат-Үүл Баянзүрх дүүргийн гэр хорооллын иргэдтэй уулзаж байгаа нь

-Би яг л анхныхаа хэлснээрээ байгаа. Гэр хорооллын газрын эзэд газраа  өөрсдөө  мэднэ. Би Улаанбаатар хотын газрыг мэдэж шийддэгтэй адилхан. Тэгээд би гэр хорооллын газрын эзэд дээр очоод та бүхнийг гал түлүүлэхийг болиулъя, цэцэрлэг, сургууль барья гэнэ. Гэр хорооллынхон харин "бид газраа ашиглуулсныхаа төлөө юу авах вэ" гэхэд бид "орон сууц, таунхаустай болно" гэх юм.

-Ингэж тохирч шийдсэн гэр хороолол бий юу?

-Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэдтэй уулзсан. Тэдэнтэй газар дээр чинь дахин төлөвлөлт хийе гэсэн. Тэгсэн уулзалтын үеэр нэг хижээл насны

эмэгтэй босож ирээд "би бол дөрвөн өрөө байр л авна шүү" гэж байна билээ (инээв). Тэр хүн ингэж нэхэх эрхтэй юм. Бид өгөх ёстой юм.

-Та бүхэн цахилгаан станц барихгүйгээр, цахилгаан, дулаан, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадах уу?

-Чадна. Дулаан болон бохирын шугамтай холбох хүртэл хэсэгчилсэн бохирын байгууламжаар шийднэ. Ер нь бололцоотой газар нь хэсэгчилсэн инженерийн шийдлийг хийнэ гэж бодож байгаа. Бид хийж чадна.

-Энэ ажил хэзээнээс эхлэх үү. Танай орлогч иар нийслэлийг зургаа бүсчилж гэр хорооллоор явна гэсэн үү?

Нийслэлийн зургаан газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гээд  орлогч нар өнгөрсөн амралтын өдрөөр явсан. Гэр хорооллын иргэд 90 гаруй хувьтайгаар дэмжсэн. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тухайд хөрөнгө оруулагчдыг санал болгоно. Хөрөнгө оруулагч ирэхгүй бол бид өөрсдөө очно.

-Таны 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг үзлээ. Үүн дээр таныг ганц газар эзэмшдэг гэсэн байна. Тэр газар чинь хаана байдаг юм бэ?

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байдаг газар.

-Таны жилийн орлого 17.991.000 гаруй төгрөг. Гэр бүлийн орлого 26 сая гэсэн байна. Хөрөнгө орлогын энэ мэдүүлгээ та тайлбарлаж өгөөч. Хаанаас ийм орлого олдог юм бэ, УИХ-ын гишүүн байх үедээ юм байна шүү дээ?

-Энэ бол УИХ-ын гишүүний цалингийн орлого л ингэж бичигдэж байгаа юм. УИХ-ын гишүүн байх үедээ. Удахгүй хотын дарга болсон үеийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгнө. Манай гэр бүл Зүүнбүрэн суманд ногоо тарина, "Скай" худалдааны төв дээр намар болгон үзэсгэлэн гардаг тэнд худалдана. Миний эхнэр их ажилсаг дайчин хүн шүү дээ.

-Санзайд таны нэг байр бий. Цалингаараа авсан уу, ямар учиртай байр вэ?

-Миний хүү Б.Чулуудайгийн моргейжээр авсан байр. Би хүүгээ бизнесийнхээ талаар мөн ч их ярих боллоо. Хүүгээ энэ талаараа сайн ярьж хэлээч гэдэг юм. Тэгэхгүй бол байнга л хардагдах бололтой.

-Танд тэр байрыг "Бодь" группээс бэлэглэсэн. Тиймээс та паркийн газрын асуудлаар чимээгүй байгаад байна гэсэн хардлага байна?

-Үгүй, "Бодь" юу гэж бэлэглэх юм бэ. Энэ асуудлыг шалгачихаж болно.

-Би шалгахгүй л дээ. Паркийн газрыг "Мон-Уран", "МСS", "Бодь" групп эзэмшдэг юм билээ. "Мон-Уран"-ы Б.Наранхүү "Би "Бодь"-д паркийн газрыг өгөхгүй, харин надад өгчихвөл би Монгол Улсын хүүхдүүдийг 10 жил үнэгүй тоглуулъя" гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо шүүхдэлцэх зуур "МСS" зочид буудал барьж байна. Харин Ерөнхий сайд паркийн газар Монголын ард түмний өмч гэж мэдэгдсэн. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Паркийн газрын асуудал дээр Өмчийн харилцааны газрын н.Төмөрбаатар даргад үүрэг өгсөн. 

Паркийн газрыг эзэмшиж байгаа компанийн 20 хувийг хот эзэмшдэг.

юм байна. Өмчийн харилцааны газрын даргад энэ эзэмшиж буй 20 хувиа нэм гэдэг үүрэг өгчихсөн байгаа. Хувийг 50 хувь болго гэдэг шаардлагыг ч тавьж байна. "Бодь"-ийнхон паркад үнэхээр юм  хийсэн.   Бүтээн  байгуулалт  нь дуусаагүй байгаа шүү дээ.

-Гэхдээ хуучин парк нь илүү дээр гэж ярьдаг хүмүүс бий. Одоо бол "Бодь"-ийн паркийн тоглоом үнэтэй шүү дээ. Дор хаяж 100 гаруй мянган төгрөгтэй байж хүүхдүүдээ тоглуулж, хоол идүүлэх жишээтэй?

-Хуулийн дагуу байна уу, хууль бус байна уу гэдгийг Өмчийн харилцааны газрынхан шалгаад гаргаад ирэх байх. Бид хувийг нэмэх асуудлыг тавьж байна. Ямар ч байсан паркийн үйл ажиллагааг цэгцэлж байгаа. Энэ асуудал намайг Засаг дарга болохоос өмнөх асуудал. Тиймээс би одоо хувийг нэмэх ёстой гэдэг дээр байгаа. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнг хувь эзэмшүүлчихсэн асуудал  бий.   Нямдаваа  гэдэг хүн байдаг юм билээ.

-"Эко"-ийн Нямдаваа биш биз?

-Биш ээ. Ах, дүү н.Нямдаваа ч гэж ярьдаг юм билээ. Стадионы газрын эргэн тойрны газар нь стадионы мэдлийнх юм. Тэгсэн н.Нямдаваа гэдэг хүн эзэмшээд барилга барьчихсан байх жишээтэй.   .

-Нийслэл хэдэн хувийг нь эзэмшдэг юм бэ?

-Нийслэл 49 хувийг эзэмшдэг. Тэгээд энэ 49 хувь нь зүгээр л хэлбэрийн төдий байдаг. Энэ мэтчилэн нийслэлийн хувь эзэмшсэн нэрээр явсан зүйлүүд байна. Энэ бүгдийг цэгцлэх гээд байгаа юм.

-Нийслэлийн өмчөөс нэмж хувь эзэмших юм үлдсэн үү. Бүгдийг нь хуваагаад авчихсан уу?

-Хуваагаад авчихсан байх даа. Одоо цэгцлэх гэж байна. Үүнийхээ дараа иргэддээ тайлагная.

-"Паркаа аваръя" хөдөлгөөнийхөн таныг 31-нд Монгол телевиз дээр хэлэлцүүлэгт ирээч гэж урьсан байна билээ. Танд урилгаа өгсөн үү?

-Урилгаа өгөөгүй. Хэлэлцүүлэгт ороод ярьж болно. Гэхдээ асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм уу, хэн нэгэнтэй тулалдах гээд байна уу гэдгээ    тодорхой болгох ёстой. Тэр   хэлэлцүүлэгт   манай   Өмчийн харилцааны газрын дарга очих байх.

-Та очихгүй юм уу?

-Ажлынхаа байдлыг харж байж болно.

-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэх юм. Учир нь та 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд нам дотроо яригдсан боловч ялагдсан. Танд ийм бодол бий юу?

-Би нэг зүйлийг хэлэхээр хүмүүс юу гэж хандахыг мэдэхгүй байна. Гэхдээ би Ц.Элбэгдоржийг дахиад Ерөнхийлөгч болоосой л гэж бодож байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэр төртэйгээр биелүүлж байгаа. Цаашид ч чадна. Түүний хийж байгаа үйл ажиллагааг задлаад харвал хүмүүс надтай адил бодолтой болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Авлига бол нэг нэгнээ муулдаг үгний хэмжээнд л очлоо. Амьдралд тулгамдаж байгаа асуудлуудаар санал асуулгаар авлига бол нэлээд доогуур байдаг: Тухайн хүний шунахай сэдлээс бий болсон албан тушаалын авлига гэж бий. 1990-ээд оны үед ч ийм юм байдаг. Дамдин гээд Бага хурлын гишүүн авч буй мэдээллээ ашиглан хадгаламжаа өөр хадгаламж руу шилжүүлсэн байдаг. Үүнээсээ болж Бага хурлын гишүүнээс чөлөөлөгдөж байлаа. Мөн эмчид үзүүлэхдээ авлига өгч байх жишээтэй. Харин гурав дахь нь үндэстэн орших уу, эс орших уу гэсэн авлига бий. Хөрөнгө мөнгөтэй гадныханд үйлчлэх жишээний. Манай улсын авлига яг ийм хүнд үе рүүгээ орчихсон. Энэ бол нэлээд хүнд үедээ орчихсон авлигын шинж шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудалд анхаарал хандуулж; байна шүү дээ.

-2009 оны дөрөвдүгээр сарын 4-ний Үндэсний зөвлөлдөх хуралдааны үеэр та "Монголын ардчилалд одоо л бодит аюул заналхийлээд байна. Тиймээс би ардчилал, тусгаар тогтнолоо алдахгүйн тулд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна" гэж хэлсэн. Та одоо ардчилал, тусгаар тогтнолоо алдах вий гэсэн айдсаасаа гарсан уу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид би үнэхээр итгэж найдаж байна. Тиймээс дахиад Ерөнхийлөгч болоосой гэж бодож байна. Би Ц.Элбэгдоржтой найзууд, нэг үйл хэргийн төлөө хамтран зүтгэж байсныхаа хувьд ингэж хэлж байгаа юм биш шүү. Бодит байдал дээр дүгнэлт хийж байна.

-Нийгмийн зарим хэсэг авлигачийг өмөөрдөг болчих юм. Албан тушаалтай байх үед нь авлигач гэдэг байснаа хорьчихсон чинь "Энэ хүн сайн хүн. Хэлмэгдүүлэлт эхэллээ гээд нам, цаашлаад    төрийн    байгууллагадгишүүд нь орж ирлээ" гэж байна?

-Бид улс төрийн дүгнэлтээ хэмжиж хиймээр байна. Энэ үйл ажиллагаа зөв болсон гэж олонхи дуугарахгүй байгаа биз дээ. Тэгэхээр цөөнхийн дуу хоолой ямагт чанга байдаг. Харин цөөнхийн дуу сул байх ёстой. Ийм л юм болж байна даа.

-Гэхдээ сүүлийн үед ардчилагчдын дуу чангараад байгаа юм биш үү. Хийж байгаа үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэллээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байна. Ерөнхийлөгч аргаа бараад хуулийн төслөө эргүүлэн татлаа шүү дээ?

-Н.Энхбаярыг өмөөрч байгаа нь олон биш ээ. Харин цөөн байгаа боловч дуу нь чанга сонсогдож байгаа юм. Олонхийн хувьд чимээгүй л байгаа. Олон нийтийн дургүйцлийг хүргэсэн гэх дугаарын хязгаарлалтын асуудал дээр иргэд хүний эрх ярьж байгаад би л хувьдаа сэтгэл хангалуун байгаа. Учир нь иргэд эрхээ хязгаарлуулах дургүй болж. Тэд хамгаалах өмчтэй болж. Бас эрх чөлөөгөө мэдэрч байна. Ер нь манай нам Засгийн эрхэнд гараад ирэхээр л иргэд зоригтой дуу чангатай болдог байхгүй юу (инээв). Би газрынх нь төлөө жагсаж явахад цөөхөн хэдэн хүн л надтай хамт явсан. Яагаад гэвэл тухайн үед айж байсан. Харин одоо эрхийнхээ төлөө өмчийнхөө төлөө дуугарч байна. Энэ бол ардчилал шүү дээ.

-Есдүгээр сард тань шиг нэр хүндтэй хүн байхгүй байлаа. Харин одоо тань шиг хүмүүсийн бухимдлыг барсан хүн алга байна. Та үүнийг мэдэрч байна уу?

-Би мэдэрч байгаа. Надад дуртай, дургүй ч байж болно. Улстөрчид нэр төрөө бодсон, арчаагүй байснаасаа болж юу шийдсэн юм бэ. Юу ч шийдээгүй шүү дээ. Би Улаанбаатарыг хот шиг хот болгоно. Хийх ёстой зүйлээ хийх л болно. Миний нэр төр хугарна уу, хагарна уу надад хамаагүй. Би нэр төр албан тушаалаа бодож ажил хийхээс айдаг хүн биш. Би хийх л болно.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дээрээ ялагдсаныхаа маргааш "Бахирмаар санагдсан хором" гэсэн нийтлэлийг бичсэн. Нийтлэлдээ "1990 онд гар гараасаа барин тэмцсэн андуудын маань нэг Ерөнхийлөгч Н.Энхбаярын ТВ9 телевизид гүйж очоод Э.Бат-Үүл С.Зоригийн хэрэгт холбоотой хэвээрээ байгаа гэсэн бичлэгтэй хуурцаг тавиулж байгааг мэдсэн сэтгэл минь өвдөлтөндөө яаж тэсэх билээ" гэсэн байсан. Энэ хэн бэ?

-Нууц.

-Яагаад нууц гэж ?

-Тэрийг мэдэж яах юм.

-Энэ хүн одоо танай намд албан тушаал хашиж байгаа юу?

-Байгаа.

-Тухайн үед яг тийм юм болсон юм уу. Та гүтгүүлээд л дууссан уу?

-Гүтгүүлээд дуусахгүй тэгээд яах гэж... Би яах юм бэ. Тэмээн жин явдгаараа явна, замын нохой хуцаж л байг гэдэг дээ. Улс төрд би 25 жил зүтгэлээ. Энэ хугацаанд янз бүрээр хэлүүлж, оролдууллаа. Хүний муу зан бүхэнтэй тулалдаж, түүний араас хөөцөлдөөд байвал улс төрд байсны хэрэггүй. Дийлэх ч үгүй.

-Би таныг   юунд ч хугарч, нугаршгүй хүн гэж боддог байлаа. Гэтэл та 2009 оны Ерөнхийлөгчийн сунгаан дээр тэсэрсэн. Та "Үг хэлвэл бархирчих гээд байна, тамлуулсан хүнөвдөлтөндөө бахирч орилдог шиг би өвдөж байлаа" гэж та бичсэн шүү дээ. Яагаад тэгэв. Ерөнхийлөгчийн сунгаанд ялагдсандаа юу, эсвэл хүмүүс таныг дэмжинэ гээд дэмжээгүйд үү?

-Жаахан хүүхэд 1988 онд ухуулах хуудас нааж эхэлснээс хойш өнөөг хүртэл тэсэрмээр үе олон байсан. Гэхдээ биеэ бариад л байлаа. Хүмүүст эрх чөлөө олж өгч байхад хамгийн муухайгаар хэлдэг. Намайг Вашингтонд явж байхад хоёр хүн загнаж байсан. "Улс орноо сүйдэлчихээд энд юу хийж яваа юм гэж. Малаа хувьчилж авсан малчин биднийг муухайгаар хэлж байхад ямар бодол төрөх вэ дээ. Тухайлбал 1998 онд Улаанбаатарын иргэдэд орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчилж өгсөн. Тухайн үед нэг метр.кв-ыг нь 360 мянгаар өгөх гэж байсан. Үнэ төлбөргүй авсан хүмүүс л "Ардчилсан нам хэрэггүй хүмүүс юм" гэж байсныг бодоход бахирмаар үе олон байсан. Ер нь хийсэн зүйлийнхээ төлөө цэцгэн эрх хэлхсэн титэм зүүнэ гэж бодох хэрэггүй. Энэ бол тавилан юм даа.

-Та өөрөө л энэ тавиланг сонгосон шүү дээ?

-Тийм ээ, энэ бол миний, улстөрч хүний хувь тавилан. Бас би өөрөө сонгосон нь үнэн. Өөрөө 25 жил зүтгэлээ. Цаашид ч зүтгэх л болно. Гэхдээ тэсэрмээр бархирмаар хором бүрээ тэвчиж явах байх.

-Таны хэлж байсан шөнийн цэнгээний газрууд хэзээнээс ажиллаж эхлэх вэ. Учир нь хотын залуус шөнийн амьдрал хүсч байна шүү дээ?

-Үүнийг хийхийн тулд бусад иргэдийнхээ эрхийг бодох ёстой. Бидний эрхээр бусдын эрх хязгаарлагддаг шүү дээ. Энэ хоёрын балансыг барихын тулд ажиллаж байна.

-Та нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүн байлгая гэдэг дээр ямар саналтай байдаг вэ. Сүүлийн үед ийм байж болдоггүй юм болов уу гэж харагдаад байгаа?

-Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүн байх нь зохисгүй. Нийслэлийн Засаг дарга нийслэлийн төлөөллийн байгууллагын өмнө хариуцлага хүлээх ёстой. Засгийн газрын гишүүн болчихвол хэний өмнө хариуцлага хүлээх вэ.

-Ойрын үед танайхаас иргэдийг баярлуулсан ямар шийдвэр гарах вэ?

-Зовлонтой нь нэгэнт гарчихсан шийдвэр бий. Амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт хийнэ. Гэхдээ дугаарын хязгаарлалт гэдэг зүйлийг болиулна. Цагаан сарын үеэр л амралтын өдрөөр дугаарын хязгаарлалтаар явуулж байгаа юм. Үүнд итгэж болно. Сондгой, тэгш тоогоор дугаарын хязгаарлалтыг хийхдээ яагаад иргэдийн саналыг аваагүй вэ гэвэл түр зуурын арга хэмжээ юм. Иргэдээ баярлуулах нэг зүйл бол Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ их чухал. УИХ-аар үүнийг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол НИТХ-ын тогтоол гарчихсан. Тэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлах хүртэл нийслэлд газар олгохыг зогсоо гэдэг үүрэг өгсөн.

-За баярлалаа... Таны ажилд амжилт хүсье.