Ирэх гурван жилийн дотор бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбоно
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэг гол ажил бол 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суудаг манай орны хувьд авто замын сүлжээ чухал ач холбогдолтой. Засгийн газрын хуралдаанаар ойрын жилүүдэд хатуу хучилттай зам барих төлөвлөлтийг авч хэлэлцлээ. Бодит нөхцөлөө тооцож үзсэний үндсэн дээр 2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоор шийдвэрлэлээ.
Ирэх онд Хөвсгөл, Дорнод, Дорноговь-Замын-Үүд, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгууд холбогдоно.
Харин 2014 онд Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймгууд, 2015 онд Ховд, Увс, Баян-Өлгийг холбох юм.
Ийнхүү ирэх жилүүдэд, ялангуяа 2013 онд замын их бүтээн байгуулалт өрнөхөөр болж байна. Зам барилгын эдгээр ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулж, үндэсний компаниудаа чадавхижуулах чиглэлийг Засгийн газраас баримталж ажиллахаар боллоо.