Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа
Энэ өдрийн чуулганы хуралдаан ирвэл зохих 74 гишүүнээс 38 нь ирснээр 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлуудаас Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, зарим хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тус тус батлаад байна. Дээрх төслүүдийг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлэг байсан юм.
Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд мөн гишүүдийн олонх уг төслүүдийг дэмжиж холбогдох байнгын хороонд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.