Материал үйлдвэрлэгчид  салбарын сайддаа талархаж байна
2012.09.24

Материал үйлдвэрлэгчид салбарын сайддаа талархаж байна

Барилгын салбарт гол ачааг нуруундаа үүрч яваа хүмүүс бол барилгын материал үйлдвэрлэгчид юм.  Тоосго, цемент, арматур, хөнгөн блок гээд энэ бүхнийг эх орондоо үйлдвэрлэж буй материал үйлдвэрлэгчидтэйгээ Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнгөрсөн долоо хоногийн турш ажлын талбар дээр нь очиж, уулзаж ярилцав.

“Пирамид индастри” ХКК, “Basf Mongolia” ХХК, “Uni C&C” ХХК, “ Бетон Арматур” ХХК, “Хөнгөн бетон”, “Суурь” ХХК, “Ган хийц” ХКК, “Эрэл тоосго” ХХК,  “Байгууламж Од” ХКК, “Premium Concrete” ХХК, “ Сонсголон Бармаш” ХХК,  “Тэгш плант” ХХК. Эдгээр компаниуд барилгын үндсэн хийц материал болох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

“Пирамид индастри” ХХК  дулаалгын хөөсөнцөр хавтанг  Монголдоо анх удаа үйлдвэрлэж эхэлжээ. Галд тэсвэртэй хатуулаг хөөсөнцөр нь орчин үеийн шилдэг технологи гэв. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж жилд 60000 метр куб дулаалгын EPS хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

Химийн нэмэлт бүтээгдэхүүний “Basf Mongolia” ХХК барилгын материалын үйлдвэрүүдэд бэхжүүлэгч бодисыг нийлүүлж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр  чухалчилдаг энэ үйлдвэрийг бүсгүйчүүд авч явдаг. Ашиг олох гэхээсээ найдвартай, аюулгүй байдал манай компанийн онцлог гэж хэлж байв.

Харин “Uni C&C” ХХК-ийн хувьд ердийн хатуулагтай хуванцар хоолой үйлдвэрлэдэг. Түүнчлэн дотор монтаж, кабелийн хоолойнд ашиглагддаг цахилгаан утасны уян хуванцар хоолой, холбооны яндан, өрөөний кабель дарагч зэргийг энэ үйлдвэрт хийдэг.

Бетон арматур болон Хөнгөн блокны үйлдвэрүүд нь барилгын материлын ууган үйлдвэрүүд.  Бетон Арматурынхан жилийн дөрвөн улирлын турш ажиллах боломж бий. Ингэхийн тулд технологийн шинэчлэл хийх шаардлагатайгаа дуулгасан бол Хөнгөн блокны үйлдвэр ч үйлдвэрээ өргөтгөх шинэ төслөө салбарын сайддаа  танилцуулж  байв. Шохойн үйлдвэр ашиглалтанд орвол хүний хөдөлмөрийг дээд зэргээр хөнгөлөхийн зэрэгцээ шохойны үйлдвэрлэлд мөрдөж байгаа шинэ технологи орж ирнэ гэлээ.

“Суурь” ХХК 1990-ээд оны эхэнд байгуулагдсан үйлдвэрийн нэг.  Эднийх бетон зуурмаг, төмөр бетон эдлэл, барилга угсралт зураг төсөл, арматурын цех, чулуун болон элс карьерийн үйлдвэр гээд цогц үйлдвэрлэл эрхэлж байна. Барилгын салбар улирлын шинжтэй болохоор үүнийг дагаад ашиг орлого ч хумигддаг. Үндэсний барилгын материал үйлдвэрлэгчдэдээ дэмжиж, хөл дээр нь босгоё гэвэл зээлийн дэмжлэг хэрэгтэй гэж байв.

Мөн л барилгын материалын олон талт үйл ажиллагаа эрхэлдэг “Ган Хийц” компаний үйлдвэрлэлтэй салбарын сайд нь танилцсан. Барилгын төмөр хийцийн үйлдвэр, хүчитгэсэн төмөр бетон тулгуурын үйлдвэрлэл, сэндвич хавтан үйлдвэрлэл зэргийг тус компани гүйцэтгэж байна. Өмнөх  компаниудын нэг адил хөнгөлөлттэй зээл хэрэгтэй гэж хэлэв.


Эрэл тоосгоны үйлдвэр үйлдвэрлэлээ шинэчилжээ. 1926 оноос тоосго үйлдвэрлэж эхэлсэн тоосгоны анхдагч үйлдвэр өнгөрсөн оноос шаврын орд газар дээр түшиглэн шинэ үйлдвэрээ барьсан байна. Жилд 45 сая ширхэг  тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 2010 онд 13 сая, 2011 онд 23 сая, энэ онд 25 сая ширхэг тоосгыг одоогийн байдлаар үйлдвэрлэжээ. Бусад тоосгоны үйлдвэр шиг бааюу цохих биш тунелэн зуухтай юм байна. Тоосгонд түүхий эдийн боловсруулалт маш чухал гэж захирал нь хэллээ.  Үнэхээр тоосгоны үйлдвэрт үлгэр жишээ болохуйц үйлдвэр болжээ гэдгийг  салбарынхан нь хүлээн зөвшөөрч байна.

“Байгууламж-Од”  ХХК  нь  шугам сүлжээний бүтээгдэхүүний төрөлжсөн компани.  Бүх төрлийн усан сан, цэвэрлэх байгууламжийн ханын болон хучилтын хавтан, багана, дам нуруу, дулааны шугмын бүх төрлийн тэвш, таг, тулгуур, бохир цэвэр усны шугмын худгийн цагираг таг, үерийн усны хамгаалалтын хавтан гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн энэ хамт олны гараас гардаг.

 “Premium Concrete” ХХК  чанарын дээд түвшин хангасан бетон зуурмагийг үйлдвэрлэж байгаа бол  “Сонсголон Бармаш” ХХК  хайрга дайрганы үйлдвэрлэл эрхэлж  байна.  “ Тэгш плант” ХХК-ын уулын чулуу бутлуурын үйлдвэрлэлтэй сайд танилцсан.  Чулуу бутлуурын тус үйлдвэр цагт 200 тонн чулуу бутлан ангилан гаргаж байна. Барилга байгууламжийн ажилд голын хайрга биш уулын буталсан чулуу ашиглах цаг ирсэн. Барилга төдийгүй автозамын салбарын хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед ийм үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана гэдгээ Барилга, хот байгуулалтын сайд хэллээ.

Тэрбээр барилгын материалын салбарыг хэрхэн шинэ технологитой байлгах вэ, барилгын материал үйлдвэрлэлийг хэрхэн яаж дэмжих вэ гэдэг зорилгоор Дархан-Уул,  Хөтөлд ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээр орсон юм.  Сайдын ажил байдал, үйлдвэрлэлтэй нь танилцсан бүх газрууд талархалаа илэрхийлж, сүүлийн жилүүдэд барилгын материал үйлдвэрлэгчдийн зовлон жаргалыг сонсч, газар дээр нь ирсэн сайд байхгүй. Харин  шинэ сайд  бид бүхнээс хэрхэн яаж хамтарч  материал үйлдвэрлэлийн салбарыг эх орондоо хөгжүүлэх вэ гэж байгаад баяртай байна гэцгээсэн юм.

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь шинэчлэлийн Засгийн газрын барилга, хот байгуулалтын салбарын гол бодлого байх болно.  Энэ салбарт ялангуяа тусгай зөвшөөрөл гэсэн хүнд суртлыг авч хаях нь  чухал.  Тодорхой стандарт байх хэрэгтэй. Тэр стандарт биелэгдлээ л бол автоматаар тусгай зөвшөөрөл нь сунгагддаг, олгогддог байх юм. Үйлдвэрүүдээр ороод явж байхад өнөөгийн шаардлагад бүрэн нийцсэн дээр нь орчин үеийн технологийг нэвтрүүлсэн үйлдвэрүүд байна. Монгол улсад стандартад нийцсэн бусдад нүүр бардам үзүүлж болох бетон зуурмагийн “Premium Concrete” ХХК,   уулын чулуу бутлуурын “Тэгш плант” ХХК, тоосгоны Эрэл тоосго зэрэг үйлдвэр байна. Ийм жишиг үйлдвэрүүдийг бусад ижил төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд сурталчилж, үйл ажиллагааг нь дэмжих болно” гэдгээ  Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлж байв.

Барилгын салбар нь улирлаас хамаардаг.  Урин дулааны хэдхэн сард ажиллаад хүйтний улиралд үүд хаалгаа барьдаг. Гэтэл энэ салбарын эрэлт  улам бүр өсөн нэмэгдэж байна. Цаашдаа барилгын материалын үйлдвэрлэлийг жилийн дөрвөн улирлын турш ажиллуулах хэрэгцээ шаардлага бидэнд байна. Энэ ч үүднээс энэ салбарын бодлогыг гаргах зорилгоор барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар байгуулагдсан.  Үйлдвэрлэл эрхлэгчид саналаа энэ газарт ирүүлж,  ажлын хэсэгт өөрсдөө орж ажиллаж тулгамдсан асуудлаа нэгтгээрэй. Хамтдаа материал үйлдвэрлэлийн салбар, үндэсний үйлдвэрээ хөгжүүлье гэж салбарын сайд нь хэлсэн юм.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.