Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдлаа
Сүүлийн үед нийслэлд баригдаж буй барилгын ажлын явцад хүний амь нас эрсдэх, гэмтэх, ноцтой хэрэг зөрчил удаа дараа гарч байгааг харгалзан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаснаар Барилын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдлаа. Тус хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, гишүүдээр О.Баасанхүү, С.Ганбаатар нар Х.Болорчулуун, Д.Ганбат, Ж.Батсуурь, Г.Баярсайхан гэсэн УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн төлөөлөл багтсан бөгөөд шалгалтыг есдүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 1-ний дотор хийж гүйцэтгээд 10 дугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах аж.
Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх 3 дэд хэсэг байгуулсны барилга, хот байгуулалтын чиглэлд 3 хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд мөн 3 хүн, үүнээс гадна УИХ-ын НББСШУБХ-ны зөвлөх багтаж байгаа аж.