2012.12.20

Д.Даваа-Очирыг төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилов

УИХ-ийн чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Тус хурлын эхэнд “Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тухай” болон “Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хийв. Даваанямын Даваа-Очирыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүнээр дэвшүүлжээ.

Гишүүнээр томилох санал байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Харин Д.Дэмбэрэл, М.Энхболд нар санал хэлсэн юм.

Д.Дэмбэрэл:

“Төрийн албаны зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа явдал нь төрийн албаны үйл ажиллагаа сайжрах нэг үндэс. Сүүлийн үед төрийн албаны талаар таагүй зүйлс яригдах болсон. Монголын төрийн албан хаагчдыг нэгдүгээрт сайн мэргэшүүлж, мэргэшсэн төрийн албан хаагчтай болох хэрэгтэй байна. Хоёрдугаарт тогтвортой ажиллуулах шаардлага нь их чухал. Учир нь улс төрийн нөлөөллөөс болж халж, солигдох нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс Д.Даваа-Очир та цаашдаа хуулийн зарчмыг барьж ажиллаарай, төрийн албаны зөвлөлд тавигдах шаардлагыг чанд дагаарай” хэмээн захисан юм.

М.Энхболд:

“Нэр дэвшигчийг дэмжиж байна. Учир нь Д.Даваа-Очирыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын даргаар ажиллаж байхдаа хамт олноо сайн удирдаж, төрийн албаны шаардлагыг хангаж ажиллаж байсныг би мөр зэрэгцэн ажиллаж байсны хувьд мэднэ” гэв.

Ийнхүү санал хэлэх өөр гишүүн байсангүй тул Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд санал хураалт явууллаа. Нийт 50 гишүүний 38 гишүүн нэр дэвшигчийг дэмжсэн бөгөөд 76 хувийн саналаар Д.Даваа-Очирыг төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүнээр томиллоо.