Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй
Энэ сарын 13-нд шинэ Үндсэн хууль баталсны 21 жилийн ой тохионо. Уг өдрийг тохиолдуулан Үндсэн хууль батлалцаж явсан Ардчиллын анхдагчдын нэг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-21 жилийн өмнө Үндсэн хууль баталж байх үед иргэн Ламжав гуай та хоёрыг хамгийн олон удаа үг хэлсэн гэдэг. Тэр үед хэлж байсан саналаа Үндсэн хуульд тусгаж чадсан уу?
-Би тэр үеийн Ардын их хурал дахь Ардчилсан хүчний бүлгийн ахлагч байсан юм. Тиймээс бүлгийн ахлагчийн хувиар олон удаа босч үг хэлж байсан. Тэр бүү хэл хамгийн олон удаа завсарлага авсан байдаг. Тухайн үед Ерөнхийлөгчийг ард тумнээс эсвэл парламентаас сонгох уу хэмээн нэлээд ширүүн маргаан өрнуүлсэн юм. Улсын бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох шийдвэр гарч байв. Мөн иргэнд өмчлуүлсэн газраас бусад нь Монгол Улсын өмч байсантай холбоотой үзэл бодлоо илэрхийлж байлаа.
-2000 оны эхээр шиг санагдаж байна. Та газар тариалан эрхлэгчдэд газар өмчлүүлэх асуудлаар нэлээд маргаан өрнүүлж байсан?
-1992 оны Үндсэн хуулиар иргэнд газар өмчлүүлэх асуудал нээлттэй байхаар тусгасан. Үүнийг улс төржүүлсээр байгаад 10 жил хэрэгжүүлж чадаагүй. Яг хэрэгжүүлэх хууль гаргаад ирэхээр иргэндээ бус хөрөнгө мөнгөтэй эрхмүүдэд үйлчлэх хууль болсон. Тухайлбал, газар тариалангийн салбарт ажиллаж байсан механикжуулагч, тариаланчид газраа өмчилж авч чадаагүй. Тэгсэн хэр нь хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүдэд нэг. га-г нь сая төгрөгөөр худалдах зүйл ч гарч ирсэн. Тэр бүү хэл нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн арын гэр хорооллыг тэр чигт нь газарт оруулах талаар хүртэл ярьж байсан.
-Үндсэн хууль бол эцэг хууль. Энэ хуулийг батлалцаж явсан хүний хувьд та Үндсэн хуулийн үнэ цэнийн талаар юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийг Монгол Улсын бичмэл хувилбар гээд ойлгочиход болно. Хэн нэгэн гадаадын хүн манай улсын тухай асуувал Үндсэн хуулиа үзүүлчих хэрэгтэй. Уг хуульд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдээ хэрхэн сонгох талаар бүрэн тусгасан. Түүнчлэн иргэд нь 17 эрх эдэлдэг гэдгийг ч тэд мэдэх болно. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулиас Монгол Улсын бүтэц зохион байгуулалтыг харж болно. Үндсэн хуульд төр иргэндээ үйлчилнэ гэж заасан. Бүр тодруулбал, уг хуулийн зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй амьдрах, байгалийн болон хөрсний бохирдлоос өөрийгөө хамгаалуулах эрхтэй гэж заасан. Иргэнийхээ эрхийг хангаж ажиллах нь төрийн үндсэн үүрэг ч гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, эрүүл, аюулгүй амьдрах орчинг төр бурдүүлэх ёстой. Харамсалтай нь, бид Үндсэн хуулиа сайтар уншиж ойлгоогүйгээс төдийлэн биелүүлж чаддаггүй.
-Та Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаа. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй амьдрах орчинг иргэддээ бүрдүүлж чадаж байна уу?
-Би Засаг дарга болсноосоо хойш Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Иргэдэд ийм орчинг бүрдуүлж чадаагүйгээс учрах хохирлыг төр хариуцах ёстой. Тухайлбал, гудамжинд явж байгаад халтирч унаад бэртвэл хохирлыг төр хариуцдаг болно. Мөн замын тэмдэглэгээг тавиагүйгээс осол аваарь гарсан тохиолдолд хариуцлагыг төр үүрэх тогтолцоо руу шилжих юм. Яагаад гэвэл төр тэмдэглэгээгээ тавиагүйгээс хоёр машин мөргөлдчихлөө. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж өгөөгүйнхээ төлөө төр хариуцлага хүлээх үүрэгтэй.
-Одоогийн нийгмийг 21 жилийн өмнөх үетэй харьцуулахад тэс өөр болсон нь ойлгомжтой. Гэтэл өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хоёр удаа л өөрчлөлт оруулж байсан нь сайн хууль болсныг илтгэж байна гэдэгтэй хүн бүр санал нийлдэг?
Маш сайн хууль болсон гэдэгтэй би 100 хувь санал нийлдэг.
Үндсэн хуульд төрийн болон орон нутгийн удирдлага хосолно гэж заасан. Энэ маш сайн заалт. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргыг шууд сонгодог. Хэрэв ийм заалт тусгаагүй бол баялагтай болсон аймгууд бие дааж салж болно шүү дээ. Учир нь, дэлхий нийтэд ийм жишээ маш түгээмэл байдаг. Баялагтай болонгуутаа тусгаарлаад өөрийн вант улсаа байгуулах эсвэл сална хэмээн нэлээд асуудал үүсгэх нь бий. Гэтэл бид энэ асуудлыг тухайн үед Үндсэн хуульдаа тусгаж өгсөн байна шүү дээ.
-Уул уурхайг дагаад манай улсын эдийн засаг хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна хэмээн их ярих боллоо. Та санал нийлэх үү. Өөрчлөхөөр бол юуг нь өөрчлөх ёстой юм бол?
-Өмнө нь, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж ярьж байсан хүмүүсийн нэг нь би. Ингэж ярьсныхаа дараа Үндсэн хуулиа олон дахин үзэж, хараад ямар бодлого агуулгаар хийснийг нь ойлгосон учраас өөрчлөх шаардлагагүй юм байна гэж бодох болсон. Тиймээс би Үндсэн хууль өөрчилнө гэж яриад байгаа зарим хүн энэ хуулийн цаад агуулга, санааг нь эхлээд ойлгочих. Тэрний дараа энэ асуудлыг ярих хэрэгтэй гэж хэлж байгаа. Хоёр их гүрний дунд оршиж байгаа бид асуудалд нухацтай хандах ёстой. Манай баялаг үнэ цэнэтэй болсноос хойш Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэсэн яриа улам газар авч байна. Тиймээс хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гэж байгаа бол маш хянамгай хандах ёстой. Гэхдээ өөрчлөлт оруулахаасаа өмнө Үндсэн хуулиа маш сайн уншиж ойлпхны дараа бодитой үндэспэлд тулгуурлаж, шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуулийг өөрчилнө гээд ярьж байгаа хүнийг сонсохоор үнэндээ хуулиа бүрэн гүйцэд ойлгоогүй байдаг. Зарим нь бүр ямар заалт байгааг ч мэдэхгүй байх нь бий.