Ж.Сүхбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хориглож байгаа хүмүүс хожмын өдөр хариуцлага хүлээнэ
2011.10.04

Ж.Сүхбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хориглож байгаа хүмүүс хожмын өдөр хариуцлага хүлээнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын ахлагч Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал ямар шатандаа явна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Өөрчлөлт оруулах гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, нийгмийн шаардлага байна. Хоёрдугаарт, улс төрийн хэрэгцээ шаардлага бий. Гуравдугаарт, төрийн ажлыг сайжруулах үүднээс хяналт, хариуцлагын системийг оновчтой болгох захиргааны шаардлага байна. Энэ гурван хэрэгцээ, шалтгааны улмаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. 2008 оны сонгуулийн дараа хоёр намын бүлэг зөвшилцлийн ажлын хэсэг гаргаж Зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурахдаа Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцсон. Мөн УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч төсөл өргөн барьчхаад байна. Ингээд үзэхээр УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2008 оноос ярьж, бэлдсэн гэж хэлж болно.
2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудал нь нэлээд шүүмжлэлд өртөж байсан.
Ялангуяа өөрчлөлт оруулах үйл явц нь тодорхойгүй байна гэж шүүмжилж байлаа. Тийм учраас УИХ 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль баталж, ямар арга замаар өөрчлөлт оруулах, ямар зүйлд нь өөрчлөлт оруулж болохгүйг тогтоосон. Энэ хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргаж, ахлагчаар нь намайг томилсон. Ажлын хэсэг 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй. Үүний 20 орчим нь УИХ-ын гишүүд. Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага байна уу гэдгийг судалж үзсэн. Бүх аймаг, сумын 40 мянга орчим хүнээс судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 50 гаруй хувь нь өөрчлөх шаардлагатай гэсэн хариултыг сонгосон. Мөн олон санал ирсэн. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага байгааг илтгэж байна. Эрдэмтэн судлаач, улстөрчдийн хувьд энэ тухай 20 жил ярьж байна. Мөн нөгөө талаас харах юм бол орон нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, эрх мэдлийг нь дээшлүүлэх тухай ярьж байгаа энэ үед төрийн удирдлагын оновчтой тогтолцоо байна уу, үгүй юү, аймаг, нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрынхаа өмнө хариуцлага хүлээж чадаж байна уу, үгүй юү, сум, багийн дарга иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадаж байна уу, үгүй юү гэсэн олон асуудлыг авч үзэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө бэлэн болголоо. Энэ төслийг боловсруулах ажил амаргүй байсан. Зарим гишүүн өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэх жишээтэй. Ямартай ч ярилцсаны эцэст орон нутгийн засаг захиргааны тогтолцоонд өөрчлөлт оруулж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд нь томилдог байх заалт нэмсэн. Сум, баг гэдэг бол иргэддээ ойрхон байдаг өөрөө удирдах ёсны орон зай. Тиймээс сумын Засаг даргыг иргэд нь сонгодог, багийн Засаг даргыг сумын Засаг дарга нь хуулийн дагуу зохих шаардлага хангасан хүнийг томилдог байх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулсан.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал багтсан гэсэн?
-Парламентын гишүүдийн тоог 99 болгох тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан. Энэ асуудлыг хүмүүс янз бүрээр хүлээн авч, үзэл бодлоо илэрхийлж байна. Албан ёсоор тайлбар хийхэд, энэ бол гэнэтхэн шийдсэн зүйл биш. Нэг талаас бүрэлдэхүүн болоод бүтцийн хувьд өргөтгөх энэ асуудлыг нэлээд олон хүн дэмждэг. Нөгөө талаас, парламентын гишүүд өөрсдөдөө зориулж төсөв баталдаг, гишүүд дур зоргоороо аашилж байна гэж шүүмжилдэг. Ин-гэж шүүмжилдэг хүмүүс парламентын гишүүдийн тоог цөөлье гэдэг. Монгол Улсын хүн амыг 1992 оныхтой харьцуулахад хагас сая гаруйгаар нэмэгдсэн. 1992 оноос үүсэн бий болсон нийгмийн давхаргад өөрчлөлт орж байна. Иргэний нийгэм шинээр бий болж байна. Энэ нь юугаар илэрч байна вэ гэвэл хүн болгон хувийн ашиг сонирхолтой болсон. Ашиг сонирхлын бүлгүүд жижгэрч байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, залуучуудын, ахмадын холбоо, экологийн хөдөлгөөн, салбарын эрх ашгийг хамгаалдаг гэх мэт бүлэг олон болсон. Энэ маягаар нийгмийн ашиг сонирхлын бүлэг, төрийн бус байгууллага олширсноор зөвхөн улс төрийн хоёр, гуравхан намаар ашиг сонирхлыг бүлэг хязгаарлагдахаа больжээ.
Хүн амын тоо өсөж, нийгмийн ашиг сонирхлын бүлгүүд нэмэгдсэнээр нийгэмд зөрчил үүсэж байна.
Нийгмийн зөвшилцлийг хангадаг, харилцан буулт хийлгэдэг байгууллага нь парламент. Тиймээс парламентад тэр олон бүлгийн төлөөлөл багтаж байж нийгмийг зөвшилцүүлнэ. Одоогийн хоёр нам нийгмийн бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Энэ бол УИХ-ыг 99 гишүүнтэй болгох нийгмийн шаардлага. Харин улс төрийн ямар шаардлага байна вэ гэхээр одоогийн хоёр нам нийгмийн зөвшилцлийг хангаж чадахгүй байгаа юм чинь парламентад гуравдагч хүчний орон зайг тэлэх шаардлагатай байна. Хоёр намын сонгуульд ялсан нь засгийн эрхээ барьж, нөгөөдөө асуудлаа тулгадаг учраас парламентын бүрэлдэхүүнийг өргөтгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-УИХ-ыг 99 гишүүнтэй болгохыг эсэргүүцэж байгаа хүн цөөнгүй байх шиг байна. Тэдэнд ямар тайлбар хэлэх вэ?
-Зарим иргэн "Сүхбаатар гишүүн та их буруу юм ярьж байна. Энэ УИХ-аас гарвал таарна" гэж байна лээ. Цөөн хүний гарт эрх мэдэл өгөх юм бол эрх мэдэлтэн олигархижиж эрх мэдэл тухайн хүмүүсийнхээ гарт төвлөрдөг. Улмаар тэднийг хянах бололцоо хумигддаг гэж үздэг. Зарим хүн одоогийн 76-г 50, 20, 30 болгоё гээд бууруулах олон хувилбар ярьж байна. Энгийн ухамсрын төвшинд бодохоор парламент цөөхөн хүнтэй бол-бол болчих юм шиг санагдаж байгаа байх. Энэ бол буруу ойлголт. Харин ч дарга шинж нь улам тодорно.
Судлаачдын тогтоосноор 90-150 гишүүнтэй парламентын хяналт, хариуцлага тэнцвэрждэг.
Манайх шиг2.8 сая хүн амтай хэрнээ парламент нь 76 гишүүнтэй улс хаана ч байхгүй. 99 гишүүнтэй болгож одоогийн.76 өөрс-дөө дахин сонгогдох гээд байна гэж ойлгож байгаа байх. Тийм юм байхгүй. Харин ч иргэний нийгмийн төлөөлөл болж дуугардаг хүмүүс орж ирэх боломж бүрдэнэ. Б.Лхагважав, С.Ганбаатар, Ж.Батзандан нар яагаад орж ирж болохгүй гэж. Өнөөдөр салбар тус бүр өөрийн төлөөллөө УИХ-д оруулахыг хүсэж байгаа. Салбар тус бүрээс төлөөлөл орж ирэхгүй бол энэ нийгэм зөвшилцөлд орохгүй. Хоёр гуравхан нам хоорондоо яриад шийддэгийг ардчилал гэхгүй.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлдөө Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санал авахаар явуулсан уу?
-Явуулчихсан.
-Ерөнхийлөгч Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал шууд хориг тавина гэж мэдэгдсэн байна лээ. Та үүнийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Ерөнхийлөгч албан ёсоор өөрийнхөө санал бодлыг хэлэх ёстой. Ерөнхийлөгч энд тэнд алга ташуулдаг байж болно. Гэхдээ энэ бол урлагийн тайз биш шүү дээ. Ажил хийдэг хүмүүс бол алхам алхмаар урагшлах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг манай ажлын хэсэг дур мэдэн боловсруулсан юм биш. Улстөр, нийгэм өөрөө өөрчлөхийг шаардаж байна. Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажлаа урагшлуулах ёстой.
Цаг хугацаа бага байна, эсвэл цаг нь болоогүй гэдэг шалтгаан бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх үндэслэл биш.
Өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэхгүй хориглон гацааж байгаа хүн ирэх жил дахин яригдахад хариуцлага үүрэх ёстой. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байгаа үг, байр суурийнхаа төлөө хариуцлага хүлээнэ. Тиймээс одоо ямар шалтгаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаагаа тайлбарлах нь зүйтэй. Шүүмжилж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Гэхдээ Монголын төрийг урагш нь алхуулъя гэж бодож байгаа бол энэ алхмыг өнөөдөр хийдэггүй юм аа гэхэд ойрын жилүүдэд хийнэ. Үүнийг баттай хэлье. Шүүмжилж байгаа хүмүүс үүнийг бодоорой. Юмыг зогсоох амархан шүү.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.