Баяннуурынхан түргэн тусламжийн машинтай боллоо
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан нар энэ сарын 23, 24-ний өдрүүдэд өвөлжилт хүндрээд буй Булган аймгийн таван сум болон Орхон аймагт ажилласан билээ. Энэ үеэр орон нутгийнхан Шинэчлэлийн Засгийн газарт дуулгах, шийдвэрлүүлэх цөөнгүй асуудлыг тавьсны дотор Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумын түргэний машин эвдэрснээр хөдөөгийн малчдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ бүрмөсөн зогссоныг дуулгаж богино хугацаанд шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан. Уг нөхцөл байдалтай газар дээр очиж танилцсан Шадар сайд орон нутгийн иргэд, хөдөлмөрчдөд яаралтай асуудлыг шийдвэрлэж өгөхөөр амласны дагуу өнөөдөр Дашинчилэн, Баяннуур сумынханд супер УАЗ 469 түргэн тусламжын машины түлхүүрийг
Шадар сайдын Онцгой байдал хариуцсан зөвлөх Б.Анхныбаяр гардуулан өглөө
.
Шинэ оны босгон дээр түргэн тусламжийн машинтай болсон Дашинчилэн сумын их эмч Н.Соёлмаа хэлэхдээ “Манай хоёр сумын эмнэлгийн машин бүрмөсөн зогсож, хувь хүнээс машин гуйж иргэддээ очиж үйлчилдэг байсан хүнд хэцүү үед асуудлыг шуурхай шийдвэрлэж өгсөн Шинэчлэлийн Засгийн газартаа баярлаж байна. Энэ хоёр машины цаана хоёр сумын мянга гаруй малчин өрхөд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд саадгүй болж цас даваанд боогдсон айлууд болон эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүст хүрэх боломжтой боллоо” гэсэн юм.
Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилсан төр, ард түмний хооронд үүссэн үл итгэлцэл, зай завсрыг арилгая, хамтын шийдвэр, хамтын хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх зорилготой “Ард түмэн-Та Хаан” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын эхлэл ийнхүү үр дүнгээ өгсөн нүдээ олсон шийдвэр болжээ.