“11 11 төв”-д энэ долоо хоногт орон сууцны зээлийн асуудлаар  олон иргэн ханджээ
Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ долоо хоногт 1856 хандалт бүртгэгдсэний 80 хувь нь санал хүсэлт, 8 хувь нь шүүмжлэл, 10 хувь нь гомдол, үлдсэн нь талархал байлаа.
2012.12.24

“11 11 төв”-д энэ долоо хоногт орон сууцны зээлийн асуудлаар олон иргэн ханджээ

Энэ долоо хоногт 936 санал хүсэлтэд хариу өгч, 920 санал хүсэлтийн хариуг шийдээгүй байна. Санал хүсэлт хүлээн авсан байгууллагуудын шийдвэрлэлтийн явцын тухайд, Уул уурхайн яаманд ирүүлсэн 125 санал хүсэлтийн 22-т, Эрүүл мэндийн яаманд хаягласан 62 санал хүсэлтийн 31-д, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт хамааралтай 59 саналын 29-д, боловсролын асуудлаар хандсан 126 саналын 93-т нь тус тус хариу өгчээ.

Нийгмийн халамжтай холбоотой асуулт лавлагаа энэ долоо хоногт олон ирсэн байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг хэзээ олгох, Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд хэзээ нөхөн авахыг голчлон лавлажээ. 340 мянган төгрөгийг цагаан сараас өмнө, Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийн үлдэгдлийг 2013 онд олгоно гэсэн хариуг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд өглөө.

Одоо болтол 70 мянган төгрөгийн тэтгэлгээ авч чадахгүй байгаагаа зарим сургуулийн оюутнууд илэрхийлж, дунд сургуулийн багш нарын ур чадварын асуудлаар эцэг эхчүүдээс гомдол цөөнгүй иржээ. БШУЯ болон Нийслэлийн боловсролын газраас эдгээр асуудлыг судлан ажиллаж байна.

 “11 11 төв” байгуулагдсан цагаас хойш хамгийн олон санал, шүүмж хүлээн авсан салбар бол нийслэл хот. Дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийж байгаа нь иргэдийг бухимдуулж байна.

Мөн цахилгаан халаалт тавиулсан айлуудын тогны төлбөрийг 50 хувь хөнгөлнө гэсэн атлаа эхний 300 квт-ыг л энэ хөнгөлөлтөд хамруулж байгааг иргэд шүүмжиллээ.

“Цэвэр агаар” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа утаагүй зуух айл өрхүүдэд хангалттай хүрэлцэхгүй хэвээр байна. Нийтийн тээврийн цагийн хуваарь, цэвэр тохилог орчин, соёлтой үйлчилгээнд ахиц гарахгүй байгааг, орон сууц, гэр хорооллын хогийн ачилт удаан байгааг иргэд дахин сануулжээ.

Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, орон нутгийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах талаар санал хүсэлт цөөнгүй ирсэн тул Эрүүл мэндийн яамнаас тэдгээрийн ажиллах хуваарь, эмчилгээ үйлчилгээний талаар харъяа дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад мэдэгдэн хариуцлага тооцохоор хяналтын хуудас ажиллуулж эхэлжээ. Харин Орхон аймгийн иргэдийн зүгээс Зэс-Эрдэнийн хувьцаатай холбоотой асуудлаар олон удаа ханджээ.

Энэ долоо хоногт анхаарал татсан өөр нэг сэдэв бол Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээлийн орон сууцны санхүүжилтийн асуудал байв. Захиалсан байр нь ашиглалтад орсон ч зээлийн төлбөр нь орж ирэхгүй байгаа учир алданги тооцох, гэрээгээ цуцлах хүртэл шаардлагыг барилгын компаниуд тавьж байгааг иргэд учирлажээ. Уг асуудлаар ойрын үед шийдвэр гарган танилцуулахаар Засгийн газар идэвхтэй ажиллаж байна.