2012.12.19

Галт зэвсэг эзэмших эрх ба Ньютауны эмгэнэл

Ньютауны бага сургууль дээр болсон эмгэнэлт хэргийн хохирогчдыг сүүлчийн замд нь үдэхтэй зэрэгцэн АНУ-д галт зэвсэг эзэмших эрхийн асуудлаархи мэтгэлцээн эрчимтэй өрнөж эхэлжээ.

Галт зэвсэг эзэмшихтэй холбоотой хуулийг чангаруулах байр суурьтай улстөрчдийн хувьд хурц шүүмжлэл тасралтгүй чулуудаж байгаа бол одоогийн хуулийг хамгаалдаг байсан хоёр ч сенатч байр сууриа өөрчилсөн талаараа мэдэгдсэн байна.

Галт зэвсэг эзэмших эрхийг тууштай хамгаалагчдын нэг болох Ардчилсан намын гишүүд болох Марк Уорнер, Жо Манчин нар бяцхан хүүхдүүдийн аминд хүрсэн аймшигт хэргийн дараа энэ талаархи хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн засаг захиргааны холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзан хуулийг хэрхэн өөрчилж болох талаар зөвлөлдсөн байна. Тэрээр өнгөрсөн ням гаригт Ньютауны оршин суугчдад хандаж хийсэн мэдэгдэлдээ "Бид хүүхдүүдээ хамгаалахын тулд илүү ихийг хийх ёстой. Дахин ийм зүйл болохыг тэвчиж чадахгүй. Эдгээр эмгэнэл төгсгөл болох ёстой. Бид цэг тавих ёстой" гэсэн юм. Үүний дараахан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдээлэл хийх үеэрээ галт зэвсгийн хяналтын хуулийг чангаруулах нь энэ асуудлыг шийдэх нэг гол арга зам гэдгийг онцлоод, "Нарийн түвэгтэй энэ асуудалд цогц шийдэл хэрэгтэй" гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ньютауны ахлах сургуульд очиж, эмгэнэл илэрхийлжээ

Мөн энэ үеэрээ Ерөнхийлөгч 2004 онд хугацаа дууссан довтолгооны зэвсэгт хоригийг сэргээх асуудлыг дэмжиж буйг илэрхийлжээ. Галт зэвсэг эзэмших эрхийг олон жил хамгаалж ирсэн Жо Манчины хувьд өөрөө буу эзэмшдэг, ойр ойрхон авд морддог нэгэн боловч  өнгөрсөн даваа  гаригт "MSNBC" телевизэд ярилцлага өгөхдөө галт зэвсгийн хяналтын асуудалд бодитой алхам хийх цаг нь болсон, бүгд ширээнд сууж нухацтай хэлэлцэх хэрэгтэй байна гэж бусдыгаа уриалав. Калифорнийн сенатч Даиана Фэйнштэйн Конрессийн дараагийн чуулган эхлэнгүүт галт зэвсэг эзэмших хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгдсэн бол   Нью-Йорк хотын дарга Майкл Блүүмберг Ерөнхийлөгч Барак Обама болон Конгрессыг энэ асуудлаар хэд хэдэн чанга хатуу хууль батлахыг уриалсан байна.

АНУ-ын хувьд галт зэвсэг эзэмших хамгийн таатай хууль эрхзүйн орчинтой орны нэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг өсч буйтай холбоотойгоор шүүмжлэл тасрахгүй байгаа юм. Дэлхийн, ялангуяа Европын хэвлэлүүдээр АНУ-ын эрх баригчдыг галт зэвсгийн хяналтын хуулиа чангатгах хэрэгтэй хэмээн уриалж байна. Олонхи нь 16 жилийн өмнөх Их Британи, Австралийн жишээнээс суралцах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Тухайн үед Их Британи, Австралид ойролцоо хугацаанд галт зэвсгээр олон хүнийг хөнөөсөн сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарч, ард түмний уур бухимдал, шахалт шаардлагаар хоёр улсын эрх баригчид хуулиа чангатгасан байна. Арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэдгийг шийдвэр гаргагчид, шинжээчдийн аль аль нь баталдаг аж.

Зөвхөн энэ он гарснаас хойш л гэхэд дээрхтэй ижил арав гаруй гэмт хэрэг гарч 100 гаруй хүний аминд хүрчээ. Гэсэн ч АНУ-ын эрх баригчид галт зэвсгийн хяналтын хуульдаа "гар хүрч" чадахгүй тойрсоор байгаа аж.

Энэ удаагийн аймшигт хэргийн хохирогчдоос хамгийн түрүүнд зургаан настай Ноа Познер, Жек Пинто нарыг

Нас барагсдын дурсгалыг хүндэтгэж лаа асаав

хамгийн түрүүнд нутаглуулсан бөгөөд хот даяар гашуудлаа илэрхийлэн Зул сарын баярын чимэглэлүүдээ хураажээ. Мөн 20 хүүхдэд зориулан тэдний тоогоор модон тэнгэрийн илч урлаж сургуулийнх нь ойролцоо байрлуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн дараа

түр хугацаагаар хаалгаа барьсан Ньютауны сургуулиуд өчигдрөөс хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол Сэнди Хүүкийн бага сургуулийн хувьд хэсэгтээ хаалттай хэвээр байх юм байна.

ОХУ-ын Ерөнхий сайд галт зэвсэг эзэмших эрхийн тухай хуулийг эсэргүүцэв

АНУ-ын Ньютаун хотод гарсан хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев галт зэвсгийн эзэмшлийг хуульчлахын эсрэг байр сууриа дахин илэрхийлсэн байна. Тэрээр "Энэ бол аймшигтай эмгэнэл. Хэмжээлж баршгүй гарз хохирол. Би хувьдаа галт зэвсэг эзэмших эрхийг чөлөөлөхийг бүрэн эсэргүүцэж байна" гэж "Facebоок" хуудастаа бичжээ. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн энэ сарын эхээр томоохон телевизүүдэд өгсөн ярилцлагадаа галт зэвсгийг хуульчлахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, "Галт зэвсэг эзэмшихийг Америкуудын уламжлал, хууль, улс төрийн соёлын нэг хэсэг гэж үздэг АНУ-д зэвсгийн зүй бус, гэмт хэргийн шинжтэй хэрэглээнээс болж олон хүний амь эрсдэж байгаа. Бид энэ замаар явах ёсгүй гэж бодож байна" гэж ярьжээ. 2010 онд Дмитрий Медведев ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа галт зэвсгийн хэрэглээний хяналтыг чангаруулжээ.

Харин буу эзэмших эрхийг дэмжигчид түүний санаачилсан хуулийн улмаас гэмт хэрэг харин ч өссөн гээд оросууд гэмт хэрэгтнээс амь насаа хамгаалах буу эзэмших эрхтэй байх хэрэгтэй хэмээн уриалаад байгаа аж.