2012.12.05

Суран боолттой нугалбараас цахим архив хүртэл

Өнгөрсөн жил буюу 2011 он Монголын түүхэнд онцгой тэмдэглэлт жил байлаа. Үндэсний тусгаар тогтнолоо олж, Богд хаант Монгол Улс байгуулагдсаны 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиоход бүхий л албан байгууллагын түүхт тэгш ой давхцаж, энэ тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан ном, кино, нэвтрүүлэг, танилцуулга, үзэсгэлэн, зургийн цомог, ер юу эсийг хийсэн билээ.

Байгууллага болгон ойр, холын хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн тулгуур баримт бүхий үүх түүхээрээ бахархаж, ойгоо нүүр бардам тэмдэглэсэн нь мэдээж.

Өндөр настны тэтгэврээ тогтоолгох, хэлмэгдсэн өвөг дээдэс, ахан дүүсийнхээ нэрийг цагаатгах, алдагдсан, гэмтсэн, сураггүй болсон бичиг баримт, үүх түүхээ архиваас олж аваагүй хэн байх билээ. Гагцхүү үр шимийг нь хүртсэн хүн л архивын үнэ цэнийг мэдэх билээ. Чингэвэл бидний хэрэгцээ болсон орчин үеийн архив тулгын чулуугаа тавьсны 85 жилийн ой тохиож буй энэ үед Монголын архив ямархан замыг туулж ирсэн архивын архивыг сурвалжилсан тэмдэглэлээ уншигч танаа өргөн барья.

1674 оноос эдүгээг хүртэлх Манжийн үеийн (1674-1911), Богд хаант Монгол Улсын үеийн (1911- 1921), 1921 оноос өнөөг хүртэл, МАНын баримт (1921-1990) зэрэг түүхийн гурван үеийг хамаарсан цаасан суурьтай (бичвэрийн), кино, гэрэл зураг, дуу авианы баримт хадгалж байна.

Архив гэдэг “Бүх ард түмний бичгийн соёлын өв” гэдэг томъёололд багтдаг аж. Тухайн ард түмний улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын үйл явцад үүссэн бичиг баримт, түүнтэй холбогдох гэрэл зургийг Архивын тухай хуульд заасанчлан... Хүлээн авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг бүхий байгууллага, нэгжийг архив гэж нэрлэдэг. Энэ ч утгаараа архив бол үндэсний тусгаар тогтнолын гол суурь бөгөөд архив, түүх хоёр нэг зоосны хоёр тал билээ.

Тухайн улсын архивын сан хөмрөг хэдий чинээ баялаг байна тэрхүү ард түмний түүх төдий чинээ бүрэн бүтэн байна гэсэн үг. Манай улс хэдийгээр төсвийн хөрөнгөөр бага, хүн хүчний хүрэлцээ тааруу ч Монголын төр, засаг орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн БНСУ-ын архивын барилгатай эн зэрэгцэхүйц барилга барьж байна.

1998 онд Архивын тухай хууль батлагдаж, 2006 онд Монгол Улсын Засгийн Газраас Төрийн архив, албан хэргийн хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр баталж, хэрэг жүүлж эхэлснээс гадна шинэ менежментийг архивтаа нэвтрүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаа аж.

Урьд нь гадаадынхан монголчуудыг нүүдэлчин учраас баримтаа цуглуулж чадаагүй гэж үздэг, 1990 оноос өмнө манай архив харьцангуй хаалттай байснаас манайхыг бараг архивгүй орон гэдэг байсан.

Харин 1990 оноос хойш архив хөгжсөн орны мэргэжилтнүүд манай архивыг үзээд гайхан биширч, “ард иргэд, төрийнхөө түүх, соёлыг ингэж хадгалж ирсэн улсыг анх удаа үзлээ” хэмээн шагширч, тэр ч бүү хэл, дэлхийд кино, гэрэл зураг, дуу авианы бие даасан архивтай цөөхөн орны нэг болох монголчууд архивын өв соёлоороо бахархаж явахаас аргагүй гэдгийг Архивын Ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар ярьсан юм. Энэ бүхэн Онходын Жамъяан, Жамсрангийн Цэвээн нараас эхлээд Монголын сүүлийн үеийн гурван төрд зүтгэж ирсэн архивчдын гавьяа юм. 1921-1940 он хүртэлх хориод жилийн хугацаанд Францын жишээг дагаж, Монголын өнцөг булан бүрээс сүм хийд, орон нутгийн байгууллага, хувь хүмүүсээс бичиг баримтыг Нийслэлд татан төвлөрүүлсэн аж.

Эзэн Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, “Төрийн хэргийг цагаан цаасан дээр хөх бэхээр эрхлэн хөтөлж, ургийн урагт хүргэсүгэй” хэмээн зарлиг буулгасан ч феодалын бутрал, дайн тулаан, нүүдлийн амьдралын хэв маяг, их гүрний нийслэл харь улсад олон жил шилжсэн зэргээс шалтгаалан XIII-XYII зууны үеийн Монголын түүхэнд холбогдох баримтууд эх орондоо хоцорч үлдээгүй нь гашуун үнэн буй.

Гэвч дайн дажны гал намжиж, хөл хөдөлгөөн тогтворжиж эхэлсэн 1674 оноос хойш төрийн бичиг баримт эмх цэгцтэй үйлдэгдэж, 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаар Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, төрийн албан хэргийг на рийн чанд хөтөлж эхэлснээс гадна 1921 онд Ардын Засгийн газраас Монголын түүхэнд холбогдох төрлийн бүхий л сурвалж бичиг, ном судар, данс харааг төвлөрүүлж эхэлсэн нь архивын хэргийг шинээр үүсгэн байгуулах, архивын нэгдсэн сан хөмрөг үүсэх нөхцөл бүрдсэн юм.

Тиймээс 1927 оны арванхоёрдугаар сард Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд тусгай архив хариуцсан орон тооны хүн ажиллуулж, Монголын архив хөгжлийнхөө үндсийг тавьжээ. 1958 онд орон нутагт аймгийн архивын албад байгуулж, зарим салбар архивын үндэс тавигдсан нь хөгжилтэй орнуудын сонирхлыг татаж байгаад бахдууштай санагдана.

Богдын их ордон, Мэгжид Жанрайсиг шүтээнийг Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон бүтээсэн түүхтэй. Бэлгэ дэмбэрэлээрээ ч гэх үү Монголын тусгаар тогтнолын үнэт өв болсон архивын баримт бичгийг аймаг хошууд, албан байгууллага хувь хүмүүсээс цуглуулахдаа Богдын ногоон ордон, Мэгжид Жанрайсигт орчин үеийн архивын барилга ашиглалтад орох хүртэл хадгалсан байдаг. Шалнаас нь оройг нь хүртэл хураасан аймаг, хошуудын бичиг баримт шувууны сангасаг, тоос шороонд дарагдсан ч түүхийн хуудасны тоосыг сэгсэрч, ангилан ялгаж, сэлбэн засаж, эрдэм шинжилгээний эмхлэн цэгцлэлт хийж, 1674 оноос эдүгээг хүртэлх Манжийн үеийн (1674-1911), Богд хаант Монгол Улсын үеийн (1911- 1921), 1921 оноос өнөөг хүртэл, МАНын баримт (1921-1990) зэрэг түүхийн гурван үеийг хамаарсан цаасан суурьтай (бичвэрийн), кино, гэрэл зураг, дуу авианы баримт хадгалж байна.

Үндэсний төв архивын сан хөмрөгөөс Монгол Улсын түүхэнд холбогдох олон нийтийн хүртээл болоогүй баримтыг илрүүлж, эмхлэн гаргаснаас жишээлэхэд сүүлийн хоёр жилд “Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн Хаант Орос улсад 1913-1914 онд хийсэн айлчлал”, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, “Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам”, “Дамбийжанцан” зэрэг 20 гаруй эмхтгэл, ном гаргаж дотоод, гадаадын эрдэмтэд судлаачид, уншигчдын хүртээл болгосон юм. 2002 оноос эхлэн улирал тутам гарч байгаа “Кему” сэтгүүлдээ архив, албан хэрэг хөтлөлтийн арга зүй, архивын баримтад тулгуурласан судалгааны өгүүлэл, салбарын үйл явдлын талаарх мэдээллийг нийтэлж байна. Архивын баримтыг үзэж судлахыг хүссэн эрдэмтэн судлаачид, оюутан, дотоод, гадаадын иргэд Үндэсний төв архивын уншлагын танхимаар үйлчлүүлдэг. Түүхт ой болон тодорхой арга хэмжээнд зориулсан үзэсгэлэнгийн танхимтай бөгөөд бусад байгууллага архивтай хамтран нүүдлийн болон суурин хэлбэрээр дотоод, гадаадад үзэсгэлэнг тогтмол зохион байгуулах болжээ.

Эдүгээ НҮБ-ын дараа орох гишүүнчлэлтэй, 1951 онд байгуулагдсан Олон улсын архивын зөвлөлийн (ICA-д 1991 онд) А зэрэглэлийн гишүүн, Олон улсын архивын зөвлөлийн Зүүн хойт Азийн салбар зөвлөлийн тэргүүлэх зэрэглэлийн гишүүн (EASTICA-д 1993 онд), Евразийн Архивын холбооны ажиглагч-гишүүн, (EURASICA-д 2006 онд), Олон улсын Кино архивын холбооны гишүүн (FIAF-д 2005 онд)- ээр элссэн гээд олон улсын томоохон байгууллагын хүндтэй гишүүн болтлоо өсөн дэгжсэн байна. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ-ын архивуудтай хамтран ажиллаж иржээ.

Ийнхүү Монголын архив суранд боолттой нугал бараас цахим архив хүртэлх урт замыг туулж, Монголын архивчид Түүхийн үнэнийг түргэн шуурхай хүргэнэ хэмээх уриагаа чин хүслээ биелүүлэн, үндэсний бахархал болсон их өв соёлоороо дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрийг мөнхөлж яваа билээ.