Хамгийн утгагүй хөшөө дурсгалыг металлын цэгт тушаахыг хүсч байна
Үүний нэг жишээ бол 86 настай, Сенегалын Ерөнхийлөгч асан Абдулай Вад юм. Тэрбээр энэ онд гурав дахиа төрийн тэргүүн болох гэж оролдоод дийлээгүй билээ. Вадыг төрийн тэргүүнээр ажиллах үед Сенегал улсад авлига, хээл хахууль цэцэглэж, танил талаа өөд нь татдаг, төсвийн мөнгийг ашиггүй зүйлд зарцуулдаг үзэгдэл газар авчээ.
Тэрбээр аварга том хөшөөнд дурладаг байсных уу, ямартай ч төсвийн мөнгөөрөө Африкийн сэргэн мандалтын хөшөө гэгчийг байгуулсан түүхтэй.
Абдулай уут дүүрэн доллар дээр суучихаад ядуу төрөөд, гуйланчлалд амиа тавьдаг ард түмэндээ хэрхэн туслах талаар бодож л дээ. Гэтэл бодож, бодож, нэг арга олсон юмсанж. Түүний үзсэнээр Африкийн ард түмэн ядуу буурай байгаад цагаан арьстнууд, тэдэн дундаа америкчууд буруутай болж таарчээ. Ингээд Ерөнхийлөгч Вад Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ч том байгууламжийг Дакар хотод бүтээхээр шийдсэн байна.
Манай гарагийн хамгийн баруун хэсгийн лалын шашинт орны хөгшин Ерөнхийлөгч энэхүү агуу санаагаа хэрэгжүүлэхийн тулд учир утгагүй хөшөө дурсгал хийдгээрээ мэргэшсэн хүмүүсийг урьжээ. Тэр уригдсан хүмүүс нь Хойд Солонгосын коммунист мэргэжилтнүүд юм байна. Мэдээж “Африкийн сэргэн мандалтын хөшөө”-ний зохиогчоор нутгийнх нь иргэн буюу Сенегалын архитектор Пьер Гоудиаби ажиллажээ. Тэрбээр Вадын хүсэлтийг бодолцон үзэж, “Либертийн мисс”-ээс (Эрх чөлөөний хөшөө) хэдэн метрээр өндөр хөшөө бодож олсон байна.
Ингээд хөшөөний барилгын ажилд 27 сая ам.доллар зарцуулжээ. Гэтэл Сенегал улсын нэг хүнд ногдох ДНБ нь ердөө л мянган бакс байдаг аж. Эдгээр мөнгөний 35 хувь нь өнөөх Ерөнхийлөгчийн халаасанд орсон гэлцдэг юм билээ.
Дэлхийн хамгийн том, өндөр (Египетийн пирамидыг тооцохгүйгээр) энэхүү хүрэл хөшөө нь Африкийн хамгийн баруун цэгт сүндэрлэсэн түүхтэй. Уг хөшөөг 2010 оны дөрөвдүгээр сард, Сенегал улс Францын империалист улсаас салан тусгаарласны 50 жилийн ойд зориулан нээсэн байна. Хөшөөний нээлтийн ажиллагаанд ч бас хэдэн сая ам.доллар зарцуулсан гэлцдэг.
Харамсалтай нь Африкийн “суут сэргэн мандуулагч”-ийн бодож олсон энэхүү утгагүй, тэнэг хөшөө ард иргэдийнх нь дургүйцлийг төрүүлсэн юм. Зарим нь хэрэггүй зүйлд мөнгө цацлаа хэмээн дургүйцэж байхад нөгөө хэсэг нь баримлын хүмүүсийг лалын хэв маягаар хувцасласангүй хэмээн ундууцжээ. Ингээд 2010 оны хавар Дакар хотын мянга мянган иргэн гудамжинд гарч, муухай хөшөө барьсан, эндээс сталинизм үнэртэж байна хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Аварга том металл хөшөөний дэргэд аж төрдөг африкчууд төрийн “хайр халамж”-аа байнга л мэдэрдэг бололтой. Тэдний ихэнх нь тог цахилгаангүй нөхцөлд аж төрдөг бөгөөд хоол хүнсний үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж, заримдаа ундны усгүй болдог аж. Ийнхүү “сэргэн мандаж буй” сенегалчууд бахь байдгаараа, орон гэргүй хэвээрээ үлджээ.
Тэд энэхүү хөшөөгөө нүд үзүүрлэсэндээ хэсэгчилж хуваагаад, хаягдал металлд тушаахыг хүсдэг байна. Харин мөнгөөр нь хоол хүнс авахыг хүсч буй юм.